Categories
мэдээ цаг-үе

Сүүлчийн пионеруудаас тодорсон гоц авьяастнууд

Монгол Улс зах зээлд шилжээд удаагүй, боловсролын тогтолцоонд олон шинэ туршилт хийгдэж байсан 1995 оны намар Сүхбаатар аймгийн нэгдүгээр арван жилд “Гоц авьяастан”-ы гэсэн сүрхий нэртэй, шалгуур өндөртэй нэгэн ангийг нээж байжээ. Ахлах ангид элсэн суралцахаар ирсэн аймаг, сумдын сурагчдаас бүх төрлийн хичээлээр шалгалт авч, хамгийн өндөр оноотой 41 сурагчийг нэгтгэж гоц авьяастнуудын 10Ё ангид нэгтгэсэн байна. Анги даасан багш нь сургуулиа дөнгөж төгсч ирсэн, хэл уранзохиолын багш Б.Туул. Шаардлага өндөртэй, залуу сайхан багшдаа ангийн хөвгүүд нь дурлаж явсан ч удаатай гэнэ.

10Ё ангийн сурагчид математик, хими, монгол хэл, нийгмийн ухаан, гадаад хэлний таван сонгонд хуваагдаж долоо хоногт нэг удаа тухайн хичээлийг таваас зургаан цаг судалдаг байжээ. Тиймдээ ч эдний ангийнхан дээрх хичээлүүдээр аймгийн олимпиадад байнга түрүүлж, улсын олимпиадад орон нутгаа төлөөлж оролцдог, тогтмол амжилт гаргадаг байв.Тухайлбал, химийн улсын олимпиадад Г.Батчимэг мөнгө, хүрэл, биологийн олимпиадад О.Мөнх-Ундраа тавдугаар байр, ангийн дарга Б.Ууганцэцэг есдүгээр ангид байхдаа аравдугаар ангийн газарзүйн улсын олимпиадад оролцож байсан зэргээс харж болно.

Ангийн багш Б.Туул нь “Манай анги тухайн үед сургуулийн хамгийн тохижилт сайтай анги байсан бөгөөд дуу хөгжмийн кабинет болгон тохижуулсан, төгөлдөр хууртай анги байсан. Гэхдээ хичээлийн завсарлагаанаар нэг ч хүүхэд босч хөгжимд гар хүрдэггүй, ялаа ниссэн ч дуулдахаар чимээгүй суудаг, хичээлдээ дуртай сурагчид байсан. Миний анхны шавь нар аравдугаар ангиа төгсч, конкурс өгөхөд ихэнх нь дээгүүр оноотой жагсаж, бараг бүгд их дээд сургуульд элсэж, сонгосон хичээл, эзэмшсэн мэргэжилдээ эзэн болж явна” гэж шавь нараараа бахархаж байсан удаатай гэнэ.

Монгол хэлний хичээлийг Б.Туул багшийнхаа удирдлага дор сонгон судалж байсан Н.Эрдэнэсувд “Бид багшаасаа их эмээдэг, хичээл хийхээс өөр зүйлд анхаарал хандуулдаггүй одоо бодоход нэлээн эрдмийн мөр хөөсөн, сахилга баттай, төлөв даруу, хүмүүжилтэй, лидер хүүхдүүд байсан. Мөн хичээл ордог багш нар маань тухайн үеийн шилдгүүд байсан бөгөөд гавьяат багш Адилбиш хими, Алтангадас одонт Жамьянчанрав багш физик, Алтангадас одонт Жаргалсайхан багш нийгэм, математикийн багш Боловсролын тэргүүний ажилтан М. Эрдэнэ математик, биологийн Шүрэнчимэг багш гэх мэт мундаг туршлагатай, тэргүүний багш нараар хичээл заалгадаг байлаа. Ийм мундаг багш нараас номын дуу сонсож байсны хүчинд бид өдий зэрэгтэй явна” гэж талархан дурсаж байлаа.

Гоц авьяастнуудад хамгийн тод дурсамж үлдээсэн багш нарын нэг бол математикийн М.Эрдэнэ багш. Энэ тухай химийн сонгоны Д.Мөнхцацрал ярихдаа “Эрдэнээ багш математикийн сонгоны сурагчдыг их дэглэнэ. Математикийн сонгоны С.Ундрах бид хоёр хамт суудаг байлаа. Нэг удаа Ундрах математикийн шалгалтаа бүгдийг нь зөв бодчихоод байхад багш дэвтэр дээр нь “2” тавьчихсан байсан. Ундрах шартай охин байсан болохоор уурлаж тэр дүнг дөнгөж арилгаад байтал багш арай том “2” дахиад тавьчихдаг юм байна. Миний инээд хүрээд байлаа. Ундрахыг ахиад арилгатал багш дэвтэр дүүрэн “2” тавьсан. Тэгээд багшийг гарсны дараа журнал очиж үзтэл “5” тавьсан байж билээ” гэж дурссан юм. С.Ундрах өнөөдөр Сүхбаатар аймгийн ЗДТГазрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын хэлтэст мэргэжилтнээр ажиллаж байгаа аж.

М.Эрдэнэ багш хүнийг загнаж, чангалдаг шигээ магтаж, урамшуулж чаддаг багш байсан гэж математикийн сонгоны Ч.Буянтогтох ярьж байлаа. Тэрбээр Баяндэлгэр сумаас есдүгээр ангид шилжин ирээд эхний улиралд математикийн хичээлд муу дүн авч байсан гэнэ. Тэр үед М.Эрдэнэ багш түүнийг самбарын өмнө гарган загнаж байжээ. Харин хоёрдугаар улиралд Ч.Буянтогтох хичээлдээ мэрийсээр онц авахад дахин самбарын өмнө гаргаж магтсан гэв. Мөн тэрбээр цааш нь “М.Эрдэнэ багш дандаа “цусаар урс” гэж хэлдэг. Түүнийг нь манай ангийнхан шоолсоор байгаад хэллэг болчихсон байв. Нэг удаа багш намайг “Буянтогтох оо, энэ тоог ингэж бодохгүй ээ” гэхэд нь би “өө цусаар урс” гэж хэлээд маш их загнуулж билээ” гэсэн юм.

Авьяастнуудын анги хөдөөний хүүхэд олонтой байжээ. Тэдний дунд морь маланд нугасгүй дуртай Асгат, Наран сумын хоёр банди үй зайгүй нөхөрлөнө. С.Анужин, Э.Эрдэнэбилэг хоёр хичээл завсарлахаар л арын ширээнд суугаад хоёулаа морь ярьчихдаг байсан гэнэ. Өдгөө хоёулаа аймгийн алдарт уяач болцгоосон байна.

10Ё ангид өөр өөрийн онцлогтой олон содон хүүхэд байсны нэг нь “хүүхэн Сэлэнгэ” юм. Тэрбээр цав цагаан царайтай, соёлтой, цэмцгэр их эмэгтэйлэг хүү байжээ. Харин одоо бол тийм хочтой байсан гэхээргүй хувирсан гэж ангийн найзууд нь дурсав. Таргалаад, хууз сахалтай болсон төдийгүй газрын тосны хайгуулын компанид ажиллах болсон гэнэ. Мөн тэрбээр ангийн охин Анхбаяртай гэр бүл болсон нь нэг ангийнхны хувьд санаанд оромгүй явдал болжээ. Эдний ангиас төрсөн хоёр дахь хос бол “Жижгээ” гэгддэг байсан Т.Амарбаатар, “дэлдэн” Ганчимэг хоёр юм. Өдгөө Сүхбаатар аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж буй Т.Амарбаатар заяаны хань Ганчимэгээ “дэлдэн, дэлдэн” гээд шоолж, хонь чоно болж явсан нь амьдрал баялаг болохыг харуулсан сонин тохиолдлуудын нэг гэлтэй.

“Манай ангийнхан Улаанбаатар хот руу олимпиадад их явна. Нэг явахдаа дөрвөөс таван хүүхэд. Явах болгонд нь ангиараа гаргаж өгч байна, ирэхэд нь тосч байна гээд хичээлээ таслана. Хотоос ирэхдээ “Kevin” гэдэг цагаан жинсэн өмдийг өмсөж ирэхэд их гоё харагддаг байж билээ. Тэр өмд манай ангийнхан, манай үеийнхэнд мода болж байлаа шүү дээ. Мөн тэр үед Камертон, Хар сарнай, Сүнс хамтлагийн дуу хит болж, охидын дунд платформ гутал моданд орж байсан” гэж ангийн охин Туяацэцэг ярьсан юм. Тэр үед “гоц авьяастнуудын анги” гэсэн тодотголоос болж 10Ё ангийнхан үеийнхэндээ төдийгүй биеийн тамирын багшдаа адлуулах үе ч гарч байжээ. Гэхдээ энэ нэр тэдэнд хариуцлага үүрүүлж, түүнийхээ хэрээр дор бүрнээ хичээж сурахад түлхэц болж байсан нь дамжиггүй.

Гоц авьяастнуудын ангиас одоогийн байдлаар комьпютерийн шинжлэх ухааны доктор, магистр 10 төрөн гарсан ба удирдах албан тушаалтан, багш сурган хүмүүжүүлэгч, эмч эмнэлгийн ажилтан, инженер техникийн ажилтан, уул уурхайн яамны мэргэжилтэн, банк санхүүгийн ажилтан, хувиараа бизнес эрхлэгчид төрөн гараад байна. Тэдний эрхэлж буй ажил мэргэжлээс дурдвал, Сүхбаатар аймгийн засаг даргын орлогч Т. Амарбаатар, “Монголиа Гладвилл Увс Петролиум” ХХКийн дэд захирал И. Сэлэнгэ, “Айтехник плас” ХХКн захирал, Багануур дүүргийн эмэгтэйчүүдийн тасгийн эрхлэгч Л. Солонго, Сүхбаатар аймаг “Нэмэр их” ХХК-ийн захирал С.Түвшиндэлгэр нар, мөн гадаадад мэдлэг боловсролоо дээшлүүлж буй Ууганцэцэг, Хишигдэлгэр, Наранчимэг, Түмэндэлгэр, Батчимэг нарын хүмүүс маань удахгүй ирж эх орныхоо хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулах болно гэдэгт ангийн нөхөд нь итгэж явна.

Өнгөрөгч наймдугаар сард 1997 онд бүрэн дунд боловсрол эзэмшсэн нэгэн үеийн 10 бүлгийнхний түүхт 20 жилийн ой тохиож, сүүлчийн пионерууд болж явсан алтан үеэ эргэн дурсацгаажээ. Гоц авьяастнуудын “10Ё” ангийн найман хөвгүүн, есөн охин энэхүү уулзалтад хүрэлцэн ирсэн байна. Харин энэ уулзалтад хайрт багш Б.Туул нь хүнд өвчтэйн улмаас ирж чадаагүй тул багшдаа зориулж хандив цуглуулж илгээсэн гэнэ.

Тэдний бахархал бол эцэг эх, эрдэмт багш, эзэмшсэн мэргэжлийнхээ нэрийг өндөрт өргөж, нийгэмд хэрэгтэй чадварлаг боловсон хүчин болж аймаг, улс эх орныхоо хөгжил цэцэглэлтэд өөр өөрсдийн хувь нэмрийг оруулж чадаж байгаа нь юм. Мөн ч ерөөлөөр учирсан ангийн нөхдийнхөө зовлон жаргалыг хуваалцаж, насан туршдаа нэг ангийнхан болж нөхөрлөсөн азтай учралаа дээдэлж яваагаар нь бахархахгүй байхын аргагүй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *