АСЕМ-ийн дээд хэмжээний 11 дэх удаагийн уулзалтыг 2016 онд Монгол Улсад зохион байгуулна. Дээд түвшний уулзалтын гол онцлог нь АСЕМ-ийн 20 жилийн ойтой давхцаж байгаа юм. Ойн арга хэмжээг тэмдэглэх стратеги, төлөвлөгөө боловсруулах үүрэг бүхий 15 гишүүнээс бүрдсэн АСЕМ-ийн ажлын хэсгийг Монгол Улс даргалахаар болсон. Тэгэхээр энэ ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүндтэй үүрэг бидэнд ноогдож буй. АСЕМ-д дэлхийд хөгжлөөрөө тэргүүлэгч Австрали, Герман, Итали, Франц, Япон, Өмнөд Солонгос, ОХУ, БНХАУ, Энэтхэг, Бельги зэрэг 51 орон, хоёр олон улсын байгууллага гишүүнчлэлд нь багтдаг юм. Тэдгээр 53 орны төрийн тэргүүнүүдээс эхлээд зочид, төлөөлөгчид цөм Монголд ирнэ. Тийм болохоор манай улс эрвийх дэрвийхээрээ хөдөлж, бэлдэж байна. Одоогийн байдлаар АСЕМ-ийн 11 дэх удаагийн Дээд хэмжээний уулзалтыг ирэх оны долдугаар сарын 28, 29-нд зохион байгуулах тов бий.
АСЕМ-ийн урсгал зардалд зориулж 2015 оны төсөвт 2.5 тэрбум төгрөг суулгасан. Мөн төлөөлөгчдийг хүлээн авах, ая тухтай байлгах үүднээс зочид буудлуудад 197 тэрбум 384 сая төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа гэсэн. Тиймээс энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанаар оруулж, хөнгөлөлттэй зээл хэлбэрээр дэмжлэг үзүүлэхээр болсон юм. АСЕМ-ийн үйл ажиллагаанд өөрийн эрх ашигт нийцсэн чиглэлээр идэвх санаачилгатай оролцох нь манай орны олон улс, бүс нутгийн тавцан дахь байр суурийг бэхжүүлэх, баримталж буй бодлого, байр сууриа сурталчлан таниулахад ихээхэн ач холбогдолтой. Тиймээс энэхүү агуу үйл явдлыг мэргэжлийн түвшинд зохион байгуулах хэрэгтэй. Дэлхийд Монгол Улсын нүүр царайг тод харуулах болохоор засаг төр тогтвортой, туршлагатай харагдах нь нэн чухал. Иймд 2016 оны сонгуулийг АСЕМ-ийн уулзалт болоод өндөрлөсний хойно аажуу, уужуу явуулах санал байна. Учир нь сонгууль болсны дараа өндөр дээд хэмжээний энэхүү уулзалтыг зохион байгуулах нь дэмий санагдаад байна. УИХ-ын ээлжит сонгууль зургадугаар сарын сүүлчийн долоо хоногийн аль нэг ажлын өдөр болох хуулийн заалт бий. Хуанлигаас харахад 2016 оны сонгууль бараг зургадугаар сарын 30-ны өдөр болох болов уу. За тэгээд саналын дүнг нэгтгээд УИХ-аа эмхлэн байгуулах гэж хэд хонодог билээ. Сонгууль маргаан дагуулахыг үгүйсгэхгүй. Сунжраад, бөөн юм болно. Хэрэв ямар нэгэн асуудалгүй сонгууль боллоо гэхэд наадамтай уралдаж шинэ гишүүд тангаргаа өргөнө. Энэ үед УИХ-ын даргаа чүү чай сонгож амжсан байдаг. УИХ даргатай болоод Улсынхаа баяр наадмыг шинэ, хуучин гишүүд шимтэн үзэцгээнэ. Баяр наадмын амралт гээд бас хэд хоног налайна. Ингэж явсаар ажлын өдөртэй золгомогц УИХ цугларч, Ерөнхий сайдаа сонгох гээд завгүй болно. Гэвч АСЕМ-ийн уулзалтаас өмнө яавч Засгийн газрын кабинет бүрдэж амжихгүй. Олон жилийн туршлагаас харахад АСЕМ болох өдөр Монгол Улсын Засаг төр эзэнгүй байх нь. Шинэхэн Их хурлын дарга, гишүүдийнхээ хамт угтах янзтай. Тэр үед ганц хуулийн бүрэн эрхтэй төрийн өндөрлөг нь Ерөнхийлөгч байх нь шүү дээ. УИХ-ын байнгын хороо, Засгийн газар сураг ч үгүй байна биз. Ийм үед АСЕМ-ийг даргалагч орны хувьд зохион байгуулах нь хэр оновчтой вэ. Дэлхийн мундагчууд ирчихээд байхад манай улстөрчид Засгийн газраа эмхлэх гээд тэр том үйл явдлыг тоох ч үгүй сууж байх болж байна уу. Тэгээд ч монголчууд ялангуяа улстөрчид жудаггүй улс. УИХ нь олонхи, цөөнхөөрөө талцаж, өөрийнхөө хүнийг сайд болгочих гээд дөвчигнөж өгнө. Тэр олон хүндэт зочид, төлөөлөгчдийн өмнө Монгол Улсыг нүдний булай болгох вий дээ. Улстөрчдийн балгаар гадаадын томчууд “Энэ Монгол ямар хаашаа орон бэ” гэж бодохоор улсын нэрийг хугалах зовлон байна. Дэлхийд дахиад Монгол Улс байдаг гэдгийг дуудахаас ч ичмээр байдалд оруулж мэднэ.
Харин сонгуулийг намар аравдугаар сард зохион байгуулбал яасан юм бэ. АСЕМ болох долдугаар сарын сүүлчээр хуучин засаг нь шинэ гарсан улстөрчдийг бодвол туршлагатай, асуудалд буурьтай хандана. Тэгээд ч одоогийн засаг нь АСЕМ хэмээх нүсэр том арга хэмжээг өндөр хэмжээнд зохион байгуулбал дараагийн сонгуульд гарч ирнэ гэдгээ мэдээд маш сайн ажиллана. Гэтэл сонгуулийг аравдугаар сард болгохоор АСЕМ-аас болж хойшлууллаа гэх улчтөрчид цээжээ дэлдээд гараад ирж болзошгүй бас нэг хувилбар бий. Улстөрчдийн хийрхлээс илүү Монгол Улс хэмээх айлын нэр хүнд чухал. Энэ нэр хүндээ хугалахгүйн тулд бүгд хичээх хэрэгтэй. Дахиад хэлэхэд, АСЕМ-ийн уулзалт болсны хойно сонгууль зарлах нь хамгийн зөв хувилбар юм.
М.МӨНХЦЭЦЭГ