Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: “Бөөстэй гэж анги хэсүүлснээр миний амьдралыг тэр чигт нь балласан” DNN.mn

Эгэл жирийн хүмүүсийн хэлсэн үг сэтгэлд хадаатай явах нь бий. Тэр жил Завханы нэгэн суманд жирийн малчин эмэгтэйтэй уулзаж байлаа. Номонд хайртай, хоймрынхоо авдрын хажууд цаасан хайрцагтай ном хураачихсан айл байсан сан. “Одоогийн хүмүүс хуучны нийгэм мөн сайхан байжээ гэх юм. Мэдээж сайхан нь байлгүй яахав. Харин миний хувьд ёстой нэг ёрын нийгэм байсан гэж хэлэх байна. Би чинь хичээл номдоо сурлагатай, холын мөрөөдөлтэй, юм юманд тэмүүлсэн идэвхтэй хүүхэд байлаа.

Аав ээжээсээ хол байрны хүүхдээс бөөс гарсан юм биз дээ. Багш нар маань бөөстэй хүүхэд гээд анги хэсүүлдэг юм. Сургууль даяараа шившиг боллоо. Ангийнхныхаа, эргэн тойрны хүүхдүүдийн нүүр харна гэхээс халуу оргиод. Аргагүйн эрхэнд дунд ангиасаа сургуулиасаа гарсан. Ингээд л миний амьдрал ганц бөөснөөс болж орвонгоороо эргэсэн дээ” гэв.

Эл эмэгтэй шиг хичнээн хүн сэтгэл санаа, хувь заяагаараа хохирсон бол гэж бодогддог. Хүний бүсгүй үрийг, алган дээр нь бөөсийг нь бариулаад анги хэсүүлж, “бөөстэй хүүхэд” хэмээн бүгдэд зарлаж явсан гэхээр үнэндээ харгис нийгэм. “Хүний эрхийг дээдэлсэн энэ нийгэмд төрөх минь яалаа гэж бодох үе бий. Тэгсэн бол ингээд уулын мухар сахиж суухгүй байх байсан” гэж гол харламаар хэлсэн. Тухайн үед мал дээр гарчихаад намайг бөөстэй нь анги хэсүүлсэн багш нараа үзэн яддаг байлаа. Дараа нь юмны наад цаадахыг ойлгохтойгоо болоод хүний эрх, нэр төр, ариун гэгээн бүхнийг булшилсан нийгмийг үзэн яддаг болсон гэв.

“Монголчууд бид чинь тэгтлээ яр янхандаа идэгдсэн ард түмэн байгаагүй. Оросууд л бодлогоор хийсэн, биднийг зах замбараагүй, муу муухай гэж дэлхийд харуулах гэж яр тэмбүүг зориудаар тараасан” хэмээн Д.Дашпүрэв докторын хэлснийг дээрх эмэгтэйн “бөөс”-тэй уялдуулан бодлоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *