Сүүлийн 20 жил дэлхийн хүн амын дундаж наслалт дунджаар зургаан жилээр нэмэгдсэн хэдий ч халдварт бус өвчнөөс шалтгаалсан нас баралт мөн өссөн гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Ерөнхий захирлын туслах Самира Асма мэдэгджээ.
Сүүлийн хорин жилд хүний дундаж наслалт 67-оос 73 жил болж уртассан. Энэ хугацаанд халдварт бус өвчлөл нас баралтын үндсэн шалтгаан болсон ба 10 хүн тутмын долоо нь ийм шалтгаанаар хорвоог орхисон байна. Зүрх судасны өвчний улмаас нас барсан хүмүүсийн тоо долоон саяас есөн сая болж өсжээ. Ингэхдээ үхэлд хүргэж буй халдварт бус гол 10 өвчний тоонд Альцгеймер болон тэнэгрэх өвчний бусад төрлүүд багтсан байна. Энэхүү жагсаалтын гуравт орсон Альцгеймер өвчний улмаас эмэгтэйчүүд (63 хувь) илүү нас баржээ.
Өнгөрсөн хугацаанд сүрьеэ, ХДХВ өвчний нөхцөл байдал сайжирсан нь улс орнууд эдгээр өвчинтэй тэмцэх чиглэлээр үр дүнтэй арга хэмжээ авч байгаатай холбоотой гэнэ. Эдгээр өвчний улмаас бага орлоготой улс орнуудад илүү олон хүн нас бардаг байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага сүүлийн 20 жилд нас баралтын үндсэн шалтгааныг тогтоох зорилгоор явуулсан судалгаанд 183 орон хамрагджээ. Ингэхдээ 160 гаруй төрлийн өвчин эмгэг, эдгээрийн хүн амын наслалтад үзүүлж буй нөлөөллийг судалсан байна. Гэхдээ энэ судалгаанд “КОВИД-19” өвчнийг хамруулаагүй хэдий ч 2021 онд ДЭМБ 1.5 сая хүний амийг авч одсон “КОВИД-19” халдварт өвчний дэлхийн хүн амын нас баралтад шууд болон дам нөлөөллийн талаарх судалгааг гаргахаар төлөвлөжээ.