Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Сонгууль хойшлох эсэхийг УИХ ч, Ерөнхийлөгч ч шийдэхгүй. “COVID” гуай л мэднэ дээ

Уул үзээгүй хормой шууж, ус үзээгүй байж гутлаа тайлна гэгчээр дэлхийг сандаргаж байгаа өвчин зовлон яагаа ч үгүй байна. Хэзээ энэ бүхнээс ангижрахыг хэлж мэдэх бурхан ч алга. Хоёр сарын дараа юу болохыг мэдэх нь бүү хэл хоёр цагийн дараа юу болохыг хэлж мэдэхгүй цаг үе. Дэлхий нийтээрээ айж байна, бас тэмцэж байна. “COVID-19” хэмээх цар тахал өчигдрийн байдлаар дэлхийн 212 оронд бүртгэгдээд байгаа аж. Халдвараар 1.5 сая хүн өвчилж, 88405 хүн нас барсан бол 339731 хүн эдгэрсэн байна. Монголд 16 тохиолдол бүртгэгдээд байна. Манайхны нэрлэснээр Анх-Отгон буюу Монголд анх корона авчирсан франц эрээс хойш гаднаас тээвэрлэн ирсэн 16 тохиолдол бүртгэгдсэн. Эмчлэх найдлагатай эм вакцин эцэслэгдэж гараагүй байна. Олон оронд вакцин гаргахаар туршилт хийж, эрдэмтэн мэргэд нь ажилласаар л. Энэ өвчин, мөнгөтэй мөнгөгүй, хөгшин, залуу, алдартай, алдаргүй, нийгмийн доод, дээд түвшнийх гэж ялгахгүй хүрч байна. Дэлхийн олон орны төр засгийн удирдлагууд, урлаг, спортын одод ер хэнийг ч ялгахгүй. Үсрэнгүй хөгжсөн орон уу, ядуу буурай орон уу гэж ялгахгүй байна. Ямар сайндаа Дэлхийн эрүүл мэндийн байгууллагыг шүүмжилж, санхүүжилтийг нь зогсооно гэсний хариуд Трампад тус байгууллагын удирдлага хатуухан зэмлэл хүргэв. ДЭМБ-ын ерөнхий захирал бүх улс өвчний эсрэг нэгдэж, хамтран ажиллах хэрэгтэйг сануулан”Улс орнуудын удирдлага, Засгийн газрууд ард иргэдээ хамгаалахын тулд бүхий л анхаарлаа тавих ёстой. Вирусийг улстөржүүлэхээ боль. Хэрвээ та балрахыг хүсч байгаа бол, хэрвээ танд илүү олон цогцосны уут хэрэгтэй юм бол үүнийгээ хийгээрэй. Үгүй бол энэ асуудлыг хэт улстөржүүлэхээ боль” гэж сануулав. Таны том улсын Ерөнхийлөгч байна уу хамаагүй ээ, одоо бол корона л бүгдийг дийлж байна гэдгийг анхааруулах шиг боллоо.

Энэ өвчний үр уршиг хүрэхгүй салбар гэж алга. Дэлхийн хэмнэлийг “COVID” гуай дураараа өөрчилж байна. Энэ вирус дэлхийн нефтийн зах зээлийг нэгмөсөн өөрчилж байна. Ороогүй салбар ч гэж алга. Эдийн засагт тэр нөлөөгөө үзүүлж, хүний зан чанарыг хүртэл таниулж, амьдралын хэмнэлийг өөрчилж байна. Одоогоор тэр бүгдэд нөлөөлж байгаа ч, нөлөөлөл нь зогсох өдөр ирж таараа. Гэхдээ хэзээ гэдгийг мэдэхгүй. Цаашид хичнээн хүний амийг авч одож, хичнээн зүйлийг өөрчлөхийг таашгүй. Ийм эргэлзээтэй үед манай улсын Ерөнхийлөгч сонгууль хойшлуулах тухай санал гаргасан. Энэ нь корона вирус энэ хэвээр үргэлжлэх нь, хяналтад ороогүй хэвээр байна гэж тооцсоноос үүдэлтэй санал болов уу. Нэг хэсэг нь Ерөнхийлөгчийн саналыг дэмжиж, нөгөө хэсэг нь эсэргүүцэж байна. Ялангуяа сошиалд бол талцаад үзэж тарж байна. Улс төрийн намууд нь ч сонгууль хойшлуулах хэрэгтэй, хэрэггүй гэлцэн хий дэмий мэтгэлцэж сууна. Хоёр сарын дараа юу болохыг хэн ч мэдэхгүй гэж дээр хэлсэн. Магадгүй энэ өвчнийг эмчлэх эм гарчих ч юм бил үү. Эсвэл үгүй ч байж болно. Ямар ч байсан сонгууль болохыг Ерөнхийлөгч ч тэр, УИХ ч тэр, ард түмэн ч тэр мэдэхгүй, бүх дэлхийг чичрүүлж байгаа “COVID” гуай л мэднэ дээ. Сонгуулийг заавал хийнэ гэж томрох хэцүү, хийхгүй гэж цэцэрхэх хэцүү. Аль ч талаараа ам гарч бүхнийг шийддэг мэт томроход хэцүү цаг. Байдал яахнав, тэрэнд нь тохируулж амьдрахаас өөр сонголт бидэнд алга. Ер нь хүн төрөлхтөнд энэ өвчнөөс болж хөрсөн дээрээ бууж амьдрахаас өөр арга байхгүй. Бид бүхнийг чаддаг, тэрэн дээрээ мөнгө бүхнийг шийддэг гэдэг давилуун бодлоосоо салах хэрэгтэй. Хувь хүн хариуцлагаа дээшлүүлж, амьд гарахын төлөө бүхий л боломжоороо ухаалаг амьдралын хэвшлийг дагах хэрэгтэй байна. Хоёр сарын дараахь сонгуулийг хийнэ, хийхгүй гэж дэмий хөөрцөглөж анхаарал сарниулах шаардлагагүй. Амьд байвад хичнээн ч сонгуулийг үзэж болно. Зарим улс сонгуулиа хийж байна, зарим нь хойшлуулж байгаа. Улс болгоны сонгуулийн сурталчилгааны арга барил өөр, хууль нь өөр, нөхцөл байдал өөр. Тэднийг дагаж намираад ч яахав. Эсэргүүцэж сүржигнээд ч яахав. Хамгийн гол нь “COVID” гуай олуулаа цуглахыг андахгүй. Монголчууд бид коронагийн сургаар их л дэг журамтай байсан. Яаран арга хэмжээ авч, хэрэндээ л хамгаалж байна. Гэвч цаашид юу болохыг тааж хэлэхийн аргагүй байхад улс дотроо алдчихаагүй юм чинь гээд тайвширч эхэлжээ. Анхаарал суларч, гадуурх хөдөлгөөн ихэсч, өнөөх гайхал иртлээ хаа ч билээ гэсэн янзтай хэнэггүйтэж харагдах юм. Бүгдээрээ маскаа зүүж, хувийн ариун цэврээ сахин, хүн бүр сахилга баттай байсан шүү дээ. Овоо шүү дээ. Цагаа тулбал бид чинь сахилга баттай улс байна гэж баярлаж, бахархаж байлаа. Гэтэл сүүлийн өдрүүдэд яаж байгаа юм. Бидэнд тусдаггүй, тусдаа цустай энэ тэр гэж бодож байгаа бол эндүүрэл шүү. Машид зөв арга хэмжээ авч, соргог байсны хүчинд л өдий зэрэгтэй байгаа. Түүнээс биш монгол хүнд халддагийг бид мэдсэн шүү дээ. Улам л анхаарал болгоомжоо нэмэх ёстой болохоос сулруулах хэрэггүй. Энэ байдлыг арилгах гэж цагдаагийн машинууд маскаа зүү гэж чанга яригчаар сануулж байна лээ. Анхааруулга, сануулга тасралтгүй явж байна. Таних, танихгүй хэн ч бай, анхааруулж байя. Учир нь хэн нэгний анхаарал алдахад л хотлоороо, улсаараа ямар байдалд орж байгааг бид өдөр бүр мэдээллээс харж байгаа. Тийм их хичээл зүтгэл гаргачихаад одоо тавиад туучихвал яах юм.

Гудмаар хамгаалалтын хувцастай эргүүлийг бүр олон болгоё. Сүүлийн хэд хоногт хотын хөдөлгөөн карантин зарласан шинжгүй ихэсч, зам түгжирч эхэллээ. Идэр насны залуус гудмаар сэлгүүцэж, шоу цэнгээн хийж байна. Гэртээ уйдсан жаахан хүүхдүүд энд тэнд бөөнөөрөө тоглож байгаа харагдах болов. Бүгд л маскгүй харагдах юм. Маск зүүсэн хүн цөөрөөд эхлэв. Дэмий тэнэж байгаа хүмүүсийг “Ямар ажилтай явж байна, орооч гэж сануулж байя. Нэгж цэг, зах хязгаараар ч эргүүл гаргая. Орой үдэш залуус бөөгнөж байвал, зэмлэж анхааруулъя. Саяхан зам гарч яваа хоёр хүнийг машины цонхоо онгойлгон “Маскаа зүүгээч” гэж хашгирсан залууд талархлаа. Өнөөх хэнэггүй хоёр яаран халаасаа тэмтэрч маскаа гаргаж ирж харагдсан. Одоо бид бүр олуулаа ингэж хашгиран сануулж байя. “Өөрөө тоодоггүй юм гэхэд эцэг эхдээ корона чирч очих нь уу. Гэр бүл, үр хүүхэд чинь яах юм” гэж анхааруулъя. Онцын шаардлагагүй бол гадагш бүү гар. Шинэ нөхцөл байдалд анхаарал сэрэмжээ сулруулахгүй цаашид зохицон амьдаръя. Юун сонгууль, юун улс төр. Юун түрүүнд амь нас. Нэг л өдөр хүн төрөлхтөн “COVID”гуайг ялна. Тэр үед гадуураа тэнэнэ үү, шоудна уу өөрсдөө мэд. Орчлонгийн олон, олон сайхныг үзэхийн тулд амьд л явах хэрэгтэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *