Өнгөрөгч оны сүүлээр буюу 2015 оны арванхоёрдугаар сарын 25-нд Их хурлаар Сонгуулийн тухай хуулийг баталсан. Р.Бурмаа, Ц.Оюунгэрэл нарын гишүүдийн санаачлан боловсруулсан уг хуулиар Монгол Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн үндсэн зарчим, журмыг тодорхойлж холбогдох харилцааг зохицуулсан байдаг. Үндсэндээ Монгол Улсын Сонгуулийн тухай нэгдсэн хууль юм. Тэрхүү хуульд сонгуулийн сурталчилгааг хэвлэл мэдээллээр дамжуулан олон нийтэд хүргэхийг тодорхой зааж өгсөн нь бий. Тухайлбал, Сонгуулийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн “Сонгуулийн сурталчилгааны хэвлэмэл материал хэвлүүлэх, тараах, хүргэх тухай” хэсэгт “Нэр дэвшигч буюу нэр дэвшигчийн сонгуулийн штаб дараах хэлбэр хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр сонгуулийн сурталчилгааны хэвлэмэл материалыг иргэдэд тараах эрхтэй. Үүнд: гурван хэвлэлийн хуудас сонин, гурван хэвлэлийн хуудас сэтгүүл, хоёр хэвлэлийн хуудас ухуулах болон зурагт хуудас, хоёр хэвлэлийн хуудас нэр дэвшигчийн намтар, гурван хэвлэлийн хуудас хийсэн ажлын тайлан” хэмээн нарийвчилж заасан байна.
Мөн үүнээс гадна сонгуульд оролцогч нам, эвсэл буюу нам эвслийн сонгуулийн штаб сонгуулийн мөрийн хөтөлбөрөө танилцуулсан дөрвөн хэвлэлийн хуудас сонин эсхүл сэтгүүл, гурван хэвлэлийн хуудас бүхий сурталчилгааны материал олон нийтэд тараах эрхтэйг хуульчилсан. Нэг хэвлэлийн хуудас гэдэг нь Сонгуулийн тухай хуульд зааснаар А4 хэмжээтэй цаасны найман нүүрийг хэлж байгаа аж. А4 хэмжээтэй цаасны найман нүүр гэдэг сонины гурван нүүрийг хэлнэ. Сонины нэг нүүрт А4 цаасны 2.5 нүүр материал зураг хөрөг, дэглэлт дизайнтайгаар багтдаг юм. Тэгэхээр нэг хэвлэлийн хуудас нь тухайн сонины гурван нүүр байх нь. Гурван хэвлэлийн хуудас хичнээн нүүр талбайг эзлэх нь ойлгомжтой. Ингэж өнгөрөгч оны сүүлээс мөрдөж буй Сонгуулийн тухай хуульд тодорхой заасан.
“Улсын Их Хурлын гишүүн, Ерөнхийлөгч, орон нутгийн хурлын төлөөлөгч нэр дэвшиж байгаа тохиолдолд тэдгээрийн хийсэн ажлын тайлан сонгуулийн сурталчилгааны материалын хэмжээнд тооцогдохгүй” хэмээх хэвлэл мэдээллийн байгууллагынхан анхаармаар заалт ч бас бий. Уг хуулийг хэлэлцэж байх явцад манай сонин “Сонгуулийн сурталчилгааг сониноор явуулахыг хориглосон хууль хэлэлцэх гэж байна” хэмээн хэвлэл мэдээлэлтэй холбоотой заалт бүрийг нь тайлбарлан, эсэргүүцэж байв. “Сонгуулийн сурталчилгааг сониноор явуулж болно, болохгүй гэсэн заалт орхигджээ. Радио, телевиз, цахим вэб сайт, тараах материалаар явуулж болно гэсэн нь сонин хэвлэлийн бизнес эрхлэгчдийг ажил мэргэжлээр нь ялгаварлан гадуурхаж Үндсэн хуулийн заалтыг зөрчлөө” гэж эрх баригчдад хаяглан, Монголын өдөр тутмын сонины холбоо, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийг сонинуудаа дэмжихийг уриалж байсан удаатай. “Өдрийн сонин”-ы дэвшүүлсэн уриалга, нийтлэл ажил хэрэг болж түүхэн үүргээ гүйцэтгэсэн нь Сонгуулийн тухай хуулийн сонин хэвлэлтэй холбоотой дээрх заалтууд юм.
Сонгуулийн тухай хуулиар сонгуулийн сурталчилгааг санал авах өдрөөс 18 хоногийн өмнө эхлүүлж, санал авах өдрөөс нэг хоногийн өмнө дуусгана гэж заасан. П.Хашчулуун нийтлэлчийн бичсэнээр энэ нь өнөө “Хүн, хонь хоёроо ялгаж барагцаалахгүй 14 хоногийн хугацаа” гэдэг нь шүү дээ. Их хурлын энэ удаагийн ээлжит сонгуульд нэр дэвшихээр төлөвлөж байгаа нөхдүүд одооноос эхлэн сонин хэвлэлд, тэр тусмаа мянга мянган уншигчдын итгэлийг хөсөрдүүлэлгүй явж ирсэн өдөр тутмын тулхтай хэвлэлд ярилцлага өгч, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, өөрийгөө нийгэмд таниулж эхлэх хэрэгтэй.
Нэгэн цагт төрийн төв хэвлэлд ярилцлага өгч байж улстөрч болох зам мөрөө тодорхойлж байсан шиг ард түмний оюуны индэр, үзэл бодлынх нь чиг шугам, нийгэм цаг үеийн хамгийн гол толь нь болсон өдөр тутмын топ хэвлэлд ярилцлага өгч, өргөн олон уншигчдаар өөрийгөө үнэлүүлэх нь чухал.
Сонины нүүр талбай, эн цараагаар монголчуудтайгаа уулзан бодол санаагаа хуваалцаж, өөрийнхөө зорьж буй зам мөр, хүсэл тэмүүлэл, улс орныхоо ирээдүй, хөгжил дэвшлийн сайн сайхны төлөөх итгэл үнэмшлээ хуваалцах шиг үнэт зүйл үгүй билээ. Миний бие “Өдрийн сонин”-ы сэтгүүлчийн хувьд сонин хэвлэлийг онцлоод байгаа юм биш л дээ. Дэлхий нийтийн чиг хандлага, хөгжил дэвшлээрээ манлайлж буй улс орнуудын төр засгаа бүрдүүлж буй сонгуулийн үйл явцыг ажиглахад ийм л гаргалгаа харагдаж байна. Ухаандаа, Японд гэхэд улстөрчид нь хамгийн нэр хүндтэй сониндоо ач холбогдол өгч, тухайн сониноор дамжуулан мөрийн хөтөлбөрөө олонд хүргэдэг юм билээ. Ийм бэлээхэн жишээ дэлхийн олон оронд бий.
Өдөр тутмын сонинд гарсан мэдээлэл, нийтлэл, ярилцлага тэр чигээрээ түүх болж, тухайн сонины хуудсыг ураад шатаачихдаггүй л юм бол хичнээн мянган жил оюуны бүтээл болон хадгалагддаг. Мэдээллийн энэ эрин зуунд, цахим ертөнц хүчээ авч буй нийгэмд сонин хэвлэлийн гол үнэ цэн үүнд оршино. Бүр тодорхой хэлэх юм бол, сонинд нийтлэгдсэн хэн нэгний ярилцлага, тэмдэглэл тухайн хүний үзэл бодол, үйл хэрэг, амжилт бүтээлийн замнал, залуу насных нь хөрөг дүртэй хамт түүх болоод л архивлагдана. Үе удамд нь хэзээд ч он цагийн баримт болоод байж байна. Иймийн учир өдөр тутмын хэвлэлийг онцлоод байгаа хэрэг.
Их хурлын сонгуулийн жил олон зүйлийг хуулиар хориглодог. Сонгуулийн тухай хуульд ч энэ талаар тов тодорхой заасан байна лээ. Уг хуулийн 70 дугаар зүйлийн “Хууль бус сурталчилгааг хориглох” хэсэгт “мөнгө, эд зүйл тараах, аливаа үйлчилгээг төлбөргүйгээр болон хөнгөлөлттэй үзүүлэх, нийтийг хамарсан биеийн тамирын уралдаан, тэмцээн, баяр наадам, урлагийн тоглолт, хүлээн авалт, дайллага, цайллага, төлбөрт таавар, бооцоот мөрийтэй тоглоом зохион байгуулах ивээн тэтгэх, сонгогчдыг гадаад дотоодод аялал зохион байгуулан оролцуулах, амралт сувилалд амраах”-ыг хориглосон. Мөн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орон зай, мессэж ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт зохион байгуулах, бусдыг гүтгэн доромжлох, хуурамч мэдээлэл тараах, хишиг хувь, хувьцаа өгөх, ажлын байранд зуучлах, ажилд оруулах, амлалт авах зэрэг олон зүйлийг хориглосон байдаг.
Тиймээс 14 хоногийн хугацааг хүлээлгүй наана нь өдөр тутмын хэвлэлүүдэд өөрийнхөө явж ирсэн зам мөр, ижий аав удам гарлынхаа үүх түүх, ус нутгийн бахархал болсон хүмүүс, улс орны хөгжил дэвшил, Улаанбаатарын ирээдүй… юу эсийг ярьж болох билээ дээ. Зөвхөн Их хурлын гэлтгүй орон нутгийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөхөөр бэлдэж буй эрхмүүд эл бүгдийг эртнээс сайтар тунгаах цаг нь хэдийнэ иржээ. Улаанбаатар хотоос Их хурлын болон орон нутгийн сонгуульд өрсөлдөх хүмүүс наад зах нь агаарын бохирдлыг багасгах төхөөрөмж хэрэгжүүлж буй инженерүүд, техник технологийн шинэ дэвшлийг бий болгож буй баялаг бүтээгчдээ сониноор дэмжсэн, сурталчлан таниулсан ажлыг хийх хэрэгтэй байна.
Мөн бизнес эрхлэн баялаг бий болгож, гадна дотнын их дээд сургуульд боловсрол эзэмшсэн залуус улс орныхоо хөгжлийн талаарх шинэ санал санаачилга, үнэн бодитой мэдээллийг сониноор дамжуулан олон нийтэд хүргэж, итгэл үнэмшил төрүүлэх нь чухал юм. Тэдний үг яриа улс төрийн хийрхэгчдээс илүүтэй үнэн, амьдралтай сонсогддог. Олон нийтийг хамарсан тэмцээн уралдаан, найр наадам, урлаг соёлын арга хэмжээг сонгуулийн жилд явуулахыг нэгэнт л хуулиар хориглосон учир нийгэмд иргэн таны өөрийгөө таниулах ажил чинь сонин хэвлэлд ярилцлага өгч үг яриа, үзэл бодлоо үнэ цэнтэй болгон баталгаажуулах юм биш үү. Тулаанд өөрийгөө сорих талбар, хүчээ төвлөрүүлэх гол цэг чинь энэ бус уу.
Суурь боловсрол мэдлэгтэй, үзэл бодолдоо тууштай, гэгээн зам мөртэй, хэлсэн үгийнхээ төлөө хариуцлага хүлээх чадвартай тийм хүмүүс энэ удаагийн сонгуульд өндөр оноо авахаар харагдаад байгаа. Түүнээс “эх орон, газар шороо, ард түмэн минь” хэмээн хий хоосон орилсон хийрхэгчид, хэн нэгэн эрх мэдэлтэн, нам эвслийн гар хөл бологчид, нийгэмд үймээн таригч попууд нэг их сүрхий амжилт гаргах нь юу л бол. Учир нь одоогийн парламент боловсрол мэдлэггүй, ард түмнээ хуурсан хулхидсан, аман фигур мухар сүсгээр популизм хийсэн нөхдөөр дүүрчихсэн.
Тэдний хор уршгийг монголчууд ханатлаа амсаж, мэдэрлээ. Тийм хийрхэгч, популист, попуудыг өдөр тутмын тулхтай хэвлэл сониныхоо нүүр талбайд, ард түмний итгэл, оюуны индэр болсон талбарт гаргахыг хүсдэггүй юм. Эл бүгдийн эцэст өгүүлэхэд үзэл бодолдоо тууштай байж, Монгол Улсынхаа хөгжил цэцэглэлт, ард олныхоо сайн сайхан амьдралын төлөө нэгэн үзүүрт сэтгэлээр зүтгэхээр зориг шулуудсан нөхөд сонины гал тогоонд хичнээн ойртоно тэр хэмжээгээр амжилт олж, ард олны итгэлийг хүлээх нь дамжиггүй ээ.