Дэлхийн сонгодог хөгжмийн зохиолчдын ноён оргилын нэг Ж.Пуччингийн мэндэлсний 160 жилийн ой тохиож,УДБЭТ, Нийслэлийн соёл урлагийн газар хамтран “Сонгодог дуурийн өдрүүд”-ийг зохиохоор болжээ. Маргаашнаас эхлэн энэ сарын 30-ний өдрийг хүртэл үргэлжлэх уг тоглолтын ерөнхий найруулагчаар Г.Эрдэнэбаатар ажиллах гэнэ.
“Сонгодог” өдрүүдийг нээж, эмгэнэлт хайр дурлал, эмэгтэй хүний ээдрээт амьдралын тухай өгүүлэх “Чио Чио Сан” буюу “Эрвээхэй хатагтай” аж. Уг жүжиг нь Ж.Пуччинигийн гол бүтээлүүдийн нэг бөгөөд азийн хөгжмийн чиглэлийг судлан хийсэн хоёр том бүтээлийн нэг нь юм.
Манай улсад 1967 анхтайзнаа амилж, 40 жилийн ойг нь өнгөрсөн жил тэмдэглэсэн тус жүжгийн гол дүрд УДБЭТ-ын чадварлаг залуу уран бүтээлч Б.Энхнаран, Н.Батжаргал нар тоглоно.Энэ удаагийн тоглолтоор, БНСУ, ОХУ болон БНХАУ-ын уран бүтээлчидтэй хамтран бүтээл туурвихаар болсон нь онцлог юм.
БНСУ-аас удирдаач Ки Сун Ли, сопрано дуулаач Ким Нам Юүн болон И Ёон Сук нартай хамтрах аж. Мөн хамтран ажиллахаар, басс баритон дуулаач Лию Хён Сунг, ОХУ-ын Буриадын АЖ Н.Мөнхзул хүрэлцэн иржээ.
БНСУ-аас ирсэн удирдаачКи Сун Ли “Хэдийгээр бэлдэх хугацаа бага байсан ч манай улсаас оролцож байгаа уран бүтээлчид бүгд чармайн ажиллаж байгаа.Энэ хугацаанд Монголын уран бүтээлчид үнэхээр чадварлаг болохыг бид мэдэрч байна” гэв.
Мөн энэ сарын 29-нд Ж.Пуччингийн “Богема” дуурийг тайзнаа амилуулна. Харин “Сонгодог дуурийн өдрүүд”-ийн гурав дахь үдэш, шилдэг бүтээлүүдийн түүвэр“Олон улсын дуурийн гала” концерт болох юм.
УДБЭТ-ын уран сайхны удирдагч Б.Түвшинбат хэлэхдээ “Гурван өдөр үргэлжлэх сонгодог үдшээс гаднаVII сарын нэгэнд Сүхбаатарын талбайд “Best of classics open air” сонгодог тоглолтыг дөрөв дах жилдээ зохион байгуулахаар болсон. Энэ удаагийн задгай талбайн арга хэмжээнд 2000-аад суудал засагдана. Сонгодог урлагт хайртай, хүндэлдэг 200 хүнд урилга өгнө” гэдийг онцолж байв.
“Нээлттэй сонгодог дуурийн үдэш”-ийг удахгүй болох “Үндэсний их баяр наадам”-ын тусгай хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын иргэд, жуулчдад сонгодог урлагийг сурталчлах зорилгоор зохиож байгаа аж.
З.Сувд