Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

SPEAK OUT: Нүүрсний орлого Хятадад эргэлдэж, бараа болон орж ирж байгааг гишүүд эсэргүүцэж байна DNN.mn

УИХ-ын чуулганы үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “Эрдэнэс таван толгой”-оос их хэмжээний мөнгөний урсгал Хятадын компани руу, тэр дундаа барилгын компани руу гарчээ. Энэ нь ам.долларын ханшийг огцом өсгөх, валютын нөөцийн хомсдолд хүргэх гол нөлөөлөл үзүүлсэн” хэмээн Монголбанкны ерөнхийлөгчөөс лавласан. Гишүүний хэлснээр нүүрсээ бид зараад л байдаг харин орлого нь Монгол руу буцаж ордоггүй, Хятадад барилгын материал болж, манайх руу оффтейк гэрээ гэх зүйлээр халхавч болон орж ирж байгаа нь ам.долларын ханш өсөх гол шалтгаан болж байна. Нөгөөтэйгүүр нүүрсний орлого гэх 2,5 тэрбум ам.доллар хятад барилгын компани руу орсон гэх. Үүнд Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Энэхүү хөрөнгө Төв аймаг дахь Бөөрөлжүүтийн талд баригдах цахилгаан станц”-ын төсөлд барилгын материал болж зарцуулагдсан” гэж хариулсан байдаг. Нүүрсний орлого Монголд бус Хятадад эргэлдэж байгаа нь эдийн засгийн хямрал, валютын нөөцийн хомсдол, төгрөгийн ханшийн уналтад голлож нөлөөлж байгаа юм. Тиймээс энэхүү нүүрсний орлого, мөнгөний урсгал яагаад Монгол руу орж ирэхгүй байгаа, ямар барилгын компаниуд, ямар төсөл хөтөлбөрүүд үүнд хамаатай эсэх асуудлаар УИХ-ын гишүүдээс тодрууллаа.


УИХ-ын гишүүн С.Одонтуяа: -Парламентын засаглалтай улсад ийм асуудлыг УИХ-аар оруулж шийдэх ёстой. Нэгдүгээрт, ийм гэрээнээс Монголын төр татвар авч чадахгүй байгаа нь парламентын эрх мэдэлд халдсан хэрэг гэж ч дүгнэж болно. Хоёрдугаарт, газрын баялаг хатуу валют болж Монголд орж ирэх ёстой. Ингэснээр валютын ханш тогтворжиж үнийн өсөлт хэт цойлохгүй. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын нийгэм, эдийн засагт чухал нөлөө үзүүлж байх ёстой. Гуравдугаарт, Монголбанкны мөнгөний бодлогод харш үйлдэл байна гэж дүгнэж болно. Дөрөвдүгээрт, Үндсэн хуулийн 6-д Газар доорх байгалийн баялаг ард түмний өмч гэж заасан байдаг. Энэ гэрээний хувьд компанийн захирлын өмч болсон байна. Тавдугаарт, ийм гэрээний цаана авлига нуугдаж байдаг. Энэ бүхнийг дүгнэвэл Монгол Улсын маш олон хуулийг зөрчсөн, эдийн засгийн аюулгүй байдалд ноцтой хохирол учруулсан үйлдэл мөн. Оффтейк гэрээний хувьд ийм байна.

УИХ-ын гишүүн Т.Доржханд: -Өнгөрсөн жилүүдэд нүүрсний үнэ огцом өсч, зарим үед боомт дээр арилжаалах үнэ 500 ам.долларт хүрч байв. Гэтэл манай нүүрс уурхайн амны үнээр буюу ердөө 60-70 ам.доллараар зарагдаж, зөрүү нь хилийн цаана оффшор дансанд үлдсэн нь үнэн. Энэ бол сүүлийн 15 жилийн нүүрсний далд пирамидын хийсэн хулгай юм. Ядаж орж ирж байгаа жаахан орлогоо төсөвт төвлөрүүлж, УИХ-аар иргэдэд нээлттэйгээр хэлэлцэж, зарцуулах ёстой санхүүжилтийг улсын нууцад оруулж, зах зээлийн үнээс хэд нугалсан төмөр зам зэрэг ажлыг санхүүжүүлсэн нь бас л хулгай. Ядаж тавьсан төмөр замын нэг нь мухар, нөгөөх нь ашиглалт байхгүй. Нууцад оруулсан гэрээг ил болгож, хулгайг зогсоох нь зөв. Гадаад валютын нөөцөө алдсан өнөө үед хулгайн гэрээнүүдийг хойш тавьж, яаралтай ам.доллараар нүүрсээ зарах л хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа: -Их хэмжээний мөнгийг төсвийн гадуур хяналтгүй захиран зарцуулах эрх байхгүй. Харин тэр станцын асуудлаар ёстой мэдэхгүй байна. Ам.долларын шинэ эх үүсвэр бий болгох, валютын нөөцийг нэмэгдүүлэх хэцүү дээ. Юуны өмнө энэ бүх долларыг гаргахгүй барих, орлогоо центээр нь тоолох нь чухал.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг: -Бартер, оффтейк зэргийг би хувьдаа дэмжихгүй байгаа. Үнэхээр бараа, материал авах шаардлагатай бол дотоодод орж ирсэн хөрөнгөөрөө буюу өөрсдийнхөө мөнгөөр л авч байх естой. Өөрөөр хэлбэл, мөнгийг нь төлөөд л авах нь зөв юм. Бөөрөлжүүтийн станцын асуудал УИХ-ын чуулганаар орж байгаагүй. Харин Засгийн газрын тэмдэглэлтэй, Хөгжлийн банкны санхүүжилттэй л юм байна лээ.

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир: -Энэ талаар надад нарийн мэдээлэл алга. Энэ сэдвээр яриа өгөхөд мэдээлэлтэй байж өгөх нь зөв болов уу. Оффтейкийн гэрээгээр борлуулсан их хэмжээний нүүрс байдаг л бололтой.

УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн: -Таны байр суурьтай санал нэг байна. Нүүрсний орлогыг яаралтай оруулж ирэх нь зөв. Тэгж байж бид валютынхаа нөөцийг нэмэгдүүлээд зогсохгүй ханшийн өсөлтийг тогтоож чадна.

Сангийн сайд Б.Жавхлан: -Энэ асуудлаар зөндөө хэлсэн. Үүнийг бүгд л ярих ёстой байна. Тиймээс Засгийн газраас энэ асуудлаар онцгой анхаарч, зарим арга хэмжээг авч ажиллаж байгаа. Тухайлбал, Эрдэнэс таван толгой компани дээр онцгой дэглэм тогтоосон. Тиймээс урагшаа гарч байгаа нэг тонн нүүрс болгон эргээд валют болж орж ирдэг ийм чиглэл барин ажиллаж байна. Энэ асуудлаар Эрдэнэс таван толгой компани дээр ажиллаж байгаа бүрэн эрхт төлөөлөгчид тайлангаа тавьсан. Тайлангаас харахад нааштай үр дүнгүүд эхнээсээ харагдаж байгаа. Улмаар цаашид хоёр долоо хоног тутам Засгийн газарт тайлангаа тавьж байхаар болсон. Тиймээс энэ асуудлыг тухай бүрд нь Засгийн газраас мэдээлээд явна.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: -Нүүрсний орлогын тухайд хэд нь ороогүй, хэд нь орсон, татвар төлсөн эсэх асуудлыг бүгдийг нь шалгах ажил хийгдэнэ гэж үзэж байна. Бөөрөлжүүтэд баригдах цахилгаан станцын төсөл УИХ-д танилцуулагдаагүй байна, одоохондоо. Хятадын хөнгөлөлттэй зээлээр тавдугаар станцыг тэнд барина гэсэн яриа яваад байгаа юм билээ. Түүнээс биш яг эцсийн байдлаар шийдэгдсэн зүйл байхгүй. Энэ жилийн тухайд суурилагдсан хүчин чадлаасаа 10 гаруй хувиар хэрэгцээ нь давж байгаа. Энэ утгаараа дараагийн станцыг барихгүй бол болохгүй. Жил бүр 5-6 хувиар хэрэгцээ өсдөг. Тиймээс Монгол Улсын хамгийн том асуудал бол цахилгаан эрчим хүч, дулааны хангамжийн асуудал юм. Аливаа зүйлд эрх ашгийн эрэмбэ гэдэг зүйл байдаг. Богд Хан төмөр зам барих, Дорнодын Тамсагаас Дорноговь руу татах нефтийн хоолой барих зэрэг нь чухал. Өмнөговьд төмөр зам барих нь ч бас чухал. Яг энэ хямралтай, валютын нөөц хомсдолд орчих үед нөгөө оффтейк гэрээ гэдгээр валют нь гадагшаа гараад тэр нь барилгын материал болж орж ирээд байгаа нь буруу. Энэ бол хямралыг улам өдөөж байгаа асуудал.

УИХ-ын гишүүн Д.Ганбат: -Энэ асуудалтай бүрэн санал нэг байгаа. Манай нам, сөрөг хүчний зүгээс энэхүү асуудалд шаардлага тавьж ажиллах болно.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *