Categories
мэдээ цаг-үе

Т.АРИУНАА: Өнгөрсөн 10 жилийн хугацаанд ард түмнийхээ дунд байлаа

Монгол Улсын гавьяат жүжигчин, НҮБ-ын хүүхдийн элч дуучин Т.Ариунаа “Тэнгэр шиг бай” тоглолтоо ирэх сарын 8-нд “Буянт-Ухаа” спортын ордонд хийх гэж байгаа билээ. Тэрээр өчигдөр уг тоглолтынхоо хэвлэлийн бага хурлыг хийсэн юм. Тэрээр хурлын эхэнд “Бүх юм тэнгэрийн цаг хугацаатай, тогтсон мөчтэй байдаг гэж боддог. Үхэх хийгээд төрөх цаг хугацаа, тариалан хийгээд тарьснаа хураах цаг хугацаа, дуугүй байх хийгээд ярих цаг хугацаа, дайтах хийгээд найрамдах цаг хугацаа. Энэ бүх юм өөрийн цаг хугацаатай гэж боддог. Магадгүй “Тэнгэр шиг бай” тоглолт маань тэр цаг хугацааг хүлээсэн гэж боддог. Хүмүүс амьдралын баяр баясгалан, гэрэл гэгээ, сайн сайхныг үргэлж хайж байдаг.

Энэ эрэл хайгуул оюун санааны гадаад ертөнц рүү чиглэсэн дотоод ертөнц рүү чиглэсэн гэсэн хоёр эрэл хайгуултай байдаг. Өнгөрсөн хугацаа бол миний хувьд, дотоод руугаа хийсэн дотоодоосоо ялж гарах, өөрийгөө өөртөө нээх, өөрийгөө бусдад нээх, бусдыг өөртөө нээх ийм он жилүүд байсан юм. Төр нийгмийн зүтгэлтэн, нэрт яруу найрагч О.Дашбалбар агсан “Тэнгэр шиг бай” шүлгээ 12 насандаа Энэтхэг оронд сурахаар зорьсон хүү Д.Гангабаатартаа бичсэн захидалдаа хавсаргасан байдаг. Тэр үед хүүд нь энэ шүлгийн мөр бүр хань болсон байдаг. Өдгөө монгол хүн бүрт урам зориг, эрч хүч хайрласан, хүн бүрт зориулагдсан хүмүүний зүрх сэтгэлийг асаасан шүлэг болтлоо бидний зүрх сэтгэлд мөнхрөн үлджээ.

Анх “Тэнгэр шиг бай” шүлгийг нэгэн эмэгтэй уншиж байхыг сонсоод яагаад дуу болгож болохгүй гэж хэмээн бодсон. Тэгээд 2011 онд хөгжмийн зохиолчидтой уулзаж нэлээд олон газраар явсан. Түүний дотроос Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Бямбабаярт энэ шүлгийг дуу болгох саналыг өгч захиалж байсан. Долоон жилийн хугацаанд энэ “Тэнгэр шиг бай” гэдэг үг өглөө болгон намайг эцгийн сургаал мэт сургаж, ташуур болсон энэ үг хүч өгч, сэтгэлийн тэнхээ хат өгч, өөрийгөө дотроосоо өдөр болгон ялах ёстой юм байна гэдгийг ухааруулсан. Тиймээс энэ шүлэг олон хүний зүрх сэтгэлийг асаасан дуу болоосой гэдэг дээр илүү их анхаарсан. Уран бүтээлийн минь аав шиг, ээж шиг минь байдаг үе, үеийн фенүүддээ, сонсогчдодоо чин сэтгэлээсээ талархлаа илэрхийлье. Та наргүйгээр би хэн ч биш байх байсан. Та нар байсан учраас би энд оршиж байгаа юм. Бүгдээрээ тэнгэр шиг бай” гэсэн юм.

Тэрээр хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-Та тоглолт хийгээгүй их удсан шүү. Арван жилийн дараа тоглох гэж байна. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Хариуцлагыг маш их мэдэрч байна. Уран бүтээлч хүмүүсийн хувьд тоглолтоо яаж тултал нь сайн хийх вэ гэдэг дээр л шаналдаг. Энэ бол уран бүтээлч хүний хамгийн том шаналан байдаг. Тоглолтын дараа үзэгчдийн нүднээс, тэдний халуун алга ташилтаас бидний хүргэх гэж буй зүйл хэрхэн хүрч чадсан байна вэ гэдэг нь мэдрэгдэнэ дээ.

-Уран бүтээлч хүний хамгийн том хүлээлт бол тоглолт, цомог, уран бүтээлээ төрүүлэх үйл явц, түүнийгээ үзэгчиддээ хүргэх цаг мөч байдаг…

Бүх юм өөрийн цаг хугацаатай, тогтоосон мөчтэй. Энэ тоглолт маань өөрийн цаг хугацаандаа, цаг мөчид тоглогдож байгаа гэж боддог. Аливаа уран бүтээл өөрийн амин чанартай байдаг. Харин “Тэнгэр шиг бай” шүлгийн амин чанар дэндүү том босготой байсан учраас магадгүй уран бүтээл маань бидний амьдралын үйл явц, өөрийгөө нээх, сэтгэлийн хат гэдэг зүйлийг өөртөө бий болгох он жилүүд байсан учраас тодорхой цаг хугацааг туулсан юм болов уу. Урлагийг соён гэгээрүүлэх шинжлэх ухаан гэж үзэх юм бол ихэнх нь хүмүүсийг цэнгэн хөгжүүлэх нь нэгдүгээрт явдаг болов уу гэж уран бүтээлч хүний хувьд боддог. Өнөөдөр соёлын үрийг тарьж байгаа уран бүтээлчид соён гэгээрүүлэх урлагаа нэгдүгээрт тавих ёстой. Энэ тоглолтоороо эцэг нь хүүдээ өгсөн хатуу сургаал, ташуур өгч байгаа тэр үгийг олон хүн энэ дуугаар дамжуулан нэгийг ухаарч, урам зориг, эрч хүчийг аваасай гэж хүсч байна. Миний гурван үеийн үзэгч болох үе, үеийн шүтэн бишрэгч сонсогчдодоо, дуутай минь хамт байсан бүх хүмүүс заавал ирж үзээрэй гэж хэлмээр байна.

-Та сая хурлын үеэр “Branding” гэж ярьсан, Т.Ариунаа гэх өөрийн гэсэн брэндийг бий болгож гэж ойлголоо?

-Манай маркетингийн албанд ажиллаж байгаа залуучууд маань тоглолтын үеэр ийм брэндийг гаргах талаар ярилцаж байгаа. Гэхдээ Т.Ариунаа гэсэн брэнд одоохондоо гараагүй байна. Үүнийг Монголдоо гаргахын тулд хэрхэх талаар дэлхийн чиг хандлагыг маш сайн судалж байгаа. Зүгээр нэг футболк гаргаад зарчих биш зүгээр нэг чихэр гаргаад зарах бус цаанаа нэг утга агуулгатай байх ёстой гэж бодож байна. Миний нэг өмнөд монгол фен “Талын монгол айл” гэдэг нэртэй брэнд гаргаж болох уу гэсэн саналыг тавьсан. Өмнөд Монголд “Талын монгол айл” дууг сайн мэддэг учраас энэ нэрээ битгий хаяарай, энэ бол заавал брэнд болж гарах ёстой юм шүү гэж хэлж байсан.

-“Тэнгэр шиг бай” тоглолт төдийгүй төслийн хэмжээний далайцтай ажил бололтой?

-Бидэнд хэл, соёлын тусгаар тогтнол маш чухал. Өнөөгийн залуучууд, идэр насанд хүрсэн бидний уран бүтээлчид хэл, соёлоо хадгалж, хамгаалж үлдэх тал дээр илүү анхаарах ёстой. “Тэнгэр шиг бай” төслийн хүрээнд энэ чиглэлийн дагуу залуучуудтай уулзах ажлуудыг хийхээр төлөвлөж байгаа. Цаашид энэ тоглолтоор хязгаарлагдахгүй төсөл маань үргэлжлэх болно. Тэрийг тухайн үед нь хэлэх болно.

-Та Хүүхдийн сангийн элч дуучин шүү дээ. Шахмал түлшний асуудлаас болж ойрын хугацаанд маш олон хүүхэд амиа алдсан. Таны хувьд энэ тал дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-Шахмал түлшний мэдээллийг үзсэн. Монголчуудын өөрсдийн хийсэн түлш байна лээ. Гэхдээ хүний амь эрсдэнэ гэдэг төрийн үйл ажиллагаа, тогтолцоо нь ямар байна вэ гэдгийг харуулж байгаа юм. Хүүхдийн сангийн элч дуучны хувьд энэ жил НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвенц батлагдсаны 30 жилийн ой болно. Энэ хүрээнд хийх ажил их байгаа. Түлшний асуудлаар хүн бүр бухимдалтай байгаа ч энэ бол ганцхан хувь хүнтэй хийх ажил биш, урьдчилан сэргийлэх, анхаарах тал дээр төр нь анхаарах ёстой байх.

-Та дуугаа зохиогчийн эрхээр хамгаалуулдаг. Уг нь дууг тань залуу уран бүтээлчид дуулаад нийтэд түгээж байвал зүгээр биш үү. Дуугаа бусадтайгаа хуваалцаад явдаг уран бүтээлчид бий шүү дээ?

-Хамтарч дуулах санал тавьдаг хүмүүс бий. Зөндөө олон дуулагдаагүй дуунууд байна. Залуу дуучдаар дуулуулах юмсан гэж боддог. Гэхдээ зохиогчийн эрхийн дагуу зөвшөөрлөө авах юм бол болохгүй зүйл байхгүй.

-“Тэнгэр шиг бай” академийнхаа талаар сонирхуулбал?

-“Тэнгэр шиг бай” академи нь залуу уран бүтээлчдийг дэмжих, тэднийг олонд таниулах, гадны зах зээлд бэлдэх тал дээр ажиллана гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Залуу уран бүтээлчдээ гадны зах зээл рүү түлхэн оруулах юмсан гэсэн миний нэг хүсэл байдаг. Бидний уран бүтээлчид залуу үеэ дэмжих ажилд ханцуй шамлан орох ёстой. Гэхдээ ганцхан дуулаач тал дээр бус бүх талаар нь бэлдэх хэрэгтэй.

-Тантай “Тусгаар тогтнол” дууг хамтарч дуулах дуучин тодорхой болсон уу?

-Тэр одоохондоо тодорхой болоогүй байна. Шарав агсны захисны дагуу хүнтэй хамтарч дуулах ёстой гэдгийг ярилцаж байгаа. Дуучнаа сонгочихоод тоглолт дээрээ бэлэг болгож гаргаж ирнэ.

-Арван жилийн өмнөх “Гайхамшигт үдэш”-ийн Т.Ариунаа, арван жилийн дараахь “Тэнгэр шиг бай”-гийн Т.Ариунаа хоёрын хооронд ямар ялгаа гарсан бэ?

-Амьдралын үнэнийг илүү ойроос харах болсон. Ард түмнийхээ дунд илүү их байлаа. Тэдний жаргал, зовлонг сонсож явсан. Дуучин Т.Ариунаа амьдралд ялагдаж үзсэн. Ялалт гэдэг зүйлийг ялалтын буухиагаар төсөөлж болохгүй. Амьдралд буулт хийснээр, арай ойроос харснаар ухааждаг юм болов уу. Ухамсрын түвшинд буюу цаад дүрдээ хүн ордог. Өөрөө өөртэйгөө байх, сайн мууг ялгах ухааныг ойлгож авсан.

“Тэнгэр шиг бай” дуу маань олон удаа унаж босч, амьдралдаа олон зүйлийг туулсан хүмүүст зориулагдаагүй. Амьдрал уналт, сүйрэл, аврал гэсэн гурван процесоор явагддаг. Унахад унаад доошоо орчихгүй, сүйрлээ гээд сүйрээд уначихгүй шиг аврал байдаг юм байна. Энэ нь дотор хүндээ л байдаг юм байна. Үүний цаана яаж ялж гарах вэ гэдгийг хүн бодох ёстой гэдгийг ойлгож авсан даа.

Д.САРУУЛ

Д.ОТГОНТУЯА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *