Их хурлын чуулган, байнгын хороодын хуралдаан дээр аливаа хуулийг хэлэлцэхэд тухайн салбар яамны нөхдүүд, ажлын хэсгийнхэн гишүүдийн асуултад хариулж, тайлбар хийдэг. Ихэвчлэн яамны хээнцэр залуу дарга нар байгаа харагддаг. Харамсалтай нь тэдний ихэнх нь гишүүдийн асуултад маш ойлгомжгүй, тоомжиргүй, биеийнхээ хэлэмжээр ихээхэн дургүйцсэн маягтай хариулт өгч байгаа нь ажиглагдах юм. Монгол Улсын иргэний амьдрал, хувь заяатай холбоотой зүйлд ингэж хүйтэн хөндий ханддаг нь ямар учиртай юм бэ. Мөн тухайн асуудлын үнэн учрыг нь олох гэсэн, энэ ер нь юу болчихов гэдгийг мэдэх гээд хүлээж суугаа иргэдийг төөрөгдүүлж мунхруулан, уг хуулийг бүр хоёр утгатай болгон “самардаг” нь хэнд ашигтай юм бол.
Сүүлийн ганцхан жишээ дурдъя. Эдийн засгийн байнгын хороо төсөв хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбатаас хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж яамдын дэргэд байдаг спорт холбоод, дуу, бүжгийн чуулгууд татан буугдах уу гэж асуусан. Өнөө хурган дарга нарын жишгээр Ж.Ганбат маш ойлгомжгүй хариуллаа. Энхбаяр гишүүн дахиад асуулаа, бас л ойлгомжгүй төсөв энээ тэрээ гэсэн хариулт өглөө. Тэгтэл гишүүн гурав дахиа асуухдаа “Бид бол хууль ярьж байна. Хууль чинь гарангуутаа хэрэгжинэ. Хууль салаа утгагүй ойлгогдох ёстой. Та ярианаасаа буцаж байна. Энд олон хүний амьдрал, цалин хөлстэй холбоотой асуудал яригдаж байна” гэж учирлаад спорт холбоод болон дуу бүжгийн чуулгыг нэг бүрчлэн нэр цохож асуусан юм.
Тэгэнгүүт “Энэ нэг нойтон хамуу шиг юманд үнэнийг нь хэлэхгүй бол болохгүй нь” гэсэн шиг спорт хороодын тамирчид, Н.Батсуурь тэргүүтэй бөхчүүд Биеийн тамир спортын улсын хороонд, чуулгынхан Соёлын яаманд харьяалагдана гэдгийг хэллээ. Үүнийгээ мэдэж байсан юм бол эхлээд шууд ойлгомжтойгоор ингээд хариулчихаж болохгүй байсан юм байх даа. Ард түмнийг басамжилж байгаа мэт иймэрхүү нөхдийг нийтээрээ сайн шүүмжлэх хэрэгтэй байна. Яамдын хурган дарга нар, хуулийн ажлын хэсгийнхнийг ажилдаа хариуцлагатай хандахыг байнга сануулж байх хэрэгтэй.