Categories
мэдээ улс-төр

Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2017.12.13) хуралдаан 52.6 хувийн ирцтэйгээр 09 цаг 42 минутад эхэлж, Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийнтөсөл болон холбогдох бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Тэрбишдагва гишүүн танилцуулав. Ажлын хэсэг гурван удаа удаа хуралдаж, хуулийн төслийн зүйл, заалт тус бүрийг хэлэлцснээр нийт 34 саналын томъёолол боловсруулан Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр бэлтгэсэн гэлээ. Тухайлбал, техникийн зохицуулалтыг Засгийн газар хуулиар тусгайлан эрх олгосон тохиолдолд асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлахаар төсөлд тусгасан нь хоёрдмол, тодорхойгүй байдал үүсгэж байсан тул техникийн зохицуулалтыг зөвхөн Засгийн газар баталж, түүнийг хэрэгжүүлэхтэй холбоотой журмыг эрхэлсэн сайд батлахаар өөрчилжээ. Итгэмжлэлийн байгууллагыг Стандартчилал, хэмжил зүйн газрын дэргэд байхаар төсөлд тусгасан байсныг өөрчлөн, түүний бие даасан хараат бус байдлыг хангах зорилгоор асуудал эрхэлсэн сайдын дэргэд ажиллах дүрмийг Засгийн газар баталж, даргыг нь эрхэлсэн сайд нь томилж, чөлөөлөхөөр зохицуулалтыг тусгасан байна.

Аж ахуйн нэгж, байгууллагын стандартыг Стандартчилал, техникийн зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад бүртгүүлснээр уг стандарт хүчин төгөлдөр болохоор төсөлд тусгасан байсныг тухайн аж ахуйн нэгж, байгууллагын стандарт нь үндэсний стандартад нийцсэн байх шаардлагыг хуулиар тавьж, стандартын байгууллага зөвхөн бүртгэдэг байхаар төслийг өөрчилжээ. Стандартчилал, техникийн зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын удирдлагыг байгалийн болон техникийн ухааны мэдлэгтэй, төрийн албанд 10-аас доошгүй, мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан хүнийг томилохоор төсөлд тусгасан байсныг шинэчлэн батлагдсан Төрийн албаны тухай хуульд нийцүүлэн өөрчилсөн байна. Түүнчлэн тохирлын үнэлгээ хийхмэргэшсэн шинжээчийн гүйцэтгэх үүрэг, түүнд тавих шаардлагыг төсөлд нэмж тусгажээ. Хуулийн төсөлд “итгэмжлэл” гэсэн нэр томъёо хэрэглэсэн нь Иргэний хуульд заасан төлөөллийг хэрэгжүүлэх итгэмжлэлтэй андуурагдаж байсан тул “тохирлын үнэлгээний итгэмжлэл” гэж тодотгон, үүнтэй холбоотойгоор хуулийн төслийн нэрийг “Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль” хэмээн өөрчилсөн байна. Төслийн зарим заалтыг Төсвийн тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нийцүүлэн өөрчилжээ. Мөн хуулийн төслийг бүтцийн хувьд эхлээд иргэн аж ахуйн нэгжид үзүүлэх үйлчилгээ буюу үйл ажиллагааны талаарх зохицуулалтыг оруулж, дараа нь байгууллагуудын бүрэн эрх, чиг үүргийг дурдах нь зохимжтой гэж үзэн төслийн бүтэц дарааллыг өөрчилжээ.Мөн нэр томъёог жигдэлжээ. Хуулийн төсөлд техникийн зохицуулалтыг Засгийн газар батлахаар тусгасан, гэхдээ Улсын Их Хурлаас нэг удаа техникийн зохицуулалтын жагсаалтыг баталж, гэрээ, хамрах хүрээ, хязгаарыг тогтоох шаардлагатай хэмээн үзэж Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулж, хэлэлцүүлэхээр төлөвлөөд байгааг ажлын хэсгийн ахлагч танилцуулгадаа дурдлаа. Түүнчлэн шилжилтийн хугацааны зохицуулалтыг агуулсан хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг боловсруулж хэлэлцүүлэх аж. Эдгээрээс гадна хуулийн төслийн нэр өөрчлөгдсөнтэй холбоотойгоор Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, итгэмжлэлийн байгууллагын бие даасан байдлыг хангах зорилгоор Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулж, хэлэлцүүлэх шаардлага үүсээд байна гэв.

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Ундармаа, Ж.Ганбаатар, Ж.Бат-Эрдэнэ нар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авсан юм. Үүний дараа ажлын хэсгээс боловсруулсан Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх саналын 30, хамт өргөн мэдүүлсэн Эрүүл мэндийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн талаарх саналын 2 томъёоллоор санал хураалт явуулан шийдвэрлээд, энэ талаарх Байнгын хорооны санал дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээллээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *