Categories
мэдээ улс-төр

Стандартын шаардлага хангаагүй үрийг худалдах, импортлохыг хориглоно DNN.mn

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.06.03/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10.07 цагт эхэлж, хуулийн төслүүд эцэслэн баталлаа.

Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн протоколд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн, хууль тогтоолын төсөл, Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл зэрэг нийт 46 төслийг эцэслэн батлав.

Үргэлжлүүлэн Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа.

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин хийлээ.

Тус Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулах үед УИХ-ын гишүүн Т.Аубакир, Б.Саранчимэг, Х.Болорчулуун нар хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, хариулт авсан гэлээ.

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед төслийг гүйцээн боловсруулах чиглэлийг хуралдаан даргалагчаас өгсний дагуу Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1-д заасныг баримтлан 2 зарчмын зөрүүтэй санал, хуулийн төслийн зарим заалтаар дахин санал хураах шаардлагатай гэж үзсэн тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.3-т заасны дагуу 3 зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулж, Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос дээш буюу 72.7 хувийн саналаар тус тус дэмжсэн хэмээн танилцуулав.

Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан асуулт асуух гишүүн гараагүй бөгөөд Байнгын хороогоор дэмжигдсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулсан юм.

Санал хураалтаар төслийн 1 дүгээр зүйлийн 8 дахь заалтын 30.1, 30.4, 30.5, 30.6, 30.7 дахь хэсгийг өөрчлөн найруулах санал дэмжигдсэн. Санал дэмжигдсэнээр ойжуулалт, ойн нөхөн сэргээлтийн ажилд тухайн ойн үрийн мужлалаас гарал үүсэлтэй, стандартын шаардлага хангасан үрийг ашиглах бөгөөд үржлийн материал бэлтгэх, үйлдвэрлэхэд төрөөс дэмжлэг үзүүлэх журмыг байгаль орчны болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батлах болов. Мөн итгэмжлэгдсэн лаборатори ойн үрийн улсын нөөцийн санд нийлүүлэх болон худалдан борлуулах ойн үрийн шинжилгээ хийж, чанарын гэрчилгээ олгох бөгөөд гарал үүсэл нь тодорхойгүй, эсхүл итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээгээр стандартын шаардлага хангаагүй болох нь тогтоогдсон үрийг худалдах, импортлохыг хориглох юм байна.

Санал хураалтаар аймгийн байгаль орчны газрын харьяанд сум дундын ойн анги, нийслэлийн байгаль орчны газарт ойн асуудал эрхэлсэн нэгж байгуулж, бүтэц, орон тоог батлан, тэдгээрийн даргыг ойн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын даргатай зөвшилцөн томилж, чөлөөлөх санал дэмжигдсэн.

Түүнчлэн ойжуулалт, ойн аж ахуйн арга хэмжээг төлөвлөх, зохион байгуулах, санхүүжүүлэх болон таримал ойг үнэлэх, хүлээн авах, улсын ойн санд худалдан авах, өмчлүүлэх журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн болон байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална гэсэн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бөгөөд хуулийн төслийг УИХ-ын нийт гишүүдийн олонхын саналаар эцэслэн баталлаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *