Их сургуулийн ойролцоох хоолны газар хүн ихтэй, голдуу залуучууд оюутнууд бололтой охид хөвгүүдээр дүүрэн байлаа. Хоолны танхимын баруун хойно оюутан бололтой залуу бүсгүй ахтайгаа хоол иднэ. Нөгөө “их хоол л гоё” гэдэг оюутны шог яриа шиг хоёул нижгээд таваг цуйван өмнөө тавьж том тавгаар нэг тахианы мөчтөй өтгөн улаан шөл оочилно. Зүгээр ч нэг шөл уугаагүй харваас илт оюутан охин шөлөндөө прожки дүрэн идэх аж.
Охин хоол идэнгээ байсхийгээд л ах руугаа харан ямар нэг юм шаардах нь нүднээ илт. Ах нь ч ойлгоод байгаа бололтой хоолоо орхин хажуугийн сандал дээр эвхэж тавьсан пэндийсэн зузаан хар куртикныхаа халаасыг ухан хорин мянган төгрөг гарган ирж “ээж өгүүлсэн юм” гээд өгөв. Охин түүнийг голонгуй авч ах руугаа дахин шаардаж эхэллээ. Ингэх зуурт шөлөө ховх сорон тавгийг нь харамсалтай нүдээр харан цааш түлхэж овоолгоостой цуйвангаа өмнөө дөхүүлэв. Бодвол тавгийг нь “долоох юмсаан” гэж бодсон биз. Охин “Энэ хүйтэнд аав ээжийг гадаа гаргаад л малын аргал хоргол арилгуулаад байгаа юм биш биз дээ, Алтаа эгч та хоёр” гэж ах руугаа загнаж сурсан шинжтэй аашлахаа мартсангүй. Ах нь “За яалаа гэж, яалаа гэж туслах малчин залчин гээд л зөндөө хүмүүс байна зүгээр, ах нь мөнгө муутай яваа, нэмээд энэ хорин мянгыг л илүүчилж чадна. Саяны зарсан махны мөнгөөр малдаа тэжээл авахгүй бол энэ өвөл их хүйтэрч байна. Бас гурил будаа гээд ямар айхтар үнэд ороо вэ. Ёстой илүү юм өгч чадахгүй нь. Дараа сард ирэхдээ ахиухан мах зарна, тэгэхдээ л дүүдээ ёстой цулайтал өгнө” гэж аргадлаа. Дүү охин мөн л дурамжхан авсан ч “түрүүнийхтэй нийлээд дөчин мянга” гэж хэлэн инээмхийлэв. Ах нь гэнэт нэг юм санасан бололтой “Өө тийм, таг мартах нь” гэж дуу алдан нөгөө том хар куртикныхаа өврийн халааснаас тэвхийсэн боодолтой цагаан цаас гарган ирж дүү рүүгээ сарвайв. Дүү охин нь гайхсан бололтой нөгөөхийг авснаа гэнэт дуу алдан цовхорч “Ах аа” хэмээн эрхлэн нялхрав. Тэр цаасыг хараад баярлаж байгаа гэж юү гэхэв.
Уг боодолтой цаас бол хөдөө гэрийнхнийх нь цуглуулсан нөат-ын баримт ажээ. Ах нь ч зурагтын сугалаанд мотоцикл хожчихсон мэт маадгар царай гарган тэрүүхэндээ ханхалзан “Алтаа эгч чинь л энэ нөат-ыг Жижгээд аваачаад өгчих. Буцаалт нь хаа юм гээд байсан” гэж хэлээд дүүгээ өхөөрдөн харлаа.