Үхэлд хүргэх зүрхний эмгэгүүд дотроос хамгийн түгээмэл нь зүрхний хэм алдагдал буюу аритми. Зүрх тайван байдалд нэгэн жигд агшиж чадахгүй байхыг зүрхний хэм алдагдал гэдэг байна. Зүрх хэвийн хэмжээнээс түргэн, эсвэл удаан агшихыг эмгэг гэж тодорхойлдог.
Зүрхний хэм алдагдалд тодорхой нэг шинж тэмдэг байдаггүй. Хамгийн түгээмэл шинж нь гэвэл зүрх хэвийн зүгээр байж байснаа гэнэт амаар гарах шахам огцом, хүчтэй дэлсээд эхлэх явдал. Ийм тохиолдолд шинжилгээ хийлгэж зүрхний эмгэгтэй эсэхээ тогтоолгох нь зүйтэй.
Ямар ч хүн шатаар хурдтай алхах, гүйх зэргээр ердийнхөөс их ачаалал өгөхөд зүрх дэлсдэг. Энэ бол эрүүл дэлсэлт юм. Харин тайван байхад гэнэт дэлсээд эхэлбэл эмгэг дэлсэлт болно. Үүнээс гадна зүрхний дэлсэлт тухайн хүний насанд тохирсон байдаг. 50 настай эмэгтэй хүний зүрхний цохилт 140-150 хүрч дэлсвэл эмгэг. Харин 20 настай эмэгтэй хүний зүрх ингэж дэлсэж байвал эрүүл байж болох талтай. Түүнчлэн зүрхний цохилтын тоо цөөрөн толгой эргэж, нүд эрээлжилж, газар дайвалзаж унах гэж байгаа юм шиг болох нь бий. Энэ бол мөн л зүрхний хэм алдагдсаны шинж учраас яаралтай эмнэлэгт хандах хэрэгтэй.
Хүмүүс зүрхэн тус газар хатгахыг зүрхний өвдөлт гэж андуурдаг. Гэтэл зүрхний өвдөлт арай өөр. Өвчүүний ард чулуу дүүжилчихсэн, дарчихсан юм шиг өвддөг байна.
Зүрхний хэм алдагдлыг эмчлүүлэхгүй удаан явбал хүндэрч, тархинд цус харвах шалтгаан болдог ажээ. Харвалт өгснөөр тухайн хүн өдөр тутам хийдэг зүйлээ хийх чадваргүй болдог. Үүний сацуу зүрхний дутагдал үүснэ. Хэм алдагдсанаас болж зүрх гэнэт зогсох ч эрсдэлтэй.
Зүрхний хэм алдагдлаас сэргийлэхийн тулд хамгийн чухал нь дасгал хөдөлгөөн тогтмол хийх хэрэгтэй. Ер нь зүрхний хэм алдагдлаар огт өвдөхгүй байх боломжтой юм. Судалгаагаар, насанд хүрсэн гурван хүн тутмын нэг нь зүрхний хэм алдагдлаар өвчлөх магадлалтай гэсэн дүгнэлт гарчээ. Тухайн өвчлөх магадлалтай хүн дасгал хөдөлгөөн сайн хийвэл тэр хэмжээгээр зүрхний хэм алдагдлын эмгэгтэй болох магадлалыг багасгаж, огт өвдөхгүй амьдарч ч болдог.
Идэвхтэй хөдөлгөөнтэй амьдралын хэм маягтай хүмүүст зүрхний хэм алдагдал бага тохиолддог, тохиолдсон ч хурдан эдгэдэг нь тогтоогджээ. Тиймээс алхах, гүйх, аэробикоор хичээллэх, усанд сэлэх, дугуй унах, йогоор хичээллэх зэрэг дасгал, хөдөлгөөн хийх нь чухал ажээ.