Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР. “Шинэ жилдэх” гэж буй хамт олныг битгий шүүмжлээрэй! DNN.mn

Хүн бүрийн хүсэн хүлээдэг шинэ жилийн баяр айсуй. Он гарахад ердөө 52 хоног л үлдэж. Энэ тоо 30 руу багасаад ирэхээр энд тэнд байгууллагуудын шинэ жил өдөр шөнийг алгасалгүй болдог уламжлал тогтоод удаж байна.

Ерөөсөө гэр бүлийн гишүүн бүр энэ мэтээр ямар нэгэн салбарын шинэ жилд орж л таарна. Тиймээс эртнээс ажил төрлөө зохицуулах, гэр бүлийн гишүүн тус бүрийн үүргийг ёолкдох өдөртэйгөө уялдуулж, төлөвлөгөө гаргаж ажиллахыг өрхийн тэргүүн үүрэг болгож, гүйцэтгэх засаглал буюу ээж төсвийг нь баталж өгнө байх. Гэр бүл дэх шинэ жилийн хуваарь нэг иймэрхүү. Энэ мэт хамт олон, албан газрын шинэ жил хэдийнэ эхэлчихсэн байна, цаагуур чинь. Энэхүү үзэгдэл нь нийгэмд өдөр ирэх тусам улам тод, улам илэрхий болж ирэхээр зарим хүмүүст ядаргаатай санагдаж эхэлнэ. Улмаар өөрөө түрүүлж “Шинэ жилдчихсэн” мөртлөө бусдын үйлдэл төвөгтэй санагдаж, сошиалаар элдэв бусаар нь харааж, ерөөж шүүмжилнэ. Интернэт, сошиал, цахим сүлжээг ганц ашиглаж сурсан монголчуудын зан шүү дээ.

За тэр ч яах вэ, энэхүү шүүмжлэл олшроод ирэхээр нийгмийн нэг гаж үзэгдэл, буруу хандлага мэтээр ойлгож эхэлнэ, нөгөө шинэ жилийг чинь. Улмаар шашинтай холбоно, манайх, танайх гэж ялгана, архи дарс боллоо, шинэ жилээс л болж улс орон сүйрлээ гэдэг рүүгээ ч орно. Зарим нэг нь бусдаасаа дутчих гээд, зоригтой шүүмжилчихье гэхээр бас нэг муу нэрээ бодосхийнгээ хөнгөхөн хорлочих аястай “Ер нь бид цагаан сараа л сайхан хийчихэд л болно” гэх маягийн шүүмжлэл постлоод сэтгэл нь амарна. Иймэрхүү шүүмжлэл сошиалаар төд удалгүй л үзэгдэж эхэлнэ, та минь, харж л байгаарай. Тиймээс эртнээс хэдүүлээ хэрсүү байя гэдэг шиг шүүмжлэл, их галын өөдөөс эсэргүүцэх хамгаалалтуудаа авч эхэлсэн нь дээр. Болж өгвөл төрийн албаныхны шинэ жилийг хувийн аж ахуйн нэгж, байгууллагуудын шинэ жилийн дараа зохион байгуулах журам гаргах хэрэгтэй. Тэгэхгүй бол эхлээд төр нь ёолкодчихвол нөгөөх айхавтар шүүмжлэл чинь ёолкдоогүй байгаа хувийн хэвшлийнхнийг баллаж орхино. Тиймээс юм бүхэндээ зөв чиг шугамаа барьж, доороо суурьтай, дотроо бодолтой явахгүй бол болохгүй шүү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *