Нүүрсний хулгайг ил болго хэмээн шаардаж байгаа иргэдийн жагсаалтай холбоотойгоор өнгөрөгч даваа гаригт УИХ ээлжит бусаар цахимаар хуралдсан.
Энэхүү цахим хуралдаанаар жагсаалтай холбоотойгоор онц байдал тогтоох шаардлагагүй гэж үзсэн ч цаашид нөхцөл байдал даамжирвал Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжөөр холбогдох арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Улсын Их Хурал дэмжсэн. Тэгвэл цаашид нөхцөл байдал даамжирвал Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжөөр холбогдох арга хэмжээ авч хэрэгжүүлэх эрх хэдий хүртэлх хугацаанд хүчинтэй талаар гишүүдийн байр суурийг сонслоо. Гишүүдийн байр суурийг ажиглахад УИХ-аас ҮАБЗ-д шилжүүлсэн эрх хэзээ дуусгавар болох нь одоогоор тодорхойгүй байна.
УИХ-ын гишүүн Ц.Туваан: -АН хэдхэн гол зарчмын үзэл баримтлалыг тунхагладаг. Үүний доторх иргэдийн үг хэлэх, жагсаж цуглах, хэвлэн нийтлэх, мөн хувийн өмч, хувь хүний бусад эрхийг хамгаалахын төлөө АН зогсдог. Цаашид ч зогсоно. Үүний хамгийн гол эрх болох иргэд үг хэлэх, жагсаж цуглах эрхэд бодитойгоор халдах гэсэн оролдлого онц байдал тогтоох асуудлаар илэрсэн. УИХ-ын даргын зүгээс нэгдсэн чуулганыг 20:00 цагт цахимаар зарлаж Засгийн газраас онц байдал зарлах асуудлыг оруулж ирсэн. Хуралдаанд үг хэлэх, байр сууриа илэрхийлэх боломж гараагүй. Энэ асуудлаар шийдвэр гарч, дэмжлээ гэдэг санал хураалт явагдсан. Хэдэн гишүүн хуралд оролцож, хэд нь дэмжсэн юм бэ, бүү мэд. Дэмжлээ гэсэн. 30 минутын дараа УИХ-ын хуралдаанаар дэмжээгүй гэдэг мэдээлэл УИХ-ын албан ёсны сайтад мэдээлэгдсэн. Ингээд хоёр салаа байр суурь гарчихсан. УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлж намрын чуулган хуралдаж байгаа энэ цаг үед парламент хуралдаж шийдвэрээ гаргах хуулийн бүрэн эрх нь УИХ-д л ганцхан бий. УИХ-ын чуулган завсарласан хойгуур ийм асуудал үүссэн бол хуулиар Ерөнхийлөгч зарлиг гаргаж шийдвэрлэх эрхтэй. Энэ эрхийг нь долоо хоногийн дотор УИХ хуралдаж батламжлах, эсвэл цуцлах эсэхийг шийдэх эрхтэй. Ийм байтал УИХ-ын чуулган хуралдсан нэртэй энэ эрхээ Ерөнхийлөгч рүү ч юм шиг, ҮАБЗ рүү ч юм шиг, эсвэл дэмжээгүй ч юм шиг тодорхойгүй байр суурь илэрхийлж болохгүй. Ийм хүнд нөхцөл байдалд асуудал тов тодорхой байх ёстой. Хэрвээ цахимаар хуралдаагүй бол АН онцгой байдал тогтоож, жагссан иргэддээ хүч хэрэглэх, хүчээр тараахыг дэмжихгүй.
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар: -Өчигдрийн чуулган хаалттай, нууцлалтай явагдсан болохоор хариулт өгөх боломжгүй байна. УИХ-ын Тамгын газраас тодруулах нь зүйтэй байх.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар: -Би дэмжээгүй. Хугацаа яриагүй. Гурван өндөр ч билүү тэнэг ч билүү, тэд ажлаа хий. Тодорхой хулгайд хам хэрэг хийгээгүй бол хулгайчдад хариуцлага тооц.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: -УИХ-аас төрийн гурван өндөрлөгт онц байдал зарлах эрхийг шилжүүлээгүй. Хуулиар УИХ-ын чуулган хуралдах боломжгүй үед Ерөнхийлөгч онц байдал зарлах эрхтэй юм байна лээ.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: -ҮАБЗ хуралдаж асуудлуудаа шийдэх байх. ҮАБЗ-д төрийн гурван өндөрлөг багтдаг шүү дээ. Засгийн газраас асуудлаа дэвшүүлж байгаа байх. Ерөнхийлөгч харж байгаа биз. УИХ-аас зайлшгүй шаардлагатай үед тодорхой шийдвэрүүдийг гаргана гэдэг утгаараа төрийн гурван өндөрлөг орж ирж байгаа байх. Тиймээс асуудлууд ҮАБЗ-өөр шийдэгдэж, тодорхой арга хэмжээнүүдийг авах байх. Бид хугацаа зааж өгөөгүй. Холбогдох ажлын алба ажиллаж байгаа. Тэднээс мэдээлэл авсан нь зөв байх.
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг: -Төрийн эрхийг хууль бусаар авах санаачилга, оролдлого болоод онц байдал зарлавал ҮАБЗ-ийн зөвлөмжөөр холбогдох арга хэмжээ авна. Харин иргэд санал бодлоо илэрхийлэхэд ямар нэгэн хориглох асуудал байхгүй гэж хуралдаанаар ярьцгаасан даа.