Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт түргэн тусламжийн 10 автомашиныг хүлээлгэн өглөө. Уг арга хэмжээ Сүхбаатарын талбайд болж, СХДНЭ-ийн удирдлагууд болон холбогдох албаны хүмүүс оролцов. Улаанбаатар хотын хүн амын төвлөрөл, өвчлөлтэй уялдан дуудлагын тоо жил тутам 10-12 хувиар нэмэгддэг. Яаралтай тусламжийн баг хоногт 950-1200 дуудлага хүлээн авч, 2-75 км-ын хүрээнд үйлчилдэг байна. Иргэдэд түргэн тусламжийн үйлчилгээг хугацаа алдалгүй хүргэхэд туулах чадвар сайтай автомашин нэн шаардлагатай байгаа юм. Уг 10 автомашиныг амьсгалын аппарат, өвчтөний хяналтын монитор, сорох аппаратаар иж бүрэн тоногложээ. Энэ нь Японы “Өвсний үндэс” хөтөлбөрийн үр дүн гэдгийг салбарын сайд онцлов. Өмнө нь энэ төслөөр 2013, 2014 онд 35 тэрбум төгрөгийн машин, тоног төхөөрөмж нийлүүлсэн байдаг. Түүнчлэн Япончууд 34 ширхэг 4D эхо аппарат хандивлах гэнэ.