Categories
мэдээ цаг-үе

Сонгодог хөгжмийн Суу билэгт хөвгүүн БАХ

Дэлхийн сонгодог урлагийн түүхэнд алтан үсгээр бичигдэн үлдсэн суут эрхэм бол хөгжмийн агуу их зохиолч Иоханн Себастьян Бах билээ. 1685 оны гуравдугаар сарын адгаар хөгжимчин Амбросиус Бахын гэрт нэгэн хөвүүн отголж мэндэлсэн нь ирээдүйн агуу суутан байлаа. Бага ахуйд нь буюу есөн нас дөнгөж хүрч байхад нь ээж нь, удалгүй жилийн дараа эцэг нь нас баржээ. Харин өнчирч үлдсэн бяцхан Бахыг ах нь өөр дээрээ авсан гэдэг. Ах нь бадралт бишгүүрчин байсан тул түүнд бишгүүр зааж, Бах ч гимназид элсэн суралцав. Тэрбээр хөгжимд үнэн сэтгэлээсээ шунан дурлаж ихэд хичээнгүйлэн суралцан бусад хөгжмийн зохиолчдын бүтээлүүдтэй танилцаж байв. Бах бүх л амьдралынхаа туршид Германаас хэзээ ч гарч үзээгүй боловч зохиол бүтээлүүдэд нь гүн ухааны утга санаа ихэд агуулагдсан байдаг гэж судлаачид үздэг аж. Түүний зохиолын агуулга нь хүний тухай, нинжин сэтгэл, хүн чанарын үзлээр оргилж байдаг ажээ. Хүний сэтгэл хөдлөл, шаналан, сэтгэл санааны хямрал, уруудалт зэргийг бүтээлүүддээ гайхамшигтайгаар дүрсэлж чаддаг суу билгийн оргил байв. Хэдий Бахын амьдарч байсан үе нь туйлын ядуу зүдүү, сүм хийдийн ноёрхол хүчтэй байсан, хөгжил дэвшлийг уландаа гишгэсэн үе ч гэлээ бүтээлүүддээ аль болох дэвшилтэт байдлыг тусгаж байсан нь өнөө үед өвлөгдөж ирсэн зохиолуудаас нь харагддаг. Бахын суут зохиолуудыг тухайн үедээ ойлгож мэдэрч чадалгүй өнгөрсөн ч гэлээ зуу орчим жилийн дараа л үнэхээр гайхамшиг юм аа гэдгийг хүн төрөлхтөн ойлгосон билээ. Бахын зохиол, бүтээлүүд түүнийг амьд ахуйд хэвлэгдээгүй шахуу. Амьдарч байсан цаг үед нь түүнийг зүгээр л гайхамшигтай хөгжимчин гэж үнэлж байснаас биш дахин үл давтагдах агуу их хөгжмийн зохиолч гэж үзэж байгаагүй юм. Иймэрхүү шалтгаанаас болж тэрээр амьдралынхаа сүүлийн жилүүдийг их л гундуухан, сэтгэл санааны уналтын байдалтай, бүүдгэр өнгөрөөсөн гэдэг.

Бах 15 орчим настайдаа гэгээн Михайлын найрал дууны сургуульд сурч, энэ хугацаандаа Германы томоохон хотуудаар аялахын зэрэгцээ тухайн үеийнхээ хөгжмийн зохиолчдын туурвил бүтээлүүдийг шимтэн сонирхон судалж байлаа. Чухам энэ үеэс л Бах бишгүүр болон төгөлдөр хуурт зориулсан анхны бүтээлүүдээ туурвиж эхэлсэн юм. Суралцах хугацаандаа латин, франц хэл, түүх, газарзүй зэргийг сонирхон судалж бас ч гэж боломжийн боловсрол олж авсан байна. Тухайн үеийнхээ дээдэс язгууртны хүүхдүүдтэй дотно нөхөрлөж, тэднийхээ дэмжлэгээр бүтээлээ бичих тун аятайхан боломж бүрдэв. 1700-гаад оны эхээр сургуулиа дүүргэж герцог Эрнестийн ордны хөгжимчнөөр долоон сар орчим ажиллахдаа суу билэг нь шагшигдаж улмаар гэгээн Бонифацийн сүмд бадралт бишгүүрчнээр ажиллах урилга хүртэл хүлээн авч, долоо хоногт гурван удаа тоглодог болов. Яг энэ үедээ Бах сүмийн бадралт бишгүүрт зориулсан бүтээлүүдээ бичсэн юм.

Хорин хоёр насандаа Мэри Барбара хэмээх бүсгүйтэй дотносон гэр бүл болж зургаан хүүхэд төрүүлсэн ч гурав нь хүн болох хувь байсангүй. Гэсэн хэдий ч гурван хүүхэд нь эсэн мэнд бойжиж ирээдүйд мөн л тухайн үедээ суу алдраа дуурсгасан шилдэг хөгжимчид болсон гэдэг. Бах аргон, симфони дуулаачийн хосолсон олон зохиолоо чуулбар, магтуу гэх мэт хөгжмийн олон төрлөөр туурвиж өнөө үед үнэт өв болгон үлдээсэн юм. Ер нь түүний бүтээлүүд дэлхийн сонгодог хөгжмийн хөгжил дэвшилд томоохон нөлөө үзүүлсэн. Магтуу, симфони дуулаачийн бүтээлүүдэд нь хожмоо дуурийн урлагт загвар болсон бодрол дуун, чуулга, үглэл зэрэг хэлбэрүүдийг бий болгон хөгжүүлсэн юм. Мөн олон хоолойн зохиол, аялгууг баяжуулан арга барилыг нь улам төгөлдөржүүлэн боловсруулсан ажээ. Эдгээр нь ирээдүй хойчийн суу билэгт хөгжмийн зохиолчдын бүтээл туурвилд уламжлан үлдсэн нь Бахын юугаар ч эс үнэлэм гавьяа билээ.

Бахыг олон хоолойн хөгжмийн онцгой авьяастан, агуу билэгтэн хэмээн хөгжмийн түүхнээ ихэд тодоор тэмдэглэн бичдэг. Сонгодог хөгжмийн олон хоолойн хэлбэр нь Бахын туурвилуудаар хөгжлийнхөө оргилд хүрсэн хэмээн хөгжим судлаачид үздэг. Зохирлын ухааны анхдагч, эгшиглэлт хөгийн харьцаа, хам эгшгийн зүй тогтол, хоорондын эрэмбэ дарааллын хөгжилд зүйргүй их хувь нэмрээ оруулж, тэр хэрээр өөрийн бүтээлүүддээ үүнийгээ баталсан юм. 1723 онд Лейпцигт байх гэгээн Фомын сүмд ”Иоаннын энэлэн” хэмээх бүтээлээ тавьсан бөгөөд тэндээ сүмийн найрал дууны багш болжээ. Бас хотын гол сүмүүд болох гэгээн Фом, гэгээн Николайн сүмд долоо хоног тутамд найрал дууны тоглолт хийх болсон юм.

Ер нь Лейпциг хотод байх хугацаагаа их л үр бүтээлтэй өнгөрөөсөн бөгөөд энэ үед бичсэн бүх л бүтээл нь сүмийн найрал дуунд зориулагдсан байлаа.

Бах Арншдатд хотод очихоосоо өмнө хийлч, органч гэгдэж байсан бол энэ хотод ирээд хөгжмийн зохиолч хэмээн нэрлэгдэж том хэлбэрийн анхны зохиолуудаа бичжээ. Жишээ нь, 1704 оны эхээр тоглогдсон “Магтуу”, “Ахыгаа явахад зориулсан Капричио” зэрэг бүтээлүүд юм. Энэ мэт зохиолдоо хүний дотоод сэтгэл, догдлол зэргийг яруу төгсөөр илэрхийлж чаддаг зохиолч гэдгээ давхар харуулсан гэдэг. Мэдээж түүний амьдралд олон бэрхшээл саад гарч байсан. Ядаж л сүмийн эрх мэдэлтнүүд, цол мяндагтнууд, язгууртнууд түүний билэг авьяасыг ихэд гадуурхан шахаж байсан гэдэг. Ихэс дээдсийн энэ мэт увайгүй үйлдэлд тэрбээр ихэд дургүйцдэг, чадлынхаа хэрээр эсэргүүцдэг байж. 1707 онд Мюльхаузн гэдэг хотод органчаар ажиллах болсон ч тэндээ нэг их удсангүй. Жил гаруй л болж. Тэндхийн эвдэрхий хөгжим, зөвхөн дуулж л чадахаас өөр ямар ч хөгжмийн боловсролгүй найрал дуучидтай ажиллаж чадсангүй. Харин 1708 оны хавьд Ваймарт хотод ирж тэндээ арав гаруй жилийг өнгөрүүлжээ. Энэ хотод байх нь түүнд зохиол бүтээлээ нийтэд харуулах бололцоог олгож байсан юм. Симфони найрал хөгжим, найрал дуучдын чуулга зэрэг нь ихээхэн дэм болжээ. Ваймар хотод бичсэн бүтээлүүд нь голдуухан орган хөгжимд зориулсан зохиолууд байжээ. Бах тухайн үеийн Германы нэртэй цуутай органч, хөгжмийн зохиолчдын сор болсон бүтээл туурвилуудыг судалж, Итали, Францын хөгжмийн дэвшилтэт санааг ашиглан өөрийн бүтээлийнхээ арга хэлбэрээр баяжуулан органыхаа бүтээлүүдээ хийсэн билээ. Бах хөгжмийн зохиол бичихийн хажуугаар концертын шилдэг гарамгай хөгжимчин гэгдэн муугүй алдаршиж байлаа.

1717 оны сүүлчээр тэр Киетин хотод иржээ. Энэ хотод орган хөгжим байсангүй. Ваймер хотод байхдаа эхэлсэн, бичихээр санаж бодож явсан бүтээлүүдээ бичиж гүйцээх бололцоо Киетэн хотод бүрдэв.

Ер нь түүний энэ хотод байсан зурвас үеийг хөгжмийн түүхэнд бичихдээ “Клавесиний уран бүтээлийн үе” гэж нэрлэдэг. Бах энэ хотод амьдрах хугацаандаа клавесинд зориулж “Сайтар жигдэрсэн даруул”, Фугийн тэргүүн дэвтэр, хийлд зориулсан зургаан сонат, Брандэнбургийн зургаан концерт зэрэг гайхамшигт бүтээлүүдээ туурвисан юм. Бах нийтдээ 300 орчим магтуу бичиж үлдээжээ. Тэрээр амьдарч байсан бүх л хотдоо хөгжмийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, хөгжмийн боловсрол, соён гэгээрлийн ажилд идэвхийлэн зүтгэж байсан юм. Түүний бичиж үлдээсэн магтуу бараг бүгд сүмийн, шашны сэдэвтэй байсан. Гэвч тухайн цаг үеийнхээ хүний дотоод сэтгэл, хүсэл тэмүүлэл, хэн бүхэнд байх сэтгэлийн ертөнцийг гайхамшигтайгаар дүрсэлж чадсан реалист бүтээл болсон нь сүм хийдийнхний багагүй шүүмжлэл, эсэргүүцэлтэй тулгарч байсан юм.

1750 оны наймдугаар сард Германы агуу хөгжмийн зохиолч, суу билэгт хөвгүүдийн нэг болон мөнхөрсөн Иохан Себастиан Бах таалал төгсчээ. Түүнийг гэгээн Иоаннын сүмийн ойролцоо оршуулсан гэдэг ч шарил нь олдохгүй байсаар 1894 онд барилгачид санамсаргүйгээр олж, 1900 онд дахин оршуулсан түүхтэй. Дэлхийн II дайны хөлд тухайн сүм сүйдэхэд шарилыг нь дахин зөөж гэгээн Фомын сүмд аваачжээ. Герман үндэстний дуу хөгжмийн асар баялаг өв уламжлалд түшиглэн өрнө дахины сонгодог хөгжмийн шилээвэр гэх бүгдийг өөрийн уран бүтээлдээ шингээн авч, реалист шинэчлэлийн үндсийг тавьсан их хүн бол Бах юм. Туулан өнгөрүүлсэн амьдрал нь саад бэрхшээлтэй байсан ч гэлээ хөгжмийн болон хүн төрөлхтний түүхийн хуудаснаа алтан үсгээр бичигдэн мөнхрөх гайхамшигт өвийг хойч үедээ үлдээж чадсан, сонгодог хөгжмийн шинэ хуудсыг нээн өгсөн тэрээр эгнэгт алтан гадас лугаа гялалзан байх билээ. 1723 онд “Иоанн”, “Магнификат” 1727 онд “Эмгэнэлийн магтаал”, 1729 онд “Матфэй”, морин хийл, лимбэ, хийл болон бусад хөгжимд зориулсан суут бүтээлүүд өдгөөг хүртэл хүн төрөлхтний сонор юуг мялаасаар байна.

Я.Баярбаатар

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *