Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Мэдрэлийн гаралтай горойлт гэж юу вэ? DNN.mn

Улаан хоолойн булчин түр зуур агшихыг мэдрэлийн гаралтай горойлт гэдэг байна. Энэ нь мэдрэлийн ядаргаа болон хэт санаа зовох үед тохиолддог аж. Горойгоод, шүлсээ залгиж чадахгүй байна гэсэн зовуурь хэлэх хүн цөөнгүй. Гэтэл дурангийн шинжилгээ хийгээд үзэхээр хэвийн байх жишээтэй. Тийм тохиолдолд горойлт сэтгэл санааны гутрал буюу мэдрэлийн гаралтай үүссэн гэсэн үг. Ер нь булчингийн чангарал юуны өмнө хүний улаан хоолойд мэдрэгддэг байна.

Горойх хам шинж нь сэтгэл санааны хямралаас гадна нойргүйдлээс үүдэх нь бий. Нойр хулждаг хүний булчин чангарч, улмаар улаан хоолой нь агшдаг. Хэрэв горойлт өгөөд зовуурьтай байгаа бол эхлээд сэтгэл зүйгээ тайван байлгах ёстойг эмч нар зөвлөж байна. Учир нь шөнө гүн унтаж байх үед биеийн бүх булчин тайвширч сулардаг. Гэтэл гүн нойроо авч чадахгүй, дэлгэцээс хамааралтай ажил хийхээс болж горойх хам шинж үүсдэг аж. Мөн ядрах, стресстэх, уурлаж бухимдах бүрийд улаан хоолойн булчин зангирдгийг мэдэхэд илүүдэхгүй. Зарим хүний ходоодны булчин зангирч өвдөх ч тохиолдол бий. Хамгийн түрүүнд авах арга хэмжээ бол дурангийн шинжилгээнд орох явдал. Дуран оношлохоос гадна эмчлэх давуу талтай.

Өвчтэй байх гэж бодоод явж байсан хүн дурандуулаад эрүүл гэдгээ мэдээд сэтгэл санаа нь өөдрөг болдог. Тэгэхээр горойх хам шинж илэрсэн хүмүүс дурангийн шинжилгээнд орох л хэрэгтэй гэж зөвлөе. Гэхдээ нэг анхаарах зүйл гэвэл, горойлт үүсээд удсан бол улаан хоолойн ямар нэг эмгэг байна гэсэн үг юм. Түүүнийг мөн л дурандуулж байж мэдэх боломжтой. Зарим хүн хоолоо идээд, сайн унтаж амарчихаад босоод ирэхээр зүгээр болчихсон гэдэг. Мэдрэлийн гаралтай эмгэг сайтар амрахад арилдаг талтай учраас л тэр.

Ер нь ямар ч тохиолдолд горойх хам шинжийг аль болох эрт дурангаар оношлуулах нь зүйтэй. Учир нь улаан хоолойн эмгэгийн гаралтай горойлт удаан хугацаанд үргэлжилбэл хавдар болох аюултайг анхаарахад илүүдэхгүй биз ээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *