“Stay with me” хэмээх онцлох бүтээлээрээ бидний танил болсон залуу уран бүтээлч Н.Энхлэнтэй ярилцлаа.
-Юуны өмнө уншигчдад өөрийгөө дэлгэрэнгүй танилцуулна уу?
-Намайг Н.Энхлэн гэдэг. 19 настай. Ээжийнхээ хамт ам бүл хоёулаа амьдардаг. Плехановын нэрэмжит орос сургуулийг гурван жилийн өмнө төгссөн. Дууны шүлэг, ая бичих сонирхолтой, чөлөөт уран бүтээлч. R&B болон dreampop стилээр уран бүтээлээ туурвидаг.
-Ямар нэгэн студи, продакшнд харьяалагддаг уу. Хамтран ажиллах санал хэр ирдэг вэ?
-Хамтран ажиллах саналууд ирдэг л дээ. Гэхдээ ямар нэг зүйлд баригдалгүй өөрийнхөөрөө, чөлөөтэй уран бүтээлээ туурвихыг илүүд үздэг. Тиймээс ч бие даан ажиллахыг сонгосон.
-Stay with me дууг тань Cstudio өөрийн Youtube хуудсандаа таны зөвшөөрөлгүй байршуулан олны хүртээл болгосон. Энэ асуудал яаж шийдэгдсэн бэ?
-Тухайн үед би “Solo” хөгжмийн продакшнд харьяалагддаг байсан. Продакшны маань ахлагчаар дамжуулан бүжигчин Т.Саруултөгс надтай холбогдсон. Өөрийн шинэ кино болох “Бүхнээс дээгүүр”-ийн албан ёсны дуугаар “Stay with me”-г сонгох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Би ч саналыг нь хүлээн авч дуугаа олны хүртээл болгосон. Үүний дараа Cstudio өвлийн тухай зохиомж хийхдээ миний дууг дэвсгэр болгон ашигласан юм билээ. Ихэнх хүмүүс албан ёсных нь клип гэж андуурдаг. Тэр бичлэг дууг маань олонд таниулахад тусалсан учраас ноцтой асуудал болголгүй өнгөрсөн.
-Хэн нэгэнд зориулж бичсэн дуу бий юу?
-Хамгийн сүүлд олны хүртээл болсон IWLA дуу маань л эзэнтэй. Бусдаар бол хэн нэгэнд онцгойлон зориулсан дуу байхгүй.
-Дуу хөгжмөөс өөр юу сонирхдог вэ?
-Би хоол хийх их дуртай. Интернэтээс санаа аваад л шинэ жор зохиож, гэртээ төрөл бүрийн хоол хийдэг.
-Одоогоор юун дээр төвлөрөн ажиллаж байна вэ?
-Би хувьдаа юу ч болоогүй байхад чанаргүй олон клип, дуу гаргахыг хүсэхгүй байна. Уран бүтээлч хүн үзэгч, сонсогчдынхоо амьдрал, сэтгэл зүрхэнд сайхан мэдрэмж, сэдэл санаа өгч байх ёстой гэж боддог. Тиймээс одоогоор өөрийн хөгжмийн авьяасаа хөгжүүлэхэд анхаарч байна. Чанартай уран бүтээл гаргах нь л хамгийн чухал гэж боддог. Манай менежер М.Болор-Эрдэнэ, дуучин Чойдог бид гурвын хамтран дуулсан шинэ дуу удахгүй олон нийтэд хүрнэ. Ая нь их шинэлэг болсон. Сонсогчдод маань “Stay with me”-гээс ч илүү таалагдах байх.
-Ямар уран бүтээлийг чанартай боллоо гэж үзэх вэ. Зарцуулсан цаг хугацаа, уран бүтээлчийн авьяас чадвар гээд л юугаар хэмжигдэнэ гэж боддог вэ?
-Ер нь бол хоёр талтай л байх. Тухайн уран бүтээлчийн хичээл зүтгэл, авьяас чадвар цаашлаад сонсогчиддоо юу хүргэхийг зорьж байгаа вэ гэдгээс уран бүтээлийн чанар тодорхойлогдоно гэж боддог. Нөгөө талаас сонсогч тухайн дуу, уран бүтээлийг хүлээн авахдаа ямар сэтгэл хөдлөлтэй байгаа вэ гэдгээс зарим зүйл шалтгаалдаг. Хүний мэдрэмжинд хүрч чадсан дуу л хамгийн чанартай.
-Таны хувьд өөрөө дууныхаа үг, аяыг зохиодог гэдгээрээ онцлогтой. Дуу бичихэд сэтгэл санааны байдал хэр нөлөөлдөг вэ?
-Дуу хөгжимтэй ажиллаж байгаа хүний хувьд сэтгэл хөдлөл ажилд нөлөөлөх үе байна л даа. Гэхдээ би хувьдаа хүсэл сонирхолоо даган урлагтай холбогдсон учраас өөрийн сэтгэл хөдлөл гэхээс илүүтэй сонсогчиддоо төрүүлэх мэдрэмжийг чухал гэж боддог.
-Дууныхаа зарим хэсгийг англи хэлээр бичсэн байна лээ. Гадаад хэлээр дуулах сонирхолтой юу?
– Орос сургууль төгссөн болохоор гадаад хэлийг багаасаа сурсан. Орос хэлийг нэгдүгээр ангиасаа, монгол, англи хэлийг хоёрдугаар ангиас эхлэн заадаг байлаа. Түүнээс гадна Youtube- ээс англи хэл дээрх бичлэг их үздэг байсан маань хэлний мэдлэгт нөлөөлсөн гэж боддог.
-Залуу уран бүтээлчийн хувьд бие даан ажиллах нь санхүүгийн хувьд хүндрэлтэй биш үү?
-Цомог гаргах, тоглолт хийх гэх мэт томоохон ажлуудад өөрийгөө арай бэлэн болоогүй гэж бодож байна. Санхүүгийн хувьд хүндрэлтэй асуудал гаралгүй яахав. Гэхдээ өөрийн дуртай, сонирхдог зүйлээ хийж байгаа учраас шантардаггүй ээ. Одоо бол шинэ жил болох гээд уран бүтээлчдийн ажил ид эхэлчихсэн байна. Миний хувьд ч бас.
-Цаашдын төлөвлөгөө юу вэ?
-Залуу хүн учраас өөрийгөө хөгжүүлэхэд анхааран, цаашид чанартай уран бүтээл гаргахыг л хүсч байна даа. Олонд танигдах гэж яарч хөдлөлгүй, зүгээр л сонсогчдынхоо сэтгэлд хүрсэн дуунуудыг бүтээмээр байна.
Э.МАРАЛМАА