Энэ удаагийн “Нэг ангийнхан” буланд нийслэлийн Хан-Уул дүүргийн 52 дугаар сургуулийг 2009 онд төгссөн 11в ангийн хамт олон оролцож байна. 11в анги 33 сурагчтай. 17 эрэгтэй, 16 эмэгтэй. Тэд бүгд хичээлдээ жигд сайн. Тэр нь муу, энэ нь сайн гэж онцлоод байх сурагч байхгүй. Бага ангиасаа математикийн гүнзрүүлсэн анги байсан учраас хоцрогдсон хүүхэд байгаагүй гэж дуу нэгтэй хэлж байв. Бага ангийн багш нь Д.Энхбаяр. Хүүхдүүдийг багаас нь бие даалгаж сургасан сайн ангиа дунд ангийн багш Г.Долгоржавт хүлээлгэн өгчээ. Г.Долгоржав багш одоогоор 31 дэх жилдээ тус сургуульдаа ажиллаж байгаа биологийн багш хүн. Арван жилээ 52 дугаар сургуулийг төгсөж, төрөлх сургуульдаа эргэн багшаар орж ажиллажээ. 2009 оны төгсөлтийн 11в анги түүний дөрөв дэх даан авсан анги нь. Өмнөх ангиудаасаа хүүхдүүдтэйгээ илүү элэгсэг дотно ажиллаж, ангийнхандаа ганц захидаг зүйл нь нийтэч, хамт олонч байхыг сургажээ. Тиймдээ ч бусад төгсгөсөн ангиудаас нь хамгийн дотно харилцаа холбоотой байгаа нь энэ л анги гэнэ. Тэр нь юугаар нотлогдож байна гэвэл бага ангиасаа математикийн гүнзгий анги байж байгаад биологийн багш ангийг дааж авах болоход нэг бүлгийн гурван гүнзгий анги байлгахгүй гээд ангийг нь математикийн гүнзгий биш болгохоор сургуулийн захиргаанаас шийджээ. Ангийн багш хүүхдүүдэд учир байдлыг тайлбарлан бүх хүүхэд шалгалт өгөхөөр болсон байна. Гэтэл ангийнхан “Бид математикийн гүнзгий ангид орохгүй, багштайгаа үлдэнэ” гэж шалгалтын цаасан дээрээ бичээд, шалгалтаа орхиод гарсан аж. Гурван сурагч шалгалтдаа тэнцсэн ч гүнзгий ангид орохгүй гээд татгалзжээ. Сурагч Н.Биндэръяа математикийн гүнзгий ангид орсон ч удалгүй “Би энэ ангитай, багштай таарахгүй нь ээ. Хуучин ангидаа оръё” гэж гуйгаад эргэж ангидаа орсон түүхээ хуучлав. Сурагчид бүгд жигд сайн сурлагатай ч тэр дундаас бүх хичээлдээ цойлж гардаг нь Н.Биндэръяа. Одоо ч тэрбээр Польш улсад докторын зэрэг хамгаалахаар сурсаар байгааг ангийнхан нь ам уралдан ярив. Дунд ангид орсон цагаасаа ангийнхан сургуулийн тэргүүний анги байж бүх зүйл дээр манлайлдаг байв. Тэр дундаа спортоор. 2006 оноос ангийн охид хөвгүүд спортоор хичээллэх болжээ. Одооны Монгол HD телевизийн “Мода” нэвтрүүлгийн хөтлөгч Болд ангийн багшийн бас нэгэн шавь нь ажээ. Багш нь Болдод сурагчдаа хичээлээс гадуур спортоор хичээллүүлэх сонирхолтой байгаагаа хэлэхэд дэмжин ажилласан юм. Тэр үед Болд сургуулийнхаа заалыг хариуцан ажиллаж байсан гэнэ. Тэгээд багшийнхаа таван шавийг анх авч ажиллаад спортод дуртай болох үүдийг нь нээж өгчээ. Тиймээс ангийн охид хөвгүүд 2006 оноос хойш сургуулийнхаа болон дүүрэг нийслэлд амжилт гаргасан сагсанбөмбөгийн тамирчид болсон байна. Есдүгээр ангид байх жил нь Хан-Уул дүүрэг анх удаа дүүргийн аварга шалгаруулах сагсанбөмбөгийн Гран При тэмцээн зохиожээ. Ангийнхан уг тэмцээнд түрүүлж дүүргийнхээ сагсанбөмбөгийн Гран При шагналыг хүртсэн дурсгалын цом, самбар нь одоо хүртэл ангид нь хадгалаастай байлаа. Сурагчид тэмцээн уралдаанд оролцохдоо маш идэвхтэй. Бэлтгэлээ маш шургуу сайн хийж орсон тэмцээн болгондоо амжилт гаргадаг байснаараа бахархаж байв.
Мөн Боловсрол телевиз анх байгуулагдаж байх үедээ сурагчдын дунд зохион бичлэгийн уралдаан зарлахад ангийн сурагч Б.Гэрэлтуяа түрүүлж байжээ. Тиймээс ангиараа Боловсрол телевизийн нэвтрүүлэгт орж, өөрсдөө бүтээл урлан түүгээрээ ангиа чимжээ. Боловсрол телевизийн хамт олон тэдэнд модон урлал хийх арга зааж ангидаа хувцасны өлгүүр, багшийн ширээ, үзүүлэнгийн шкаф хийж тавьж байсан нь сайхан дурсамж болон үлдсэн байна. Ангийн багш Г.Долгоржав ангийнхаа тухай ярихдаа “Манай ангийнхан бүгд нэгнээ гэсэн чин сэтгэлтэй. Нэг зүйл даалгахад бүгд бие биенээ түшиж тулан, тусалж дэмжиж ажиллаж чаддаг сайхан хамт олон. 2013 онд би хагалгаанд орсон юм. Хагалгааны дараа ангийнхан маань манай хүүгээс дуулчихаад 20-иод хүүхэд эмнэлэгт эргэж ирж байлаа. Хагалгаанд ороод удаагүй маргааш нь манай ангийнхан ирээд дуудаж байна гэхэд тэр эмнэлгийнхэн их гайхаж байлаа. “Төгсөөд олон жил болчихсон хүүхдүүд багшийгаа эргэхээр ийм олуулаа ирдэг юм уу. Одоо ийм олноороо ирдэг шавь нар байдаг юм байх даа. Ямар сонин юм. Хэдэн оны төгсөлт юм бэ” гэхэд нь “2009 оных” гэтэл “Ямар мундаг хүүхдүүд вэ. Сайхан сэтгэлтэй юм” гээд ангийнхныг минь магтаж байлаа” гэв. Үүнээс үзэхэд ангийнхан нэгнээ гэсэн сэтгэлтэй, байнга бие биедээ санаа тавьж, асууж сураглаж, харилцаа холбоотой байдаг ажээ. Харилцаа холбоо хөгжсөн өнөө үед онлайнаар байнга холбоотой байж, үндэсний баяр Цагаан сар болгоноор ангийнхан багштайгаа золгодог уламжлал тогтжээ.
Ангийг эв найрамдалтай, нийтэч байлгадаг нэг зүйл нь ангийн багш жил болгоны хавар, намар зугаалгаар авч явдаг байжээ. Сургуулийн захирал Д.Батбаяр “Танай ангийнхан байнга зугаалгаар явах юм аа. Намар ч явж байдаг, хавар ч явж байдаг, танай анги шиг ийм нийтэч анги алга” гэдэг байв. Ангийн багш нь хүүхдүүдтэйгээ өөр арга барилаар харьцаж, найз шиг нь ойр дотно харилцахын тулд ийм аргыг сонгосон аж. Мөн ангийнхан цэвэр цэмцгэр байдлыг эрхэмлэдэг. Ангиа байнга цэвэрлэдэг цэвэрч хамт олон байжээ. Тэр үеийн эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ төлөө багш, сургуультай маш сайн харилцаа холбоотой ажилладаг байсан гэнэ. Сар бүр графикаар эцэг эх, сурагчидтай хамт хийх ажлыг гаргачихдаг. Нэг сар нь эцэг эхчүүдийн дундах спортын уралдаан тэмцээн зохионо. Дараа сар нь Кофе юу, цай юу нэртэй эцэг эх, багш, сурагчдын уулзалт хийж орчин үеийн хүүхдүүдийн тухай яриа өрнүүлэн, энэ хүүхдийн энэ зан чанарыг ингэж төлөвшүүлнэ. Энэ хүүхэдтэй ингэж хамтран ажиллах хэрэгтэй гэх мэтээр зөвлөгөө өгч, багш нь болон хамтран ажилладаг байснаа ангийн хамт олон дурсацгаав.
Одоо ажил амьдрал дээр гараад сайн явж байгаа сурагчдаас дурдвал Г.Баясгалан АНУ руу оюутан солилцоогоор явуулдаг. Ангийн дарга Н.Биндэръяа Польш улсад докторын зэрэг хамгаалахаар сурч байгаа. Н.Сарнай 2018 оны Гоёл наадмын тэргүүн Топ моделиор шалгарсан зэргийг дурсан ярилцахад энэхүү ангийнхныг бахархахгүй байхын аргагүй санагднам. 52 дугаар сургуулийн нэгэн төлөөлөл болсон 2009 оны төгсөлтийн 11в ангийг энэ удаа онцоллоо.
Та бүхэн ч гэсэн анги хамт олонтойгоо оролцохыг хүсвэл “Өдрийн сонин”-ы редакцид хандаарай.