Баянцагааны их хялганат талын Чигчийт хэмээх газар
Сүхбаатар, Баруун-Урт, Дарьгангын шаргал тал руу явна гэхээс шөнө ч нойр хүрсэнгүй, үүр цайлгав. Үүр манхайн цайхын алдад аяны багийг минь замчлан харгуйлах Ренчинханд ах “Замаасаа Бор эгчийг авлаа. Гэрийнхээ үүдэнд хүлээж байх уу” гэж утас цохиж байна. Наран ургах хэрд бид Налайхаас цааш Зуунмод орчимд аян замдаа нэгэнт жигдэрсэн байв. Монгол Улсын төрийн шагналт яруу найрагч, цогт эх оронч Улаан сахиусны овогт Очирбатын Дашбалбарын жаран насны ой энэ онд тохиож байгаа. Дарьганга нутагт мэндэлж, даяар Монгол түмэндээ алдаршсан суу билигт их хүмүүний тэгш ойд “Өдрийн сонин” гүн хүндэтгэл үзүүлж, томилолтоор илгээсэн нь энэ.
Манай “морин жолооч” Дугаржавын Ренчинханд бол Баруун-Урт хотын цэвэр усны шугамыг ерээд оны эхээр татаж, сүхбаатарчуудад буян болсон, Дундговь аймаг, Улаанбаатар хотын цэвэр усны байгууламжийг барилцахад хүчин зүтгэлээ өгсөн гидро-инженер мэргэжилтэй хүн л дээ. “Дүүрэн трейд” компанийн захирал, Онгон сумын Нутгийн зөвлөлийн тэргүүлэгч. Өнгөрөгч намар соёлын гавьяат зүтгэлтэн, дэлхийн энтэй найрагч Гомбожавын Мэнд-Ооёог төрөлх тоонот Шар бүрдэндээ очиж, Чингис хааны одонгийнхоо мялаалгыг нутгийн зон олонтойгоо хуваалцахад морин жолоочийг нь хийсэн нөхөр.
Дашбалбар багшийн гэргий Н.Борхүүхэн “Дарьганга, Наран явна гэсэн чинь урьд шөнө сэрвэлзээд нойр ч хүрсэнгүй” гэж тэрүүхэн тэндээ шүүрс алдсанаа Ренчинханд ахтай яриа өрнүүлэв. Тэгэхнээ тэр хоёр биенээ таньдаг болоод явчихав. Ренчинхандын эгч Даваатай Бор эгч нэг ангид сурч байж. Баянгийн даваан дээр нүүр хагарч, тэнгэр хангайдаа өргөл юүгээн сацаад Чингис хот ортол аян замын турш хөөрөлдсөөр явав. Тухтай унааны цонхоор хаврын шаргал наран ээж, зээ хүү О.Гэрэлт-Анар бид ч дуугүй явсангүй. Гэрэлт-Анар Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн уран баримлын дугуйлангийн шавь. Урлагт хайртай сэтгэл нь хожмын өдөр өвөөгийнхөө шийрийг хатаасан уран бүтээлч болох биз гэсэн гэгээн горьдол төрүүлнэ.
О.Дашбалбарын гэр бүл ээжийн хамт
Анхандаа ч мөнөөх улаан дэвтрийг сөхөхөөс ч эмээж байснаа дотор нь бичсэн шүлгүүдийг уншин дотносох сэтгэл өөрийн эрхгүй төрсөн гэнэм. “Тэр дэвтэрт ямар шүлгүүд байв” гэвэл
Орон гэрийн чинь гадаа
Орой болтол зогсном
Орох, гарахыг чинь харуулдаж
Одод ширтэн хүлээнэм
Цагаан гэр чинь ойрхон ч
Цайран харагдах сарнаас алс
Царайлаг чи минь, энүүхэнд ч
Цагаан шөнийн одноос хол
Хаалгыг чинь нээх зориггүй
Хаяад явчих зүрхгүй
Гэрийн чинь гадаа эргүүлднэм
Зүүн гар талаас Д.Ренчинханд, Н.Борхүүхэн нар сэтгүүлчийн хамт
Тэнгэрлиг найрагч Дашбалбар 1957 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар аймгийн Наран сумын нутаг Наранбулаг хэмээх газар эцэг Улаан сахиусны овгийн Дарьганга Жамсрангийн Очирбат, эх Осорын Цэрмаа нарын ууган хүү болон төржээ. Энэ тухайгаа тэрээр “Галав эриний зөнч” шүлэгтээ
“Долоон бурхан одод залхуутайяа гялалзах
Долдугаар сарын цатгалан өдрүүдэд би дургүй
Ороо салхи хүнгэнэн урхирч, орсон буур шиг тэнгэр хүрхрэх
Орог буурал өвлийн хоёрдугаар сард би дуртай
Орвонгоороо дүнгэнэх уулс одоохон нисэх нь гэмээр
Орчлон хорвоо доргиж тэнгэр дээрээс нурах нь гэмээр
Одод жингэнэн бууж, хорвоогоор нэг цацагдах нь гэмээр
Одоо л ертөнцөд галав юүлэх нь гэмээр
Хоёрдугаар сард л дуртай” гэж төрсөн цаг улирлаа магтан дуулсан байдаг. Түүний аав Очирбатын эцэг Жамсран даа Дарьганга хошууны ноёны сүргийн даамал хүн байжээ. Жамсран даа идэр залуухан насандаа бурхан болсон учир хүүхдүүд нь эх Сониндуламаараа овоглож өсчээ. Бор эгч “Манай нөхрийг төрөх үед эх барьж авсан хүн нь нүцгэн авч гарч ирээд гадаа байсан хөөтэй тогоонд хөмөрч байлгаж байгаад гэртээ оруулж, хэдэн долоо хоног үүдэндээ улаан даавуу хадан хөл хорьсон юм гэнэ лээ. Энэ тухай багынх нь найз Баярсайханы ээж ярьдаг байсан. Тухайн үед нагац ах О.Мангалынх нь аав “Очирбатынд буянтай сайн хүү төрлөө. Эрдэм номтой сайн хүн болно доо. Даанч богино настай юм” гэсэн гэдэг гэж хуучлав.
Бор эгчийн хуучилснаар тэдний удам ч тайж язгууртай аж. Оройн сургуулийн есдүгээр ангид байх үеийнх нь цагаан сараар Очирбат гуай хүү Дашбалбараа дагуулан ирж бурхан тахилд нь хадаг, идээ будаа тавихад Бор эгч ичсэндээ гарч түлээний пинд бүтэн хоёр цаг гаруй зогсч, жигтэйхэн их даарснаа одоо ч мартдаггүй аж. Есөө төгсөх жил Дашбалбар багш “Би ес, арвынхаа шалгалтыг нэг зэрэг өглөө. Чи хамт захирал дээр ороодох” гэж дагуулж оржээ. Хэлснээрээ хоёр ангийн шалгалтыг нэг дор өгч, ангийнхнаасаа жилийн өмнө нийслэл хот руу явсан байна. Хорин хэдхэн настай хонгор зүстэй хөвүүн “Манай сургуулийн үүдэнд миний хөшөө хожмын өдөр босно” гэхэд найз охин Борхүүхэн нь итгэж өгөхгүй “Чи олон хүнд бүү хэлээрэй. Чамайг онгироо сагсуу гэнэ шүү” гэж захидаг байсан гэх. Дашбалбар хэмээх шүлэгч хүү амьдралд дөнгөж хөл тавьж байсан арван хэдэн насандаа л өөрийнхөө ирээдүйн зорилгыг тодорхойлчихсон байжээ. Чингис хотод үдлээд хөдлөх үед их найрагчийн охин Д.Дэжидмаа Япон улсаас ээжтэйгээ утсаар ярьж байна. “Та хэд маань олон сайхан хүнтэй уулзаад авахуулсан зургаа илгээгээрэй. Монголдоо байсан бол аав, ээжийнхээ нутаг руу хамт явахгүй юу” гэж нутгаа санасан хүний хоолойгоор ээждээ эрхлэх нь сонсогдоно. Ренчинханд ах “Таныг удам сайтай учраас алдаж болохгүй нь гэж хадам аав тань эрт хадаг тавихгүй юу. Ер нь манай дарьгангачууд бол Монголын арван зүгээс цугласан удам сайт хүмүүсийн оюун ухааны цомирлог гэж би боддог. Дарьгангын гурван их найрагч гэгдсэн Эрээнцавын эвдрээгүй найрагч Д.Нямсүрэн, Г.Мэнд-Ооёо ах, О.Дашбалбар нарыг жишээлээд бодоод үзэхэд л” гэж ярианд үг нэмэрлэх нь голыг нь оносон тодорхойлолт гэлтэй. Энэ бүхнээс улбаалж Очирбатын Дашбалбар гэдэг хүнтэй хэрхэн танилцлаа гэсэн бодол төрж байна.
О.Дашбалбар Омскийн ТМС-д явахын өмнө. Аав Ж.Очирбатын хамт. 1972 он
Ээж маань наяад онд номын дэлгүүрийн худалдагч байхдаа шинээр гарсан ном бүхнийг авч өгнө. Хөдөө гадаа явсан ч номоо өвөртлөөд мордоно. Номондоо шимтсээр, айлын сүрэгтэй хонины найр үүсгэж, өндөр нагац Ёнгоодоо шилбүүрдүүлэн зугтсан минь цөөнгүй. Нэгэнтээ эмнэг үрээ сургаж, эмээлийнхээ ардуур хазгайлдсан шигээ исгэрч явтал унаа минь овоо цагааширсан шиг санагдав. Тэгэнгүүт өврөөсөө О.Дашбалбар багшийн “Гэрэлт хайр” номыг гарган, ширээ, сандал дээр тухалсан мэт эмээлийнхээ бүүргэн дунд тавиад уншиж явтал гэнэт сүр сархийсэн салхинд хуудас нь сэрчигнээд явчихав. Үргэсэн эмнэг шахуу үрээнийхээ буруу талын дөрөөнөөс гутлаа салгаж чадахгүй нэлээд явсны эцэст азаар хөл минь сугарч золоор мэнд гарсан билээ. Хожим С.Жамьянгаравын нэрэмжит Дорно дахины утга зохиолын их сургуульд түүнийг хичээл заадаг гэхээр зорин ирж шавь барилдсан сан. Манай ангид багшийн их охин Д.Мөнгөндалай, өнөөгийн Улаанбаатар дээд сургуулийн багш, эрдэмтэн зохиолч Хургаагийн Сүглэгмаа, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Анандын Байгалмаа, сэтгүүлч Ш.Алтангэрэл, Л.Эрдэнэмаа нар суралцаж төгссөн. Дээд ангиудаас бол Болор цомын эзэн Хөөдөөгийн Эрдэнэбаатар, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч М.Эрдэнэбат, МЗЭ-ийн шагналт зохиолч, яруу найрагч Д.Оюунчимэг, П.Батхуяг, Р.Эмүжин, Б.Батрэгзэдмаа, зохиолч-түүхч Б.Наминчимэд, Г.Ням-Очир нарын бичиг номын олон хүн төрөн гарсан юм даг. Бор эгч “Балбар минь мөн ч сайхан дуулдаг сан. Бурхан болсноос нь хойш олон ч шүлэг нь дуу боллоо. Өөрөө ч аялгуу сайхан зохионо. Явуухулан багшийнхаа “Намрын мөнгөн өглөө” шүлэгт аялгуу зохиож, гитар дээрээ бөмбөрдөн товшиход сэтгэл өөрийн эрхгүй долгисон догдолдог сон. Надад зориулсан шүлгүүд нь ч дуу болсон. “Камертон” хамтлагийн дуулдаг дуу чинь юу билээ” гээд
“Амраг минь, гунигт дуу бүү аял
Ариг цагаан саран хиртэж
Алсад жингийн цуваа саатна.
Айлын минь бүсгүй зовж
Алтан цэцгийн дэлбээ хумина.
Амраг минь, гунигт дуу бүү аял
Яруухан дуу аял, гэргий минь
Явуулын хүн түр саатаж
Янагаа үгүйлэн жаргана.
Янзагаа хөхүүлсэн шаргачин амарч
Яргуйн дэлбээг зөөлөн үнэрлэнэ
Яруухан дуу аял, гэргий минь” гэж аялахад зээ хүү Гэрэлт-Анар нь “Өвөө минь ямар мундаг яруу найрагч байсан юм бэ” гэж дуу алдав.
Бид ийн явсаар Дорнод Монголын талын эхлэл болсон Баянцагааны алдарт хялганат тал, Чигчийтэд нутаглаж буй Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын уугуул Сүхбаатарын Буджавын хотонд аяны тоостойгоо буув. Буджав уяач Ренчинханд ахын тав, зургаан азарга адууг малладаг ажээ. Эл адуун сүрэгт улс, бүсийн гурван ч түрүү авсан Д.Ренчинхандын алдарт “Гээдэн хээр” азарга, Монгол Улсын манлай уяач Т.Монхорын улс бүсэд гурав айрагдсан цагаан морь зэрэг хурдан буянууд хуран чуулжээ. Ренчинханд уяач адуугаа хурааж, хийморио сэргээхийн ялдамд их найрагчийн зээд хурдан удмын охин даага бэлэглэсэн нь их л бэлгэшээлтэй сайхан санагдав. Тэндээс бид
“Агтын манлай ангир шарга минь
Алтан оддыг тосон үүрсээд
Зулай мөнгөн холын уулс минь
Зуун зууныг үдэж угтаад
Хээрийн сэлүүнд нь болжмор жиргэж
Хээнцэрхэн охидтой цэцгүүд нь ижилсээд
Гэрийн цэнхэрхэн утаат талдаа
Гэгээн наранд ойрхон өслөө би” гэсэн их найрагчийн дууг цолгиухан дуулцгаасаар Баруун-Урт хотод үдшийн ододтой уралдан очиж, О.Дашбалбар багшийн ойрын төрөл аймгийн шүүгч Баярцогтынд хоноглолоо.
Үргэлжлэл нь “Өдрийн сонин”-ы №090 (5657) дураагт