Categories
мэдээ нийгэм

Сургууль цэцэрлэгийн урсгал засварыг 8 дугаар сарын 15 гэхэд дуусгахыг үүрэг болгов

Ирэх хичээлийн жил эхлэхэд гурван ээлжийн сургуульгүй болох, бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулсан байх Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилтыг хэрэгжүүлэх үүднээс Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яам боловсролын салбарын хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлэхэд чиглэсэн тодорхой арга хэмжээнүүдийг авч байна.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр хуралдаж, нийслэлийн зургаан дүүрэгт хийгдэж байгаа сургууль, цэцэрлэгийн хөрөнгө оруулалтын явц, байдал, тулгамдсан асуудлыг нэг бүрчлэн хэлэлцлээ. Уулзалтад БСШУСЯ-ны газрын дарга нар, Нийслэлийн боловсролын газар, дүүргүүдийн боловсрол соёл урлагийн газар, Барилгын хөгжлийн төв, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын удирдлагууд оролцлоо.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын дэд сайд Г.Ганбаяр, нийслэл дүүргийн боловсрол, соёл урлагийн газрын удирдлагууд зун ээлжийн амралтгүй ажиллаж, сургууль, цэцэрлэгийн хөрөнгө оруулалтын ажлыг удирдлага зохион байгуулалтаар ханган хяналт тавин ажиллахыг үүрэг болголоо.

Ирэх хичээлийн жилд нэмэгдэх суудлын тоог нарийн тооцох, үүндээ үндэслэн долдугаар сарын 1-ний дотор түрээсийн сургууль цэцэрлэгийн шийдлийг бэлэн болгох, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газартай хамтарсан ажлын хэсэг байгуулж хувийн сургууль цэцэрлэгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, урсгал засварын ажлыг наймдугаар сарын 15 гэхэд дуусгасан байх зэрэг тодорхой үүрэг чиглэлийг холбогдох албаныханд өглөө.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *