Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Суудал хайрхны өвөрт чонын гүйдэл тосон суусан нь DNN.mn

Шаргын говь, Хүйсийн говь, Дөргөний хүрэн тал гэхээр зүүн эсвэл урагшаа говь руу гэж бодож магадгүй. Эдгээр алдарт говиуд таширлаад Говь-Алтай, Ховдын нутаг буюу Монгол Алтайн нурууны төв хэсэгт бий. Мөн Дөргөний хүрэн тал хэмээх өвс, ургамал, ан амьтан, нуур далайгаар баян нутаг гагцхүү Ховд аймгийн Чандмань, Дөргөн сумд оршино. Мөнөөх Дөргөний талаас баруун дээшээ явахаар Алтайн нурууны салбар уулс болох Бумбат, Жаргалант хайрхан тусгаарлан сүндэрлэнэ. Чандманьчууд эл хоёр хайрхнаа “Хос Алтай” хэмээн нэрийдэж, үе удмаараа шүтэн дээдэлдэг. Хотоос Ховд руу аялж, зугаалж үзсэн олон хүн бий байх. Тэгвэл Зэрэг сумын нутагт орших алдарт Алтан Тээлийн хөндийгөөр нэвт баруун тийшээ чиглэх засмал зам Дарви, Зэрэг, Манхан сумыг дайрч өнгөрөөд Ховд хот ордог доо. Энэхүү замд буюу Дарви, Зэрэг сумын хооронд явахаар зүүн талдаа Алтайн нуруу тасралтгүй үргэлжилнэ. Ингэхдээ мөнх цаст Сутай хайрхан ханагар нурууны цаанаас дүнхэлзэн харагдах нь сүртэй. Ёстой уулсын цаана оргил сүндэрлэнэ гэдэг шиг. Харин баруун талаараа Дөргөний хүрэн тал залгаад Бумбат, Жаргалант хайрхан хөхрөн харагдана. Дээр хэлсэнчлэн Бумбат, Жаргалант хайрхныг Алтайн нуруунаас салангид оршоож байгаа нь Алтан Тээлийн хөндий ажээ.

Бидний очсон цэг болбоос Ховд аймгийн Чандмань сумаас урагшаа 60 орчим км-т орших Бумбат хайрхны зүүн үзүүр Суудал хэмээх уул билээ. Эл газар бол Ховдын Чандмань, Дарви сумын нутгийн хил зааг. Харин Бумбат хайрхны баруун үзүүр нь Чандмань, Зэрэг, Манхан сумын хил заагт ордог сунайсан урт хайрхан юм. Бумбат хайрхны баруун үзүүрээс хойшоо Хөтөл-Ус хэмээх хөндийгөөр Жаргалант хайрхны зүүн үзүүр эхэлнэ дээ. Жаргалант хайрхны өвөр бэлд Хар-Ус хэмээх үзэсгэлэнт нуур мэлтэлзэн оршино. Тус хайрхны баруун хойд үзүүрт Үүдэн далай, түүнээс хойшоо буюу Завхан чигтээ Хар нуур, залгаад урагшлахаар Дөргөн нуур бий. Нэг тийм уулс, нуурууд, говь, талын тойрог мэт сонсогдож буй. Үнэндээ тийм. Хос Алтай, холбоо гурван нуурын дунд Чандмань хэмээх сум оршин байдаг. Ийм байгалийн өвөрмөц нутагт идэр есийн үеэр очиж, чонын авд мордох шиг эр хүний жаргал хаана ч үгүй биз.

 МАЛЫГ НЬ ТОЙРЧ ЧОНО УЛИАД, ШӨНӨ БҮР ХОТ РУУ ДАЙРААД БАЙХАД МАЛЧИН АМАР ТАЙВАН СУУЖ ЧАДАХ УУ

Өнгөрсөн өвөл Ховдын ихэнх сум зудтай байснаас болж хавар мал хүндэрсэн. Онд орж чадаагүй, орсон ч зулгаах өвсгүйгээс болоод олон ч мал үхсэн. Харин энэ өвөл өнтэй сайхан байгаа ч байгалийн бас нэгэн бэрхшээл Ховдын ихэнх сумдаар тохиож, малчдын аж амьдралд сөргөөр нөлөөлж байгаа гэнэ. Тэр нь мэдээж “Уулын эзэн”, “Хангайн өвгөн”, “Боохой”. Малчдын ганц хөрөнгө болсон мал сүрэг нь аюулд учраад байгаа талаар аймгийн малчдын зөвлөгөөнөөр ярилцсан байна. Үүнд анхаарч өгөөч, сүүлийн 20 жил чонын ав, бэлтрэг суйлах ажил хаягдлаа. “Хот руу довтлох чоныг бид дийлэхээ болилоо” хэмээх гомдол малчдаас их ирэх болж. Малын хотыг нь тойроод 10 гаруй чоно улиад, шөнө бүр хот руу дайраад байхад малчин амар тайван сууж чадахгүй. Яг ийм байдал Ховдын ихэнх сумын малчдад адилхан зовлон болж буй. Тиймээс Ховд аймгийн ИТХ-ын шийдвэрээр нэг хугацаанд нийт нутгаар чоно авлах тухай тогтоолыг баталжээ. Зохион байгуулалттайгаар чонын бэлтрэг суйлах ажил сүүлийн 20-иод жил хийгдээгүй. Үүнээс болж чонын тоо толгой эрс өссөн. Малчдын гол амин зуулга болсон мал чонын хоол болсноор онд орохоо больсон. Малчид өвлийн хүйтэн, хаврын хавсарга, зуныг халууныг туулан төл авч мал сүргээ өсгөдөг. Гэтэл гарсан төлийг нь хээрийн амьтан зооглочихоор яаж мал сүргээ өсгөх билээ дээ. Зэрэг, Чандмань сумынхан бол өдөрт л арав гаруй хонио хотноосоо идүүлж байна гэх. Ийм аймшигтай нөхцөлд ганц, хоёроороо малаа маллаад аж төрж байна гэхээр монголчуудын зориг тэвчээр үнэхээр тулчихсан байгаа юм шүү. Чөдрийн морь, саалийн үнээ, хоттой хонио чононд сийчүүлсэн малчдад хэн туслах вэ. Угтаа малчид хот эргээд буй боохойг зайлуулахын тулд ганц нэг буу дуугаргадаг. Гэтэл төр, засгийн шийдвэрээр зөвшөөрөлгүй гэх нэрийдлээр хамаг бууг нь хурааж авсан байна. Үүнээс болоод орой шөнө хоттой хонийг нь эргэх чонын тоо толгой эрс өсчээ. Нэг үгээр чоно хүнээс айхаа больсон гэсэн үг. Тиймээс энэ нутгаар чонын тоо толгой байх ёстой хэмжээнээсээ хэд дахин өсчээ. Нөгөөтэйгүүр хөдөө орон нутагт анчид цөөрсөн, ганц нэг ан авд морддог хүмүүсээ хардаж сэрдээд үйл хөдлөл бүрийг нь хянахаас наагуур болдог гэнэ. Ийм дарамт дунд хэн буу үүрээд явах билээ. Хааяа нэг залуучууд нийлж чонын авд морддог байна. Гэвч залуу хүмүүс хаана, ямар чоно агнах вэ гэдгээ мэддэггүй. Түүнээс болоод хангайн амьтныг улам догшруулдаг. Улмаар малчид бидэнд л тус болохоосоо илүү гай болдог гэдгийг нутгийн иргэд ярилаа. Үнэхээр хурдан машин, хүчтэй буугаар хаа таарснаа усгадаг нөхдийг анчид гэхгүй, алуурчид л гэнэ. Тиймээс аймгийн ИТХ-ын ан ав хийх тухай тогтоолыг сум орон нутгийн албаныхан хэрэгжүүлэхдээ баг болгоноос хашир туршлагатай хоёр хүнийг сонгон авч чонын авд мордуулсан юм.

ЧОНО БИДНЭЭС ИЛҮҮ ТЭВЧЭЭРТЭЙ БАЙЛАА…

Чандмань сум зургаан багтай. Баг бүрээс хоёр хүн гэхээр нийт 12-15 хүн хоёр хэсэгт хуваагдан чонын авд мордлоо. Ингэхдээ бид урагшаа буюу Бумбат хайрхнаас чоно авлах багт нэгдэн явсан юм. Сумын төвөөс ойр зуур бэлтгэлээ базаагаад Засаг даргын албаны унаанд тавуулаа суугаад урагшаа хөдөллөө. Чоно авлана гээд байсан газарт нь очоод шууд буудаад унагаачихгүй нь тодорхой. Эхний өдрөө Бумбат хайрхны Талынбулаг багт өвөлжиж буй нутгийн айлд очиж хаагуур чоно гүйж байна, хэд орчим байгаа болон бусад зүйлийг судлан ярилцлах шаардлагатай болов. Бид сумын төвөөс урагшаа 50 орчим км яваад Суудал хайрхны ар бэлд өвөлжих нутгийн малчин Б.Баянмөнхийнд ирлээ. Түүнийг нутгийхан Бааяа хэмээн дуудна. Бааяа өдгөө 40 гаруй настай өндөр биетэй, улаан шар хүн. Хар багаасаа аав, ах нарыгаа дагаж ан гөрөөнд явж өссөн учир ангийн байр байдлыг хэнээс ч дутуугүй мэдэх нэгэн. Хэдхэн хоногийн өмнө Бааяагийн хотноос арав гаруй хонь чононд бариулжээ. Тэгэхээр нь мань хүн маргааш үүрээр Суудал хайрхан дээр гарч дурандахад Дөргөний талд таван чоно олж харсан байна. Тэр таван чоно доошилчихоод буцаад дээшээ уул руугаа орох гэж яваа байж. Доод тал руу тэгэж олуулаа явж байгааг харвал дандаа эр чоно байсан гэв. Учир нь энэ жил дулаахан, төдийлэн хүйтрээгүй тул чоно Дөргөн нуурын мөсөн дээр очиж суугаад буцдаг байна. Нөгөөтэйгүүр талд бэлчих адуун сүрэг болон бөхөн, хар сүүлтээр амаа цусдаж, ходоодоо баярлуулж буцаад уул руугаа явж байгаа нь энэ аж. Дараа өдөр нь Бааяа дахин Суудал хайрхан дээр гарч дуран тавихдаа нөгөө таван чоныг олж харжээ. Ингээд буцах замыг нь тосон хүлээж байтал оройхон талаас өгссөн чонын бараа харагдсан байна. Ингээд мань хүн рүү тавуулаа чиглэн ирж, дөрвийг нь өнгөрөөгөөд хамгийн сүүлд явааг нь буудсан боловч алдсан гэнэ. Буудлагын газар нь дэндүү хол, бас овоо хараатай дундын буугаар буудснаас болж алдсан гэдгээ хашир анчин Бааяа бидэнтэй хуучлан ярилаа. Ямартай ч Бааяагийн өвөлжөөтэй ойрхон таван чоно байгаа нь түүний ярианаас тодорхой болов. Тиймээс түүний сууж дурандсан Суудал хайрхан руу маргааш үүрээр гарч дуран тавихаар тохиролцлоо. Өвлийн богино өдөр яах ийх зуургүй шувтарч Суудал хайрхны ар бэлд харанхуй нөмрөв. Шөнө гадаа саргүй байлаа. Харин тоолж баршгүй олон оддын гэгээ шөнийн харанхуйг үргээх шиг. Ингээд бид үүрийн таван цагт Бааяаг нэмж суулгаад Суудал хайрхан руу хөдөллөө. Биднийг дагаж нутгийн хоёр залуу мотоцикльтой давхилаа. Дуран тавих газар эдний өвөлжөөнөөс холгүй оршино. Гэхдээ автомашинаар явах зам нэлээд бартаатай, хад чулуу ихтэй юм. Цаг гаруй хугацаанд гэлдэрч явсаар Суудал хайрхны өвөр бэлд очоод автомашинаа зогсоолоо. Дээшээ бид явган алхаж хайрхны орой дээр гарч ирлээ. Суудал хайрхнаас урагшаа Мөнгөн Аяга хэмээх уул харагдана. Харин зүүн хойд зүгт Дөргөний хүрэн тал нүдэнд торох бараагүй цав цагаанаар цавцайна. Талын доод хэсгээр Дөргөн нуураас савсан уур будан татуулан хөшиглөнө. Тэр будангийн үзүүр бидний сууж байгаа Суудал хайрхны энгэрт жавартай хамт нүүж ирээд хацар хайруулах шиг. Үүрийн жавар ёстой тачигнаж байна. Заримдаа Бааяагийн өвөлжөөнөөс дээшээ Бумбат хайрхны дунд хэсэг хүртэл битүү будан татдаг гэнэ. Энэ нь нуурын мөс цөмөрснөөс болдог бололтой. Мөнгөн Аяга уулын наад захаар хэд хэдэн адуун сүрэг амар тайван идэж харагдана. Дурангаа бага зэрэг зүүн тийш явуулахад Дөргөний талд ч энд тэндгүй адуун сүрэг харагдав. Гэгээ бага багаар нэмсээр ойр орчим бүхэлдээ нүдээр харагдах хэмжээнд хүрлээ. Энд чонын хоёр ч гүйдэл байдаг гэв. Нэг гүйдэл нь Суудал хайрхнаас Мөнгөн Аяга уул руу явдаг байна. Харин нөгөөх нь Дөргөний талаас Суудал хайрхан руу аж. Үүрийн таван цагаас хойш өглөө нар мандтал дурандаж суухад хоорондоо элдэв янзын зүйл л ярьдаг нь анчдын нэгэн жаргал. Манай багийн хамгийн туршлагатай хэмээх анчин нь Бааяа болон Т.Ганхуяг нар юм. Т.Ганхуягийн өвөлжөө Ханантад. Бааяагийн өвөлжөөнөөс холгүйхэн гэсэн үг. Т.Ганхуяг ахын аав, өвөө, ах дүүс нь бүгд анчин хүмүүс аж. Бумбат хайрханд жилийн дөрвөн улирал буйр сэлгэн нүүж, олон зуун жилийн турш нутаглан амьдарч байгаа нэгэн. Одоо ч үр хүүхдүүд нь өвөг дээдсийнхээ нутагт, өвлөгдөн ирсэн ёс заншлаа даган аж төрж л байна. Алтайн хишгийг олон хүртсэн гэнэ. Чоно хот руу нь орох бол энүүхэн асуудал. Түүнээс ч том, сүрдэм амьтан манай ууланд бий шүү дээ. Ёстой жинхэнэ уулын эзэн гээд яриагаа түр дуусгаад тамхиа сорж, доод талаа үргэлжлүүлэн дурандлаа. Би наанаас нь тэр уулын эзэн гэдэг нь ямар амьтан бэ гэж асуув. Т.Ганхуяг ах “Ирвэс, ирвэс” гэлээ. Та ирвэстэй тулж таарч байв уу гэтэл “Тааралгүй хаачих вэ. Хэдэн жилийн өмнө уулаар ганц нэг тарвагачилж явлаа. Гэтэл Богдын наад талаар аргалийн сүрэнг ус уугаад гарч байна шүү. Наанаас нь дурандаад Алтайн сайхан амьтныг тоолмооршүү аятай сууж байтал нөгөөдүүл чинь гэнэт дээрээсээ үргээд урууддаг байна шүү. Барагцаагаар 100 гаруй аргаль өндөр уулын зайвраар тайван өгсөж явснаа гэнэт бөөнөөрөө сүр сар гээд үргэхээр айхтар чимээ гардаг юм билээ. Хаа холоос дурандаж суусан надад хөлнийх нь гишгэгдлээр нурж байгаа чулууных нь чимээ хажууд юм шиг сонсогдсон шүү. Золигнууд чинь юунаас ингэтлээ их үргээд нисчихэв ээ гээд дурангаа жаахан дээшлүүлтэл өндөр хаднаас доош хийсчихэв үү гэлтэй нэг цоохор юм зурс гээд өнгөрдөг юм байна. Сандраад дурангаа доошлуулаад хартал айхтар сунасан амьтан газрын уруу гулгаж байгаа юм шиг л давхиж байсан нь ирвэс байж л дээ.

Ёстой уулын эзэн нь юм болохоор хаана яаж гишгэж, ямар хурд авахаа мэддэг бололтой. Тэр их өндөр эгц хадтай уруу ирвэсээс өөр амьтан тэгж хурдан харайлгахгүй дээ. Ирвэс ямаа барьж идэх санаатай довтолгож байгаа нь тэр. Хэд хэдэн тэхийн сүрэг нийлчихсэн байсан болохоор арай багахан шиг тамир муутайгийнх нь нэг дээр үсрээд л наалдсан даа. Ээ… ёстой сүртэй харагдсан гэж. Саяхан Мөнгөн Аягын хойд хэсгээр адуугаа хайж яваад Гансүхийн хаваржаанд очлоо. Тэднийх хүн бүл цөөтэй болохоор хаваржаанаасаа гэрээ нүүлгээгүй юм билээ. Гэтэл гэрийнх нь хойд орой нурчихсан байхаар нь морьтойгоо өнгийгөөд хартал зээрийн хуучирсан зэг үзэгдсэн. Бодвол ирвэс барьчихаад тэдний гэр дээр гарч нөгөө зээрээ тухтай зооглосон байх л даа. Үүгээр чоно их сүрэглэж явдаг, баахан чонотой таарч ангаа тухтай зооглохоор гэр дээр үсрээд гарсан гэж бодож байгаа юм. Ер нь их сонин зантай амьтан. Заримдаа хүний дуу, адуу малын чимээг хаа холоос сонсчихоод тэр чигтээ үзэгдэхгүйгээр алга болно. Заримдаа олон морьтой хүмүүс өөрийг нь харчихаад өөдөөс нь яваад байхад үргэхгүй таг хярчихдаг. Хүнээс айдаг юм болов уу гэхээр үгүй ч юм шиг” гэлээ. Суудал хайрхан дээр бид сонирхолтой яриа өрнүүлж, тал тал тийшээ дурандаж суусаар өглөөний наран мандлаа. Чонын бараа харагдахгүй л байв. Угтаа хэдхэн хоногийн өмнө тав, арваараа явж байсан чоно өнөө өглөө бараа сураггүй. Байгаль дэлхий өөрийн гэсэн зөн совинтой мэт. Чоно элбэг, бараг айлын гэр рүү орох нь холгүй байна гэсэн атлаа яг зориод харъя гэхээр бараагүй болчих нь сонин. Үнэндээ ан ав гэдэг бол тэвчээр. Хэн илүү ухаан гаргаж, хэн илүү тэвчээртэй байсан нь ялна. Энэ удаа бид чонын бараа олж харсангүй. Өнөөдөртөө чоно биднээс илүү тэвчээртэй байв уу гэлтэй…

Үргэлжлэл бий…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *