Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Согтуугаар машин жолоодвол 384-768 мянган төгрөгөөр торгож, 1-3 сар баривчилна

Замын хөдөлгөөний
аюулгүй байдлын тухай хуульд зааснаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол
хамгийн багадаа 384 мянган төгрөгөөр торгуулж, 6-24 сарын хугацаагаар эрхээ
хасуулна. Цаашлаад 30 хоног баривчлагдаж, 768 мянган төгрөгөөр торгуулна.
Тодруулбал, Замын хөдөлгөөний тухай хуулийн 27 дугаар зүйлд Согтууруулах ундаа,
мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн этгээд тээврийн хэрэгсэл
жолоодоход авах хариуцлагыг заажээ. Хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д
“Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ
тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм,
сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас
зайлсхийсэн этгээд тээврийн хэрэгсэл жолоодсон бол нэг сарын хөдөлмөрийн
хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр
торгож, жолоодох эрхийг зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хасах
шийтгэл оногдуулна” гэжээ. Өөрөөр хэлбэл, согтуу машин баривал 384 мянган
төгрөгөөр торгож, жолооны эрхийг нь 6-24 сар хасна. Хэрвээ хэн нэгэн нь таны
машиныг согтуугаар жолоодсон бол та давхар хариуцлага хүлээнэ. Хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т
“Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн этгээдэд
тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсэн бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод
хэмжээний тавин хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна”
гэжээ.

Эрхээ хасуулсан
жолооч согтуугаар машин жолоодвол 30 хоног баривчлагдаж 384-768 мянган
төгрөгөөр торгуулна. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 27 дугаар
зүйлийн 27.3-т “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй буюу уг эрхээ хасуулсан
этгээд согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн
үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод
хэмжээг хоёроос дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож,
долоо хоногоос гуч хоног хүртэл хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна” гэж
заасан.

Хэрвээ жолооч
хоёр дахь удаагаа согтуу жолоо барьсан бол мөн сар баривчлагдана. Хуулийн 27
дугаар зүйлийн 27.4-д “Энэ хуулийн 27.1-д заасан зөрчлийг давтан үйлдсэн бол 30
хоногийн хугацаагаар баривчлах, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн
хугацаагаар хасах шийтгэл оногдуулна” гэж заасан байгаа.

Ц.Өрнөх

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *