Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 14 дүгээр дүгнэлтийг нь хүлээж авах эсэхийг хэлэлцлээ. Хуралдаанд оролцсон гишүүдийн 93.3 хувийн саналаар Үндсэн хуулийн цэцийн 14 дүгээр дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.
Үндсэн хуулийн цэц энэ сарын 14-ны өдөр хуралдаж Дунд суудлын хуралдаанаараа Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.4 дэх хэсэгт “Орон нутгийн хурлын төлөөлөгчийн бүрэн эрх нь хүлээн зөвшөөрөгдсөний дараа орон нутгийн хурлын төлөөлөгчийг нэр дэвшигчийн нь хувьд нэрийн жагсаалтаас хасах тухай сонгуулийн хорооны шийдвэр гарсан бол тухайн төлөөлөгчийн мандат нь хүчингүй болж, бүрэн эрх нь дуусгавар болно” хэмээн хуульчилсан нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзсэн. Учир нь сонгуулийн дүнд байгуулагддаг УИХ болон орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчдийн сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн үйлдэлд нь хүлээлгэх хариуцлагыг илтэд ялгавартайгаар, тухайлбал УИХ-ын сонгуульд нэр дэвшин сонгогдож тангараг өргөн, бүрэн эрх нь хүлээн зөвшөөрөгдсөн УИХ-ын гишүүнд хүлээлгэх энэ төрлийн хариуцлагыг хуульчлаагүй нь Үндсэн хуулиар баталгаажсан шударга ёс, тэгш байдлын зарчмыг алдагдуулсан, Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэсэн заалтыг зөрчсөн байна гэж Үндсэн хуулийн цэц үзжээ.