Categories
гадаад мэдээ

Стивен Сигал Оросын алс дорнодын мужийн захирагч болох хүсэлтэй гэжээ

Холливүүдийн тулаант киноны од Стивен Сигал Оросын алс дорнодын Владивосток хотод болж буй кино наадамд оролцож байгаа юм.

Түүнээс сэтгүүлчид Приморский мужийн захирагч болох хүсэлтэй эсэхийг асуухад Сигал “Би ерөнхийлөгч Владимир Путины сонирхлыг төлөөлдөг хүн тул дуртайя захирагчийн албан тушаалыг хаших болно” гэж хариулжээ.

Тэрээр өөрийн өвөг дээдсийг Оросын алс дорнодоос гаралтай тул Приморский мужийн талаар ихийг мэдэх, түүнийг хөгжүүлэхийн төлөө ажиллах сонорхолтой гэсэн байна.

Сигал бас ОХУ-ын гадаад хэргийн яам түүнийг Японтой харилцах тусгай элчээр томилсон тул Москва, Токиогийн хооронд дипломат харилцааг хөгжүүлэхийн төлөө ажиллах болно гэжээ.

Гэхдээ дараа нь Сигалын төлөөлөгч Анар Рейбанд нэрт жүжигчнийг ярихдаа зарим талаар хошигнож байсан, мужийн захирагч болох хүчтэй сонирхол түүнд байхгүй гэж залруулсан байна.

Стивен Сигал 2016 оны арваннэгдүгээр сард ОХУ-ын иргэн болж байсан юм. Сүүлд болсон орон нутгийн сонгуулиар Приморский мужийн захирагчийн сонгууль будлиантаж, хойшилсон нь Сигалаас ийм асуулт асуухад хүргэсэн бололтой.

Сонгуулийн эхний шатны дүнгээр эрх баригч Нэгдсэн Орос намын нэр дэвшигч буюу одоогийн захирагч, сөрөг хүчин Либерал Ардчилсан Намын нэр дэвшигч нар шалгарсан юм.

Харин өнгөрсөн Ням гарагт болсон хоёр дахь шатны санал хураалтаар тэд бараг ижил тооны санал авсан боловч сонгууль маргаантай болсон гэдэг үндэслэлээр Сонгуулийн Хороо үр дүнг хүчингүй болгожээ.

Сонгуулийн хуулиар дахин санал хураалт арванхоёрдугаар сарын 16-наас өмнө зохион байгуулагдах юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *