Saposhnikovia divaricata (Turz.) Schisch. :Дэрвэгэр жиргэрүү
Биологийн шинжлэх ухаанд “байгалийн” болон “зориудын” гэсэн хоёр шалгарал бий. Зориудын шалгарал нь хүн өөрсдөдөө ашигтай шинж чанаруудыг удамшуулж таримал ургамлын сорт, малын үүлдэрүүд бий болгосныг хэлнэ.
Зориудын таримал ургамал, мал нь байгальд гай болчих гээд байдаг. Манай Байгаль орчинг хамгаалах тухай хуульд олон улсын жишгээр зохистой ашиглах гэсэн үг орсон нэг учир нь энэ. Тухайлбал, буудай тарьсан талбай тодорхой хугацааны дараа шим тэжээлгүй болдог. Гэхдээ таримал ургамал л байгалийн үйл явцыг хурдасгаад байгаа болохоос бус энэ нь байгальд байнга л явагдаж байдаг үйл явц юм. Чухамхүү ингэж шим тэжээлгүй болсон хөрсийг буцааж шим тэжээлтэй болгох үйл явцыг шүхэртэнгүүд гэгдэх ургамлууд гүйцэтгэнэ. Хаягдсан талбайд үхэр гоньд, хонин гоньд, шүхэргэнэ, хонин шүүр гэх зэрэг зэрлэг ургамлууд ихээр ургадаг нь шүхэртэнгүүд ажлаа хийж байгаа хэрэг аж. Үүнийг тариалан эрхэлдэг газрууд сайн мэднэ. Энэ нь байгаль эх өөрөө газрын шим тэжээлийг бий болгож байгаа үйл ажиллагаа юм.
Манай улсад 800 зүйл эмийн ургамал ургадаг. Ихэнх шүхэртэнгүүд энэ ангилалд багтана. Иймд байгалийн шүхэртэн ургамлуудын нөөцийг олон улсын жишигт нийцсэн аргаар үнэн зөв тогтоож нөхөн сэргэх боломжтой хэмжээгээр ашиглан олсон мөнгөө зорилтот сан байгуулан хуримтлуулах ёстой юм. Энэхүү зорилтот сангийн мөнгөөр атаршсан газруудад шүхэртэн ургамлаа зориудаар тарих ёстой. Ингэж гэмээ нь эмийн үйлдвэр байгуулах стандартад тохирсон нөөцтэй болно. Нөөцтэй газарт гадны хөрөнгө оруулагчид орж ирнэ. Ингээд сум, багт эко эмийн үйлдвэрүүд байгуулагдаж эцсийн бүтээгдэхүүнээ экспортлон валютын нөөцтэй болох боломжтой болно. Харин зорилтот сангийн мөнгө сум, багийн иргэдийн нэр дээр тэгш, шударгаар хуваарилагдан банкинд хадгалагдаж, хэрхэн өсч буй нь хэнд ч ойлгогдохоор ил тод байх ёстой юм. Энэ юу гэсэн үг вэ гэхээр эмийн үйлдвэрийн хувьцааг сум багийн иргэд давуу эрхээр өөрсдөөсөө нэг ч төгрөг гаргахгүйгээр тэгш, шударга эзэмшинэ гэсэн үг. Ингээд орон нутгийн иргэд унтаад босоход л хадгаламж нь өсч байх нөхцөл бүрдэнэ. Орон нутаг ажилгүйдлээс салж, олон улсын хөгжингүй гэсэн ангилалд багтана. Үүнийг л зохистой ашиглах (sustainable use) гээд байгаа юм. Гэтэл манай БОАЖЯ үүнийг огт хэрэгжүүлдэггүй. Яагаад гэвэл зохистой ашиглах нь байгаль болон иргэдэд ашигтай.
Харин хуулиа зөрчин тас харамлаж зохисгүй ашиглах нь яамны сайд, түшмэд авлига аван баяжихад ашигтай. Иймээс манай Н.Цэрэнбат сайд болон ургамал, амьтны нөөц хариуцсан түшмэд олон улсын жишигт нийцсэн нөөц тогтоох аргууд инноваци болон амьдралд нэвтрэхээс үхтлээ айдаг.
БОАЖЯ олон улсын жишигт нийцэхгүй аргаар амьтан, ургамлын нөөц тогтоох ажлыг төсвийн мөнгөөр хааяа хийлгэдэг.Гарсан амьтны тооллого, ургамлын нөөцийг нь олон улс хүлээн зөвшөөрдөггүй. Олон улс хүлээн зөвшөөрдөггүй учир амьтан, ургамалдаа олон улсын квот авч чаддаггүй. Квот авч чаддаггүй учраас олон улсын гэрээнийхээ квот авах, зөвшөөрөл олгох журмыг хэрэглэдэггүй. Квот авах, зөвшөөрөл олгох журмыг хэрэгжүүлдэггүй учраас Монгол Улс 183 улсаас муу, муухайн бодит жишээ болон дурдагддаг. Олон улсын гэрээгээ биелүүлэхгүй байгаа улсыг өөрөөр яах ч билээ. Яагаад ингээд байдгийг батлахын тулд уншигч танаас асуух нэг зүйл байна.
Мануул мийг орон нутагт мягуй, ногоолин гэх мэтээр янз бүрээр нэрлэдэг. Дээр дурдсан хаягдсан талбайд хогийн ургамал болон ургаж тариаланчдын хараалыг бардаг үхэр гоньд (SaposhnikoviadivaricataTurz. Schischk) хэмээх шүхэртэнг ч нутаг болгонд хонин шүүр, шүхэргэнэ, хонин шүхэргэнэ, зэгнэ хэмээн янз бүрээр нэрлэдгийн нэг нь нөгөө алдартай дэрвэгэр жиргэрүү юм.
Хаа сайгүй ургадаг, хүн болгон мэддэг, давсалж савласан ногоон дотор хүртэл “давхиж явдаг” гоньдыг мэдэхгүй нэрээр нь нэрлэж яамны шинэ сайд урьд байсан сайдынхаа тушаалыг хүчингүй болгон энэ ургамалд зөвшөөрөл олгон мэдээж авлига авч, буух болохоороо буцаан хорьдог гажиг жишиг тогтоод удсан. Эмийн үнэт түүхий эд төдийгүй атаршсан газрыг буцаан шим тэжээлтэй болгодог энэхүү ашигт ургамлыг та байсан бол үхэр гоньд гэх үү. Эсвэл сүр дуулиант эмийн ховор ургамал дэрвэгэр жиргэрүү гэх үү.
Г.АМАРСАНАА