Categories
мэдээ нийгэм

Сургуулиудын олимпийн танхимыг шинэчилж олимпизмыг сурталчлах, соён гэгээрүүлэх танхим болгоно

Монголын үндэсний олимпын хорооны Олимпийн зөвлөлийн удирдах ажилтны өргөтгөсөн зөвлөгөөний үеэр Боловсрол шинжлэх ухааны яамтай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Санамж бичигт сургууль, цэцэрлэгүүдэд байгаа олимпын танхимыг шинэчлэн сайжруулах чиглэлээр авах арга хэмжээний талаар тусгасан байна.

Мөн бүх шатны боловсролын байгууллагын спорт, олимпизмыг сурталчлан таниулах ажил эрчимжинэ гэж МҮОХ-ноос мэдээллээ.

Энэ талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан “Өнөөдөр МҮОХ-той байгуулж буй санамж бичгийн амин сүнс нь сургуулийн өмнөх боловсрол болон ерөнхий боловсролын сургуульд сурч буй хүүхэд, багачуудад олимпизмын үзэл санааг түгээн дэлгэрүүлэхэд оршиж байна.

Олимпийн 30 медаль ямар үнэ цэнээр Монголын ард түмэнд ирсэн юм бэ, энэ амжилтуудыг гаргахын тулд тамирчид маань ямар их тэсвэр тэвчээр, хичээл чармайлт гаргасан юм бэ гэдгийг мэдрүүлэх ёстой. Ийм тэсвэр тэвчээр гаргах боломж бололцоо хүн бүрт бий. Тийм учраас бүх хүүхдэд энэ үзэл санааг ойлгуулах ёстой юм.

Бид 3.2 сая иргэнтэй хэрнээ олимпийн наадмаас авсан медалийнхаа тоогоор дэлхийд дээгүүр ордог. Монгол хүнд ийм их нөөц боломж байгаа учраас иргэн бүр тамирчин шиг эрүүл чийрэг амьдрах амьдралын хэв маягийг бий болгох нь зөв юм байна.

Ерөнхий боловсролын сургуулиудад олимпийн танхим гэж бий. Үүний ихэнх нь нэр төдий байгуулагджээ. Харин одоо олимпийн танхимуудаа жинхэнэ утгаар нь хөгжүүлж, олимпизмыг сурталчлах, соён гэгээрүүлэх танхим болгож зохион байгуулъя гэж байгаа юм.

Цаашдаа ерөнхий боловсролын сургуулиудын спорт заал, гадаад орчныг шинэ шатанд гаргахад анхаарлаа хандуулна. Хүүхдүүд зөвхөн хичээлээ хийгээд суух биш, багаасаа бие бялдрын хүмүүжил, төлөвшлийг авах орчин бий болгох гэх мэтээр нэлээд томоохон ажлуудыг төлөвлөсөн санамж бичиг боллоо” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *