Одоогоос 44 жилийн өмнө Увсын Улаангом хотын нэгдүгээр арван жилийн 9 ”а” гэж ангид сум, сумаас цугласан хүүхдүүдийг “Нэг ангийнхан” буландаа урьсан юм. Бөхмөрөн, Сагил, Түргэн, Давст, Өмнөговь, Ховд гээд аймгийн хойд сумдын хөвгүүд голдуу сайн сурлагатнууд аймгийн төвд цуглацгааж, “а”, “б”, “в” бүлэгт хуваагджээ. Тэр үед сумдын найман жилийн хүүхдүүдийг сүрхий шигшиж есдүгээр ангид хуваарилдаг байж. Нэг сумын наймынхны талаас илүү нь ТМС-ийн оюутан, илгээлтийн эзэд болдог байжээ. Бакиалын түрий эргүүлж, дээл өмссөн хөдөөх хөвгүүдэд аймгийн төв жигтэйхэн том, сургууль нь шил толь шиг санагдсан гэдэг. Сагил сумаас ирсэн Н.Алгаа гэхэд л сургуульдаа бүртгүүлэх гэж ирэхдээ шляпан малгай, монгол дээл, орос бакиалтай сүрхий нөхөр иржээ. Амьхандаа гангарч очсон нь тэр. Жигтэйхэн гоёчихоод сургуульдаа ирсэн хүү биеийн тамирынхаа Эрдэнэсүрэн багшид загнуулснаа дурсаж бөөн инээд болов.Онигооны эзэн нь Монголын уул уурхайн ассоциацийн ерөнхийлөгч Н.Алгаа.
Эдний ангийнхан өнгөрсөн амралтын өдөр цуглацгаасан юм. Алгаагаас гадна ангийн дарга Цэдэнбал, ангиас төрсөн ганц хос Шүлэгмаа, Дүгэржав, зургийн авьяасаараа ангидаа номер нэг Эрдэнэбаяр нар иржээ. Тэд ангийнхаа багшийг дагуулаад ирж. Б.Аюуш багш болоод хоёр, гуравхан жил болж байхдаа 9 “а”-г дааж авчээ. Гурван бүлгийн багш нар сумдаас ирсэн сурлагатай нөхдийг хувааж авах гэж тэрүүхэндээ хөөрхөн тэмцэл өрнүүлж байж. Аюуш багш Бөхмөрөнгөөс ирсэн Цэдэнбалыг математикийн Замбал багштай булаацалдан байж авснаа дурсаад хөгжилтэй инээв. “Аймгийн төвийн хүүхдүүдийн тухайд өмнө нь сурч байснаараа а, б, в бүлгүүддээ үлдсэн. Сумдаас ирсэн хүүхдүүдийг хуваарилах гэж элдэв явдал болсон нь энэ. Анх сумаас ирсэн ангийнхнаа хараад ямар том болсон хүүхдүүд вэ гэж бодож билээ. Эрүүл чийрэг, бадриун гэж жигтэйхэн хүүхдүүд ирсэн шүү” гэж багшийгаа ярихад Шүлэгмаа “Багшийг ямар жижигхэн хүн бэ, Цэдэнбалыг ямар том хүүхэд вэ гэж гайхан харж байлаа” хэмээж ангийнхнаа инээлгэв. Эдний анги наймхан охинтой байж. Шүлэгмааг Дашдэлэг багш нь “Эмэгтэй хүүхэд хэрнээ физик математикт сайн юм” хэмээн магтдаг байсан гэнэ. Шугам зургийнх нь багш ч “Бүсгүй хүүхэд байж шугам зурагтаа сүрхий юм гээч” хэмээдэг байж. Тэр үед сумдаас шилэгдэж ирсэн сайчуулын ихэнх нь хөвгүүд байсан гэнэ.
ҮЙЛЧИН ОХИД, ХАТУУ ДАРГА
Эдний ангийн сумдаас ирсэн охид үйлэнд уран гэж жигтэйхэн байж. Тэр үед ёолкийг цагаан сараас сүртэй тэмдэглэдэг байсан гэнэ. Шүлэгмаа, Оюунчимэг хоёр ёолконд орохоо хойшлуулан байж багшийнхаа нөхрийн шинэ жилийн гоёлын дээлийг оёж өгч байжээ. 9 “а”-гийн цугласан хэд цагаан сарын өмнө багшийнхаа хэвийн боовны бэмбээг ёс мэт нухалцаж, шинэ жилийн баншийг нь бөөнөөрөө очоод чимхээд өгчихдөг байснаа ярив. Аюуш багш “Амьдралаа дөнгөж эхэлж, анхны хүүхдээ төрүүлж бүх л юм анхных байсан үедээ анх удаа дааж авсан есдүгээр анги маань болоод тэр үү, эд нартаа их дотно. Осолгүй л монгол хэл, уран зохиолоо зааж байсан байх. Бусдаар бол эгч дүү мэт л дотно байсан. Шавь гэхээсээ дүү нар шиг минь санагддаг. Шавь нартаа амьддаа бие биеэ хайрлаарай, уулзах бүрдээ сайхан бүхнээ дурсацгааж байя гэж хэлэх дуртай. Сая гэхэд л Цэдэнбалын Япон явсан гурван сарын тайланг тавиулаад сууж байна. Цэдэнбал маань хурандаа цолтой цэргийн хүн л дээ. Миний шавь өвөөгийн ажлаа хийгээд иржээ” гэж хэлээд инээмсэглэв.
9 “а” бүрдэх үед л ангийнх нь багш Цэдэнбалыг ангийн дарга болгочихож. Ангийн дарга юу л гэнэ ангийнхан нь “за” гэдэг байсан бололтой. Сумын гудамж талбай цэвэрлэх субботник, жижүүр ангийн үүрэг энэ тэр бол яс тас. Тэр үед анги ангиараа сургуульдаа жижүүрлэдэг байжээ. Жижүүр ангийнхны үүрэг нь хүүхдүүдийн гутлын алчуур, нусны алчуурыг шалгах. Бас захны даавуу цэвэр эсэхийг шалгадаг байсан гэж Аюуш багш сонирхуулав. Цэдэнбал ангийн даргын ажлыг хэтэрхий сайн хийснээсээ болж нөгөө бүлгийн хүүхдүүддээ гөвшүүлэх дөхсөнөө ярьж бөөн инээдэм болов. Ангиас төрсөн хурандаа “Хотод амьдарч дасаагүй нөхөр ангийн дарга яаж хийх вэ дээ гэж айж байсан ч азаар ангийнхан маань хүний үг сонсоод сурчихсан хүүхдүүд байж таарсан. Үг авна гэж янзын. Сүүлдээ тэрэндээ урамшаад явж өгсөн. Арваннэгдүгээр сарын нэгэн өдөр ангийнхаа хэдэн охиноор ангиа цэвэрлүүлээд зогсч байтал нөгөө бүлгийн хөвгүүд дууддаг юм. Яваад очтол Улаангомын унаган дөрөв, таван хүүхэд байна. Танай ангийнхан сургуулийн жижүүрийг дэндүү хатуу хийж байна. Гутал, хамрын алчуургүй, захны даавуу нь хиртэй хүүхдүүдийг буцааж байгаа чинь арай хэтэрлээ. Чамайг хүмүүжүүлнэ ээ. Дагаад яв” гэдэг юм. Эд намайг зодох гэж байна гэж охиддоо хэлэлтэй биш. Дагаад л гарлаа. Азаар тэр үед айхтар зодоогүй, сүрдүүлэх төдий өнгөрсөн” гэж хэтэрхий сайн дарга байснаасаа болж “хэлмэгдэх” дөхсөнөө дурсав.
МАНГА ТАТАЖ СУРАХ ГЭЖ ХАЙРЫН КИНО ҮЗСЭН НЬ
Тэр үед аймгийн төвд Энэтхэгийн “Зуурдын хайр” гэдэг кино ид гарч байжээ. Хайр дурлалтай кино учраас аль ч ангийн сурагч үзэж болохгүй. Гэхдээ ахлах ангийнхан яаж ийгээд, янз бүрийн төлөвлөгөө зохиож байгаад үзчихдэг байж. Эрдэнэбаяр “Яаж ийгээд соёлын төв рүү орлоо. Кинон дундуур гэрэл астал хажууд Идэш ах сууж байдаг байгаа. Манай сургуулийн шугам зургийн багш л даа. Хамаатны маань ах. Ганц зугтдаг хүнтэйгээ халз таарчихаар яах нь тодорхой. Маргааш нь гэртээ дуудаж байгаад загналаа даа. Захирлын зөвлөлийн хурлаар оруулна л гэнэ, гэр рүү буцаана л гэнэ. Хамт үзсэн хүүхдүүдийнхээ нэрийг бич гээд цаас үзэг өгч байна. Юу гэж хэлэхэв” гээд хөгжилтэй инээв. Шүлэгмааг “Ес, аравдугаар ангийн том болсон хүүхдүүдийг хайрын кино үзэхийг хорьж байсан гэхээр сонин шүү” гэхэд Цэдэнбал “Тэр кинон дээр манга татдаг юм. Тэрийг нь сурах гэж үздэг байсан. Нэг элемент сурчих юмсан гээд болж өгвөл дахиад үзэхийг боддог байлаа. Дуу нь сонсоод баймаар их гоё” гэж ярив.
Эдний ангийн хамгийн үг цөөнтэй, самбарын өмнө гарахаараа хөлс нь цувчихдаг Эрдэнэбаяр зургийн багшаар 38 жил ажиллажээ. Аюуш багш “Багш хүнд сурагч нь таагдашгүй битүү ертөнц хэвээрээ л үлддэг шиг санагддаг. Хүнийг таньж бардаггүй юм билээ. Бүр хожим Эрдэнэбаярындаа айлчлахдаа олон янзын цуглуулгатайг нь мэдээд биширсэн шүү” гэж шавийгаа магтав.
Ангиас төрсөн ганц хос нь Дүгэржав, Шүлэгмаа гэж өмнө хэлсэн. Дүгэржав Чандманийн найман жилээс төвийн нэгдүгээр арван жилийн есдүгээр ангид элсчээ. Чандмань сум аймгийн төвийнхөө яг хажууханд гэнэ. Мань эрийг есдүгээр ангид орсон намар дотуур байранд оруулчихаж. Дотуур байрны хоолонд дасаагүй хүү байрныхаа хоолонд орчихоод гэр рүүгээ харайлгаж хооллодог байснаа ярив. Эхэндээ дотуур байранд дасч өгөхгүй гэртээ хоноод байрныхаа багшаас зэм хүртдэг байж. Сүүлдээ дотуур байранд дуулгавартай гэгч нь амьдрах болжээ. Цагаан царайтай болохоор багш нар нь юм л бол “Чи хотын хулигаан уу” гэж хөмсөг зангиддаг байсан гэнэ. Дүгэржав “Тэр үед хөдөөний хүүхдүүд хөрслөг бор царайтай байсан хэрэг. Одоо ч ялгарахаа больсон л доо” хэмээн хэлж ангийнхнаа хөгжөөв. Нэлээд дэггүй нөхөр байсан бололтой. Хувийнх нь хэрэг дээр ангийнх нь багш “Охидыг шоглодог” гэж бичсэн байжээ. Сүүлд хүү нь хараад хөөрхөн сандаргаж байсан гэнэ.
ГОЁ СОНСОГДСОН МЭРГЭЖИЛ
Эдний анги инженер, эмч олонтой. Ангийн дарга “Уул уурхайгаас ганц сод хүн төрсөн нь Алгаа. Манайхан дэндүү даруухан. Би ийм салбарт ингэж ажилласан энэ тэр гээд явсан бол мундаг хүмүүс олон бий. Төрийн сайдын хэмжээнд ажиллах хүн ч байна. Даруу зангаа багшаасаа авчихсан шиг байгаа юм” гэж байна. Химийн хичээл дээрээ тааруу дүн авлаа гэж багшийгаа сандаргаж байсан Заяа эмэгтэйчүүдийн сайн эмч болсныг ангийнхан нь дурсав. “Манай Заяа чинь мундаг эмч”, “Хүүхдэд их ээлтэй, нэг ч эндэгдэлгүй” гэж ирээд магтацгаах юм.
Конкурсын үеэр мэргэжлээ яаж сонгосноо ярьж баахан инээлдэв. Эхэнд жагссан 20 хүүхдийг гадаадын дээд сургуульд явуулахаар болж. Н.Алгаа тэдний нэг. Мэргэжлээ яаж сонгосноо “Гадаад явбал сайн гэж сонсоод л есдүгээр ангиасаа хичээж эхэллээ. Би дээрээсээ долоод жагссан юм. Нягтлан бодохын анги авах уу гэж байна. Хөдөөний хүүхдэд нягтлан бодох гэхээр сампинтай нөхөр төсөөлөгдөөд авсангүй. Бүдүүн тойм байсан байгаа биз. Тэр үед гадаадын хуваариудаас алийг нь авбал дээрийг зөвлөх хүн байхгүй. Бүгд хөдөө. Өнгөт төмөрлөгийн инженер гэж урт нэртэй мэргэжлийг сонгочихлоо. Гоё сонсогдохоор нь сонгочихсон хэрэг. Хүргэн ах дурамжхан байна аа. Хүргэн маань жолооч л доо. Чи тэр автын инженерийг нь авахгүй яасан юм, баазын дарга хийнэ шүү дээ гэдэг юм. Ингэж л мэргэжлээ сонгож байлаа” гэж дурсаад хөгжилтэй инээв.
Эрдэнэбаяр зургаан хүүхэдтэй өрсөлдөж Багшийн дээд сургуулийн зургийн ангийн хуваарь аваад хагартлаа баярласнаа ярив. Эрдэнэбаяр “Тэр үед чинь хөдөө сумдад хэний хүүхэд ямар хуваарь авав гэж эрж сурч ярилцдаг байлаа шүү дээ. Их, дээд сургуулийн хуваарь авсан айлын хүүхдийг сум даяараа ярианы сэдэв болгоно. Дээд сургуулийн хуваарь авсан хүн хөөрөөд жигтэйхэн юм болно биз дээ, томилолтоо аваад дотуур байрандаа ч оролгүй шуудангийн задгай машинаар гэр рүүгээ сүнгэнүүлчихлээ. Юун цагаан сар, наадам гэдэг шиг юун хувцас. Сүүлд нь хувцас хунараа Идэш ахад захиж байж шуудангаар авч билээ” гэж хэлээд тас тас хөхрөв.
Шүлэгмаа Анагаахын дээдэд өрсөлдөөд эм зүйчийн хуваарь дээр буужээ. Эхний дөрөв нь эмчилгээний анги авч л дээ. Тэдэн шиг эмчилгээний ангийн хуваарь авах гэж хөөцөлдсөн ч хамаатны эмч эгчийнхээ зөвлөснөөр эм зүйчээр суралцжээ. Одоо Увсад эмийн сангийн Шүлэгмаа гэхээр мэдэхгүй хүн байхгүй гэнэ. Тэр жил их дээд сургуулиудын хуваарийн ихэнхийг нь нэгдүгээр арван жилийнхэн авч байж.
1974 оны 10 “а” төгсөгчид багштайгаа хамт энэ онд 90 жил нь тохиож буй Увсын Улаангомын нэгдүгээр арван жилийнхэндээ баярын мэнд хүргэж сайхан бүхнийг хүсч байгаагаа манай сониноор дамжуулан уламжилсан юм.