Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Болгоомжлох хэрэггүй, 2024 оны сонгуулиар дахиад л гараад ирнэ DNN.mn

Парламентад үнэмлэхүй олонх болохын нэг давуу тал нь өөрсдийн хүслээр Үндсэн хуулиа засч, сайжруулах, өөрчлөх боломж бүрддэг. Тэр утгаараа өнөөгийн эрх баригч МАН хоёр ч Их хурлын сонгуулийн хугацаанд үнэмлэхүй олонхоор засаглаж байна. Тэд энэ хугацаанд буюу 2019 онд ҮХНӨ гэх албан тушаал, засаглалын эрх мэдлийг нааш, цааш болгосон өнгөцхөн өөрчлөлтийг хийлээ. Сүүлд буюу өнгөрсөн хаврын чуулган хаахаас өмнө ҮХНӨ-ийг дахин хийх талаар бүгд л хүчтэй ярьж, дуугарч байлаа. Улмаар 2019 онд орхигдсон өөрчлөлтүүдээ дахин хийнэ, тиймээс иргэдийнхээ саналыг сонс гэж улс даяар сүр дуулиантай гишүүдээ “хөөж” явуулсан. Ингэж шуугиан болгож, улсын төсвийг иргэдийн санал сонсох нэрийдлээр үргүй урсгасан. Ирээд хийсэн өөрчлөлт нь давхар дээлийг хязгааргүй болгосон. Үүнийг өөрчлөлт гэхгүй. Өөрсдийнхөө эрх ашигт нийцүүлсэн “мэс ажилбар” л гэнэ. Засаглалын эрх мэдлийг төгөлдөржүүлье гээд байхад л улам гажуудуулсан. Нөгөө УИХ-ын гишүүдийн тоог нэмэх, Парламентын дээд, доод хоёр танхимтай болох, Ерөнхийлөгчөө Их хурлаасаа томилох, Сонгуулийн тогтолцоогоо холимог буюу олон намын оролцоог хангасан байдлаар өөрчлөх, сонгодог парламентын системийг бүрдүүлэх зэрэг асуудал хийгдчихсэн үү, УИХ-ын гишүүд ээ. Давхар дээлийг хязгааргүй болгохын тулд л ҮХНӨ гэж иргэдээ хошгируулсан юм уу. Төсөв чинь 76 крантаар урсаад зарлага нь орлогоосоо хэд дахин давчихдаг учраас улсын эдийн засаг элгээрээ хэвтчихсэнийг захын оюутан хүүхэд ч хэлнэ. Үүнийг больё, тогтолцоо буруу байна гээд Үндсэн хуулиндаа сонгуулийн тогтолцоог өөрчлөх асуудлыг яриагүй бил үү. Иргэд та нараас давхар дээлийг хязгааргүй болгочихоосой л гэж хүссэн юм уу. Үгүй байлгүй.

Харин сандал суудлаа бэхэлдэг эрх зүйн өөрчлөлтүүдээ түр хойш нь тавиасай, бодит өөрчлөлтийг хийгээсэй гэдгийг улс төр гадарладаг хэрсүү түмэн дотроо бодож л суугаа. Эрх баригчдад боломж, хүч хангалттай байна. Гол нь тэд сонгууль дөхчихсөн учраас ҮХНӨ-ийг хийхээс болгоомжилж байх шиг. Болгоомжлох хэрэггүй. Бодит болон зоригтой өөрчлөлтийг хийчихвэл 2024 оны сонгуулиар та нар дахиад л гараад ирнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *