Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Үндсэн хуулиар олгогдсон эрхийг тань сануулъя DNN.mn

Өнгөрсөн оны УИХ-ын тухай хууль болон Үндсэн хуулийн өөрчлөлтөөр нэгэн шинэ заалт орсон. Тэр нь таны тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн ажлаа гүйцэд хийж чадахгүй байгаа бол сонгогчдын нийт саналаар эгүүлэн татаж болдог хуулийн заалт бий. Хэрэв та үүнийг мэдсэн бол ганцаараа санал гаргаад нэмэргүй юм байна гэж битгий бодоорой. Таны гаргасан санал бусдыг манлайлна. Та л хүсч байвал бусад нь таныг дагана, таны уриалгад нэгдэнэ гэдгийг сана.

Хэрвээ танай тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн ажлаа хийж чадахгүй байгаа бол та харьяа хороондоо саналаа хүргүүлэн шийдвэрлүүлэх хуультай. Ганцхан таны санал очлоо гээд асуудал яригдахгүй байна гэж байхгүй. Та саналаа өгсөн л бол таны асуудлыг аль нэг тийш шийдвэрлэх арга хэмжээг авсан талаар холбогдох газраас мэдээлнэ. Тиймээс та битгий санаа зовоорой. Нэг тойргоос гуравны нэгийн санал авахад л тухайн нэр дэвшигч УИХ-ын гишүүнээсээ татгалзах санал хураалтад орно. Тэр утгаараа та өөрийн тойргийн сонгогдсон УИХ-ын гишүүнээ эгүүлэн татъя гэж бодож байгаа бол энэхүү саналаа харьяа хороондоо өгөх нь зүйтэй. Таны саналыг хүлээн авсан хороо шийдвэр хэрхэн гарч байгаа талаар өдөр бүр мэдээлэх үүрэгтэйг та мэдэх үү.

Мөн та төрийн албанаас шаардах эрхтэй шүү. Хувь хүн ч өөрийн тойргоосоо сонгогдсон УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах санал гаргах бүрэн эрхтэй. Гагцхүү тэр саналаа олон нийтэд ил болгож, дэмжлэг авбал тухайн сонгогдсон тойргийн гишүүн тань эгүүлэн татагдах үндэслэл бий болно гэсэн үг. Энэхүү зарчим угтаа олон улсад хэрэгждэг ч манай улсад шинэ төрлийн соёл учраас нийгэм ойлгохгүй байх магадлалтайг улстөрч судлаачид хэлдэг.

Иймд та өөрийнхөө тойргоос сонгогдсон гишүүнээ эгүүлэн татъя гэсэн санал гаргасан л бол танд ямар нэгэн хариу мэдээлэл ирнэ. Ирсэн тэрхүү мэдээллийг та нягтлан харж хариу арга хэмжээ авах бүрэн боломжтой гэдэг Үндсэн хуулиар олгогдсон эрхийг тань сануулъя. Таны өмнөөс тэр хууль хэрэгжүүлж байна. Та өөрийнхөө саналыг хэлэх, хэлэлцүүлэх үүрэгтэй. Хэрэв таны саналыг хэлэлцүүлгийн явцад болон бусад тохиолдолд дурдахгүй үлдээх аваас та шүүхэд хандах бүрэн эрхтэй. Та бол төр баригч гэдгийг дахин сануулъя.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *