Эрх чөлөөгөө хасуулж үзсэн хүн эрх чөлөөний үнэ цэнийг хамгийн ихээр мэдэрдэг гэдэг шиг харийн газар, холын нутагт үзсэн тэр жилийн наадмын өдрүүд санаанаас ердөө гардаггүй юм. Монголчуудын хамгийн их очихыг хүсдэг улс БНСУ гэдэгтэй маргах хүн цөөнгүй. Аяллын гэх тодотголтой гурван сарын визээр халхавчилж, аялахаасаа илүү ажиллаж, амьдрал ахуйгаа өөд татах хүсэлтэй нь олон. Тэдний нэг нь би. Хэрэв визнийхээ дуусах хугацааг тулгаж эх орондоо ирвэл, дараа дахин визэнд ороход “ажил хийсэн байх магадлалтай” гэх шалтгаанаар БНСУ-ын ЭСЯ-наас татгалзсан хариу сонсох магадлал өндөр. Тиймээс хамгийн ихдээ сар 15 хоног Солонгост аялах нэрээр ажиллах нь миний гол зорилго байлаа. Зургадугаар сарын дундуур БНСУ-ын Инчеон нисэх онгоцны буудалд газардсан юм. Ирсэн зорилго тодорхой учраас өндөр цалинтай л бол ямар ч ажлыг уйлуулна, хашраана гээд л өөрийгөө төрсөн эгчдээ рекламдаж гарсан. Эгч минь намайг бодоход тус улсад найман жил сурч, ажилласан болохоор хаанаас, ямар ажил олохоо сайн мэднэ. “Үнэхээр ямар ч ажил байсан яг хийж чадах уу. Солонгост ногооны улирал эхэлж байгаа болохоор тэнд хамгийн өндөр цалинтай сонгино хураах ажил байна. Эсвэл арай бага цалинтай буудал цэвэрлэх ч ажил байна гэв. Сонгино хураах ажил өдрийн цалин 120 мянган вон” гэв. Үнэндээ тэр үед надад ямар ажил гэдэг нь огтхон ч сонин биш байлаа. Харин өдрийн цалинг нь сонсоод шууд хоёроор үржээд монгол мөнгөөр 240 мянган төгрөгтэй болох нь гэдэг л сонин байв. Шууд л “Би чадна”-чуудын эгнээнд бат шилжив. Эгч минь солонгосоор яриад л утасны наана толгой дохин тонголзож байх юм. Ямартаа ч ажилд орох нь нэгэнт тодорхой болж.Тухайн газраа байрлаж ажиллах учраас бэлтгэлээ базаахаар болов. Томоос том саравчтай, эрээн алаг эмээ малгай (ихэвчлэн ногооны талбай, гадаа ажилладаг хүмүүс өмсдөг нарнаас хамгаалах малгай)-г хамгийн түрүүнд сонгов. Моод монголоор дуусдаг л гэдэг яс ярих юм бол манай Улаанбаатарт ийм загварын мэдрэмжгүй нарны малгайг хаанаас ч хайгаад олохгүй байх даа хэмээн бодогдов. Загвар хийцийг нь голсон ч эгчийн тушаалаар үг дуугүй л авлаа. Түүнээс цааш үргэлжилсэн худалдан авалт ч өөдтэй өнгөтэй байсангүй. Хүзүүвч, ханцуйвчнуудыг өнгө өнгөөр нь авч, “ажлын” гэх тодотголтой нимгэн өмднөөс ч нэжгээдийг авав. Тэр дунд юунд, яаж ашиглах нь тодорхойгүй нэг хачирхалтай зүйл худалдан авсан нь “чагоб ижа” буюу ажлын сандал. Дүрслээд хэлбэл, өгзөгний хэмжээнд таарахуйц зөөлөн порлон бүхий, улаан өнгийн бөөрөнхий зүйл байх бөгөөд хоёр талдаа резинэн уяатай байх юм. Ингээд бүх зүйл жин тан.
Өглөө боллоо. Хүний нутагт ирснээ мэдэхгүй ногооны талбайд “Таньдаг хүнтэйгээ тааралдвал яана аа” гэх ичимхий монгол зан хөдлөөд болдоггүй. Дэмий бодолд дарагдах зуураа оройжин явж цуглуулсан ажлын хувцсаа бүрэн өмслөө. Ээ бүү үзэгд. Энд намайг хүн таних нь бүү хэл би ч өөрийгөө танихааргүй боллоо. Хормын дотор эгээтээ л насаараа ногооны талбайд ажилласан эмгэний дүрд хувирах нь тэр. “Эмзэг айлын хүүхэд эгчийнхээ цамцыг өмсчихсөн юм” гэдэг шиг ахынхаа юм уу, аавынхаа өмдийг өмсчихсөн мэт өнөөх ажлын өмднийх нь навсгарыг яана. Дээрээс нь “Халуунд бие барьсан хувцас өмсөх хэцүү. Аль болох нэлмэгэр юм зүгээр” гэсээр S размер өмсдөг надад XXL хэмжээтэй подволк сонгосон эгчид уур ч хүрэх шиг.
Ерөөсөө л S&I хамтлагийн шүтэн бишрэгч хип хоп малгайгаа андуураад нарны малгай өмсчихсөн мэт хөгийн л өнгө юм харагдаж байлаа. Ийм л зүс царайтай амьтан хүсэн хүлээсэн ажлын байртайгаа танилцлаа.
Угтаа эх орондоо, ижий аавынхаа дэргэд байхдаа ногооны талбайд ажиллах нь бүү хэл 20 л ус ч өргөж үзээгүй “нусан буу” шүү дээ би чинь. Гэтэл өмнөх өдөр нь бүгдийг чадна гээд томорчихсон учраас эргэж буцах, эрхэлж нялхрах ямар ч сонголт алга. Азаар БНСУ-ын оюутнуудын амралт эхэлчихсэн учраас тэнд сурдаг нэлээд хэдэн монгол оюутнууд надтай хамт ажиллахаар ногооны талбайд бүрэн жагсчээ. Бидний хийх ажил ногооны талбайд байгаа сонгиныг суга татаад хоёр талаар нь жирийлэн өрнө. Дараа нь сонгинынхоо урд болон хойд саглагарыг хайчлаад хэсэг хэсгээр нь уутлахад бэлэн болгож бөөгнүүлэх байлаа. Үүрийн зургаан цагаас үдшийн 17 цаг хүртэл ийм л ажил хийнэ. Эхний хэдэн өдөр гарын алга хайчинд холгогдож, цэврүү үсрэх ч газаргүй боллоо. Өдөржин ажилласан 10 хуруу шөнөдөө хавагнаж хөөгөөд өглөө нь хөдлөх ч тэнхэлгүй болсон байна. Гэхдээ ажлын талбай дээрээ очих үед тэр бүрэн мартагдана. Мартсанаас өнөөх улаан өнгийн зөөлөвчийг манайхан “бөгсөвч” гэж нэрлэдэг юм билээ. Угтаа хоёр гуяндаа резинийг нь углаад доош суухад зөөлөн сандалны үүрэг гүйцэтгэнэ. Хамгийн их гайхаш төрүүлсэн зүйл нь хамгийн хэрэгтэй зүйл болж хувирах нь тэр. Ингээд ногооны талбайд ажилласнаас долоо хоногийн дараа жинхэнээсээ ажлыг умалзуулдаг боллоо.
“Монголын үнэртэй салхи” дууны үгийг хоёрхон хоногийн өмнө Төрийн соёрхолт хүртсэн Ш.Гүрбазар гуай яасан гайхалтай бичиж, МУГЖ С.Жавхлан яаж тэгж амьдруулсан юм бол. Аагим бүгчим л гэнэ. Монголын салхи амьсгалахад л цээж дүүрдэг сэн. Гэтэл Солонгосын агаар амьсгалахад ч бачимдмаар аж. Үүлний цаагуур нар түр боловч амс хийж, үүлэн сүүдэрт нь бид сэрүүцэх талаар ч бодоод нэмэргүй. Ямар сайхан эх оронтой гэдгээ, яасан сайхан ижий аавтай гэдгээ хүний газар очсон хүн илүү ихээр мэдэрдэг байх. Өмнө нь яагаад мянга мянган одод миний Монголын тэнгэрт түгдгийг, үүлэн чөлөөний нар үзэгдээд өнгөрөх нь гайхамшиг гэдгийг, уртын дуу яасан уянгатай гэдгийг, эх орны минь хээр тал тийм уужим гэдгийг мэдрээгүй юм бол…хэмээн хааяа хааяа үдийн цайны цаг, үдэш орой нойроо хулжаан бодно. Өмнө хэзээ ч утга уянгыг нь бодож сонсож байгаагүй дуу бүрийн үг яасан үнэнийг өгүүлдэг байгаа вэ. Сүүлдээ ч бүр дуу сонсоод л уйлах нь энгийн үзэгдэл болов. Нутагтаа очихоороо гэх хүслийн жагсаалт хөвөрнө. Ямар сайхан эх оронтой гэдгээ улам их мэдэрч, үгүйлэн санасан өдрүүд нэг нэгээрээ хөвөрч маргааш эх оронд минь наадмын өглөө болох нь…
…Өмнө нь наадмын өглөө гийнгоон дуу хадаж, уртын дуу уянгалж, бөхчүүдийн цолыг дуудах, нум сум эвшээлгэж, ээж хуушуур хийж, аав бөх үзэх нь байдаг л зүйл шиг санагддаг байж. Гэтэл энэ бүхэн Монголын төлөө цохилох зүрхтэй, монгол хүн бүхний бахархал, омогшил, ондоошил нь байдаг аж.
Өглөөг “Ээж, аав юу хийж байгаа бол, төв талбайгаас төрийн сүлдийг Төв цэнгэлдэхэд залах байх даа. Энэ жил хэний айраг исч хэний охин өсөө бол… ээжийн хуушуур ч амттай даа” гэх гэгэлгэн бодлоор эхлүүлэв. “Ажума” төрхөндөө нэгэнт ижил дасал болсон би ажлын багажаараа өөрийгөө тоноглоод сонгины талбай руу явлаа. Бие энд ч, бодол хэдий нь эх орондоо оджээ. Энэ жил “Увсын бөхчүүд өнгөтэй байгаа даа.Наадмын түрүү манай аймгаас тодорвол манайхан ч жинхэнэ утгаараа баярлана даа” гэх бодолд дарагдав. Үдийн хоолны цаг болж түр амсхийв. Монголоороо омогшиж, хуушуураа санагалзаж, ядаж байхад тэр өдрийн хоол хүйтэн гоймон байв. Угтаа Солонгосын үдийн халуунд хүйтэн гоймон идэх нь хамгийн зохимжит сонголт. Гэтэл жил жилийн өдийд хул хул айраг, хуушуур буузаар гулгидаг надад энэ өдрийн хоолыг хараад хоёр нүдний нулимс шууд л урсчихсан. Ажлын хүндээс, хоолны амтгүйгээс биш эх орноо, ижий ааваа тэгж их санасан болохоор тэсэхгүй мэлмэрүүлчихсэн. Гуравхан хоног тэсчихвэл угаасаа буцах цаг минь дөхчихсөн байсан юм. Шууд л эгч рүүгээ залгаад “Орой намайг аваарай. Одоо тэсэхгүй нь” гэх нь тэр. Ажил тарах үеэр Солонгост ажиллаж амьдардаг ахан дүүсийн төлөөлөл, төрсөн ганц эгч минь торойгоод зогсож байлаа. Ажилласан хоногоо өдрийн цалингаараа үржүүлээд тоолоод авах мөч бас л сайхан даа.
Эмээ стилиэсээ салаад жинхэнэ S&I олчихоод наадмын хоёр дахь өдрийг жинхэнэ утгаараа тэмдэглэв. Солонгост байгаа монголчууд Ардын хувьсгалын түүхт 93 жилийн ойгоо БНСУ-д ёслол төгөлдөр тэмдэглэж, бөх барилдаж, нум сумаа харваж, шагай наадгайгаараа ч нааддаг юм байна. Яг л эх орондоо ижий аавдаа очсон мэт хүн бүхний сэтгэл баясаж, элэг дэвтэж, тэр л өдөр Монголоороо, монгол хүн болж төрснөөрөө бахархан бахдаж байсан юм. Өнөөдөр аль аймгийн ямар бөх хүчтэй байхыг үзэхээр хэсэг Монгол таунд байрлах “Залуус” рестораныг зорилоо. Тус рестораныг БНСУ-д очсон хэн бүхэн андахгүй. Яг л эх орондоо очсон мэт хаашаа ч харсан монголчууд, монгол хаяг, монол хоол. Ээжийн чанасан цай мэт ядаргаа тайлах банштай цай, сэтгэл сэргэтэл сэгсэрсэн цуйван, хуушуур бууз гээд л үндэсний гэх тодотголтой хоолууд ёоз ёозоороо тус рестораны гал тогооноос л гарна. Тус ресторан нэгэнт монголчуудын хөлд дарагджээ. Рестораны гол байрлуулсан зурагтаар бөхийн барилдаан гарч байна. Ямартаа ч хамгийн сайн таньдаг нь Увс аймгийн Ховд сумын харьяат Улсын арслан Н.Батсуурь үзүүр түрүү булаалдахаар үлдэж, хурд хүч, уран мэхээрээ олноос онцгойрч түрүүлсэн юм. Тэнд байсан бид уухай хадаан огшиж, эх оронд минь наадмын талбайд Увс нуур халгин мэлтэлзэж байсан юм.Өчигдөрхөн л сонгины талбай дээр нус нулимстайгаа хутгалдаж суусан би өнөөдөр сангёбсал шарсан шигээ сууна…Наадмын түрүү бөх нутгаас минь тодорч, олон жил уулзаагүй ахан дүүстэйгээ учирч, хүний нутагт ч “Увс нуур”, “Цэнхэр тэнгэрийн орон”-оо дуулж, элэг дэвтэж, эх орноо үгүйлж, дэлхийг баясгаж, дэнж хотойтойл нааддаг монгол наадмаараа хэзээ ч бахархаж бахдаж байгаагүйгээр омогшиж, огшиж өнгөрүүлсэн юм.
Дэнж хотойтол дэлгэр сайхан наадахын учрыг, Домгийн шувуу үргээж монгол наадам эхлэхийн учгийг, огших, бахархах, үгүйлэх, эмтрэх, санах санагалзах эх оронтой, ижий аавтай, хэл соёлтой, өв уламжлалтай байхын сайхныг тэр жилийн наадам надад дэндүү тод ухааруулсан юм. Наадам айсуй… БНСУ-д ажиллаж амьдарч байгаа 50 гаруй мянган монголчууд яг л миний л адил, наадам дөхөхөөр уяан дээрээ гэгэлздэг адуу мэт эх орондоо, ижий аавдаа, үр хүүхдэдээ, хань ижилдээ тэмүүлж, тэмтэрч, эмтэрч суугаа. Монголын үнэртэй салхиныхаа илбээнд, морин дэл дээрээ исгэрч, нутгийнхаа уудам, хээр талаар дураараа давхих цаг ойрхон байх болтугай. Айраг исч, найраг дундрах цагаар адуу шиг эх орондоо гүйгээд ирэх цаг мөдхөн биз ээ.
Эрдэнийн наран жаргадаг ч эргээд манддаг энэ орчлонд
Гүүгээ бариад угтахаа гүрэн Монгол чинь сайн мэднэ
Гэмшилт буурал цадигаа зэрэглээ гэж итгээрэй
Гэдсэндээ одсон унага шиг Монголоо тээгээд ирээрэй
(МУГЖ Ц.Бавуудорж Гүрэн монгол чинь хүлээнэ шүлгийн хэсэг)