ОХУ-ын коронавирусийн эсрэг хийсэн анхны “Спутник V” вакцины туршилтын үр дүнг танилцууллаа. Уг вакцины клиникийн гурав дахь шатны туршилтын эхний шинжилгээгээр үр нөлөө нь 92 хувьтай байна гэсэн дүн гарчээ. Энэ тухай Оросын шууд хөрөнгө оруулалтын сан (RDIF) Твиттер хуудсаараа дамжуулан мэдээлсэн байна.
Гуравдугаар шатны туршилтад нийт 40 мянган гаруй сайн дурынхан оролцож байгаа ба тэдэнд вакцин эсвэл плацебо эм хэрэглэжээ. Туршилтад оролцогсдоос 20 мянга нь вакцины эхний тунг, 16 мянга гаруй нь эхний болон хоёр дахь тунг хийлгэсэн байна.
Эхний тунг хийснээс 21 хоногийн дараа шинжилгээний дүнг гаргахад вакцин болон плацебо хэрэглэсэн хүмүүсээс 20 хүн өвдсөн тул ийнхүү вакцины үр нөлөөг 92 хувьтай байна гэсэн дүгнэлт гаргажээ. Гэхдээ тэдгээр 20 хүнээс хэд нь плацебо хэрэглэсэн, хэд нь вакцин хэрэглэсэн байсныг тодорхой хэлээгүй байна.
Ташрамд дурдахад, ОХУ 2021 оны нэг, хоёрдугаар сараас иргэдээ вакцинжуулалтад хамруулж эхэлнэ. Вакцин үйлдвэрлэгчид вакцины үйлдвэрлэл сард 5-6 сая тун болох үед вакцинжуулалтаа эхлүүлэх боломжтой гэжээ.
Эх сурвалж: ТАСС, RG