Categories
мэдээ цаг-үе

СнЗ-ийн референт Р.Гонгор: Ж.Самбуу даргын амнаас унах цөөн, жинтэй үгнээс гарах хүн байгаагүй дээ

Түрүүч нь № 190(6033) дугаарт


Социализмын үед нам, төрийн томоохон албан тушаалуудад томилогдож ажиллаж явсан Р.Гонгортой та бүхнийг өмнөх дугаараараа уулзуулсан билээ. Сайд нарын зөвлөлийн референт, Улсын хангамжийн хороо, Улсын төлөвлөгөөний комиссын орлогч даргын алба гээд төрд 40 гаруй жил зүтгэсэн түүний ярилцлагыг үргэлжлүүлэн хүргэж байна. Сануулахад, энэ эрхэм Монголын ЭСЯнд зөвлөхөөр ажиллаж, Бал даргыг Оросод гэрийн хорионд орсон үед аж ахуйн асуудлыг нь хариуцаж байсан юм.

-Ю.Цэдэнбал дарга паспортоо сураглаад ЭСЯ дээр үе, үе ирдэг байсан тухай та ярьсан. Тэр үед танд даргынхаа паспортыг олоод өгчих юм сан гэсэн бодол төрдөг байв уу?

-Тэгж бодлоо гээд яаж ч чадахгүй үе байсан. Тэр байтугай Бал даргын дүү Аюуш Болгарт сууж байгаад ахтайгаа уулзахдаа хүртэл Оросын коммунист намын төв хорооноос манайхыг хариуцсан зааварлагчаас зөвшөөрөл авч байсан гээд бод доо.

-Бал даргыг тэнд байхад нь Оросын талаас байшин өгсөн гэдэг байх аа?

-Оросын сайд нар амьдардаг зуслан байсан юм. Тэнд 240 рубелиэр хоёр давхар сайхан байшин барьж өгсөн дөө. Филатова очиж үзсэн. Би ч харж байсан. Тэр байшин доороо хоёр том хонгилтой, автомашины том гарааштай байсан санагдаж байна.

-Дараа нь тэр байшинг яасан бэ?

-1986 онд манайхан оросуудад зарчихсан. Тэр орлого хайчсаныг мэдэхгүй.

-Ингэхэд Х.Чойбалсанг нас барахад Бумцэнд хурандаа, Дамба гуай, Сүрэнжав, Цэдэнбал гээд томчууд улс орныг удирдахын төлөө фракцалж байв уу?

-Маршал Х.Чойбалсанг нас барахад би армид байлаа. Түүний шарилыг галт тэргээр долоо хоног явж авчирч ирэхэд нь вокзал дээр хүлээж авах хүндэт харуулын 30 цэргийг зориуд бэлдсэн юм. Ингээд Цэргийн ерөнхий сургуулийн төгсөх ангийн хүүхдүүдээс сурлага, бие бялдараар нь шигшиж, шилдэг 30 хүнийг сонголоо. Тэдний нэг нь би байв. Биднийг Төрийн ордны гуравдугаар давхарт нэг өрөө суллаад арав хоног байрлуулсан. Гадагшаа нэг ч удаа гаргаагүй. Өдөр нь хүндэт харуулд ээлжлэн зогсоцгооно. Хүмүүс ирж, очоод л яваад байна. Үдэш орой болоход эмч нар Маршлын цогцсыг засч янзлахаар хаалгыг хаахад бид амардаг байв. Тэгээд Төрийн ордны урд талд модон бунхан бариад тэнд Маршалын шарилыг оруулах хүндэтгэлийн ёслолд томчууд бүгд ирсэн. Бумцэнд дарга, СССР-ийн дээд зөвлөлийн хуралд ордог дарга, Өвөр Монголын дарга Улаанхүү, Ю.Цэдэнбал дарга нар оролцсон юм. Хожим тэр бунханд Д.Сүхбаатар жанжины шарилыг авчирсан юм даа. Жанжины шарилыг хэд хэдэн удаа хөдөлгөж, бас шинжилгээ хийж байсан санагдаж байна.

За, ингээд Маршал Х.Чойбалсан нас барж улс орныг хэн удирдах вэ гэдэг асуудал үүссэн. Тэр үед Ерөнхий сайд нь төрийн тэргүүн байсан. Ерөнхий сайд хэн болох вэ гэхэд Сайд нарын зөвлөлийн нэгдүгээр орлогч Сүрэнжав “Би болно” гэдэг юм байна. Бал дарга ч бас Ерөнхий сайд болно гэсэн. Энэ хоёр хэсэгтээ чимээгүйхэн өрсөлдөв өө. Нэг нь хурал даргалахаар нөгөө нь суухгүй. Тэр үед Дамба Төв хорооны нарийн бичгийн дарга байсан. Бумцэнд болохоор АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга байлаа. Ингээд “Сүрэнжав, Цэдэнбал хоёр маргалдаад байна” гэдэг яриа дээгүүрх хүмүүсийн дунд жиг жуг болов. Эцэст нь Бал даргыг оросууд хүчээр тавьсан шүү дээ.

-Ж.Самбуу дарга Ю.Цэдэнбал даргыг дэмжсэн гэдэг утгаараа АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга болсон юм уу уу?

-Тийм ээ. Харин Бал дарга Сайд нарын зөвлөлийн дарга байснаа хөршөө дуурайгаад намтай, төртэй нь авсан. Ингээд түүний 40 жил төр барих эхлэл тавигдаж билээ.

Маршал Х.Чойбалсанг нутаглуулах үеэр. Ю.Цэдэнбал даргын баруун гар талд хүндэт харуулын цэрэг Р.Гонгор

-Ю.Цэдэнбал даргын анхны хэлмэгдүүлэлт Порт-Артурын хэрэг гэдэг бил үү. Үүнээс өөр алдарт хэлмэгдүүлэлт хийсэн юм уу?

-Энэ ч одоо Дотоод явдлын яамны хэдэн генералуудын хийсэн ажил л даа. Бал дарга яахав хурлаа хийгээд л. Хамгийн муу юм хийдэг хүн нь Ламжам, Лувсанравдан хоёр байсан юм. Тэр үеийнхэн Ламжавыг Монголын сэхээтнээр 30 жил гараа угаасан хүн гэж үздэг байв. Ламжав Төв хорооны боловсон хүчний дарга, АИХ-ын тэргүүлэгч гишүүн, Намын хянах хорооны орлогч дарга гээд гурван албан тушаалыг хашдаг байсан.

-Тэр үеийн сэхээтний хэлмэгдүүлэлтийн талаар та л хамгийн сайн мэднэ дээ?

-Тэгэлгүй яахав. Тэр үеийн улсуудын бодож байгаа, ярьж байгаа юмнуудыг бүгдийг мэдэж байсан. Ламжав бол урд зүгийн сахар маягийн хүн байсан юм шүү дээ. Өвөр Монгол, Монголын хилийн зурвасынх. Хүний гараар могой бариулсан хамгийн муу хүн. Лувсанравдан яахав дээ гүндүүгүй, авгай эргүүлсэн, муйхраар зүтгэсэн хүн байсан. Лоохууз, Нямбуу, Сурмаажав гурав хамгийн их хэлмэгдсэн хүмүүс.

-Таны үед төрийн бодлого шийдвэр яаж гардаг байв?

-Нам, төрийн бодлого бүгд нарийн төлөвлөгөөтэй байсан. Тэр дагуу бүтээн байгуулалтын ажлууд хийгддэг байлаа. Төлөвлөгөө хугацаандаа биелэхгүй бол хариуцсан хүмүүст нь хариуцлага тооцно. Харин одоо цагт төлөвлөгөөгүйгээр төрийн ажил явж болдог юм уу. Манайхан одоо төсөл нэртэй явуулж байх шиг харагддаг. Тэрнээс хэтийн бодлого алга. Бид жилдээ 1.3 сая хос гутал үйлдвэрлэдэг байлаа. Цэргийнхээ бүх шинель, орны бүтээлгээ цэмбээрээ хийчихдэг байв. Ноосон даавуун хувцсаа хийгээд өмсдөг байсан. Гэтэл одоо бүгдийг гаднаас авч байна. Улаанбаатар хот сүүлийн 20 жилд хоёр дахин нэмэгдсэн. Тэр хэрээр Цахилгаан станц, дулааны шугам сүлжээ, усан хангамж, цэвэрлэх байгууламж нэмэгдэв үү. Тавдугаар цахилгаан станцыг барина гэж хичнээн жил ярив даа. Тэр үеийнхээ хүчин чадал дээр тулгуурлан Улаанбаатар хотыг авч явж байна. Нийслэл маань ямар их зай талбайтай байв. “Монголчууд өргөн уудам талд алсын бараатай амьдарч сурсан хүмүүс болохоор нийслэл хотоо уужуу барина. Ингэж байж хүн ардын сэтгэл тэнүүн байна” гэж Улаанбаатарыг байгуулсан юм шүү дээ. Манай үеийнхэн, дээдсүүд маань мундаг алсын хараатай хүмүүс байсан юм.

АИХ-ын Тэргүүлэгч Ж.Самбуу даргын тухай олон сайхан дурсамж санаанаас гардаггүй юм. Ж.Самбуу даргын айлчлалд би хэдэнтээ дагалдаж явж байсан хүн л дээ. Улс төрийн товчооны хуралд би суудаг байлаа. Хариуцлагатай нарийн бичгийн дарга байсан болохоор бүх портоколыг бичнэ шүү дээ. Жилийн төлөвлөгөө, төсөв бодлогыг батлах үеэр улсууд их маргалдана аа. Төсөвт ийм ийм өрчлөлт оруулна, тийм тийм юманд тэдэн төгрөг төсөвлөнө гээд л ярина. Ж.Самбуу дарга бол дуугүй л суугаад сонсоод байна. Тэгж тэгж хамгийн сүүлд “Ж.Самбуу дарга аа, та санал бодлоо илэрхийлнэ үү дээ” гэхээр сая нэг босч тоймтойхон юм хэлдэг сэн. Нэг удаа манай хөдөө аж ахуй эрхэлсэн залуухан дарга хурал дээр маргалддаг юм байна аа. Жаргалантын сангийн аж ахуйн талбайг өргөтгөх асуудлыг хэлэлцэж байв. Талбайг тэлэхгүй гэхэд нөгөө залуухан дарга маань зөрүүдэлдэг байгаа. Тэгэхэд Ж.Самбуу дарга “Энэ хүүхэд чинь их л сүрхий юм яриад байх юм. Амьдрал үзүүлбэл яасан юм дээ” гэж жинтэйхэн хэлж билээ. Харин нөгөө залуухан дарга Хөдөө аж ахуй эрхэлсэн даргын албан тушаалаас нь бууж, сангийн аж ахуйг хариуцсан хүн болсон доо. Ж.Самбуу даргын амнаас унах ийм цөөн, жинтэй үгнээс гарах хүн байдаггүй байсан даа.

-Та бол улсын хөгжил дэвшлийн үечлэлийг нүдээрээ үзэж, амьдралаараа туулсан хүн. Ингэхэд Улаанбаатар хотод хэдэн онд орж ирсэн бэ?

-Би 1944 онд Улаанбаатар хотод орж ирсэн хүн. Тэрнээс хойш хотоосоо салаагүй. Тухайн үед Улаанбаатар хот ямаршуу янзтай байсныг сайн мэднэ. 1953 онд Хятадын хувьсгалын ойн баярт Зөвлөлтийн сайд нарын зөвлөлийн дарга Микиян оролцсон юм. Тэгэхэд Мао Зедун түүнд “Та бүхэн Сталинг шүүмжиллээ. Сталины алдаа дутагдлыг заслаа. Түүний нэг том алдаа бий. Энэ бол Монголыг тусгаар тогтнуулсан явдал байгаа юм. Та нар энэ алдаагаа засч, Монголыг эргүүлж Хятадад өг” гэж хэлсэн байгаа юм. Тэгэхэд нь Микиян “Би мэдэхгүй. Монголчуудаас өөрсдөөс нь асуу” гээд ойн баярын хурлыг нь тараад манай улсад ирсэн. Тэр үед Улаанбаатар эсгий хот байлаа. “Ээ хөөрхий, ийм ядуу хот байсан юм уу даа” гээд анхны 40 мянгатыг Микиян амлаж байгуулсан түүхтэй. Хятадын хувьсгал ялсны ойн баярт Төв хорооны нарийн бичгийн дарга Дамба хүртэл оролцсон юм. Мао Зедун түүнд “Би та нарыг 200 гаруй жил колончилсон. Одоо өрийг чинь төлж өгнө. 150 сая төгрөгийн буцалтгүй тусламж өгнө. Ингээд хоёр хэсэг барилгын баригад оруулж дэмжлэг үзүүлье. Ингэхдээ баруун талаар дандаа эмэгтэйчүүд, төвөөр эрэгтэйчүүд оруулна” гэхэд Дамба дарга зөвшөөрөөгүй. Учир нь баруун аймгуудад эмэгтэйчүүд ховор, эрэгтэйчүүд ихтэй, Улаанбаатарт эмэгтэйчүүд элбэг, эрэгтэйчүүд ховор байсан юм. Тэр хурлыг Микян ч тэр, манай Дамба дарга ч тэр уурлаад хаяад гарч байсан гэдэг.

-Одоо ч тань шиг ингэж хуучин цагийн түүхийг өгүүлэх хүн ховордож дээ.

-Хүний хувь төөрөг гэж сонин юм шүү. Өнгөрсөн зун Сангийн дэд сайдаар ажиллаж байсан Б.Долгормаа маань асрамжийн газар байж байгаад нас барчихлаа. Бид хамт ажилладаг байсан юм. Мундаг толгой сайтай эмэгтэй байв. Би сүүлд Сангийн яаман дээр ахмадуудаа хүлээж авахад нь уулзаж байсан. Хуучин цагийнхаа дурсамжуудыг хөөрөлдөж байгаад явцгаадаг байж билээ. Би армид байхдаа Баянтүмэнд байлаа. Манай баригадын дарга хошууч генерал Батын Дорж, штабын дарга дэд хурандаа, гавьяат барилгачин, хөдөлмөрийн баатар Бямбаа гэж мундаг хүмүүс байдаг байв. Яагаав, хүүхдийн зусланг бариулсан Бямбаа дарга шүү дээ. Энэ улсуудын удирдлага дор армид 15 жил болсон.Бас Лхагвасүрэн жанжин, Дамдинхүү генерал байна. Ийм мундаг хүмүүсийн удирдлага дор ажиллаж байлаа. Ингээд ЗХУ-д Эдийн засгийн дээд сургуульд Улсын төлөвлөгөөний комиссын нэр дээр явсан. Нийт дөрвөн хүүхэд явсан. Одоо байгаагаас Нэргүй доктор бид хоёр л амьд байна даа.

-Ингэхэд та аль нугийн хүн бэ, эхээс хэдүүлээ вэ?

-Манай өвөг дээдэс бол Хөлөнбуйраас нүүж ирсэн барга ястан л даа. 260 гаруй өрх, мянга гаруй хүн, 100-гаад мянган толгой малтай Богдын шавь болно гээд 1917 онд нүүж ирсэн юм. Ингээд 1918 онд Богдын шавь болж, Манчир хутагтын отогт ороод Авдархангайд нутагшсан билээ. Манлайбаатар Дамдинсүрэнгийн удам, үр сад юм шүү дээ. Би эхээсээ дөрвүүлээ, айлын том хүү. Одоо хоёр дүү маань амьд сэрүүн байгаа. Манай эрэгтэй дүү Ломносовын сэтгүүлчдийн сургуулийг төгссөн Р.Эльбурс гэж хүн бий. Кино зохиол бичдэг байлаа. 1960 хэдэн онд нам, засгийн эсрэг сонин хэвлэлд бичээд хэлмэгдэж байсан. Нэг дүү маань малчин. Харин би өөрөө гурван охин, нэг хүүтэй. Том охин орос герман франц хэлтэй. Одоо тэтгэвэрт суусан. Бага охин англи, орос, япон хэлтэй, Швейцарийн ЭСЯ-ны дэргэд ажилладаг. Нэг охин маань одоо Филиппинд амьдарч байгаа. Хүү маань барилгын архитектор, инженер хүн.

-Та тэтгэвэртээ аль байгууллагаас гарсан бэ?

-1989 онд Орос дахь ЭСЯ-наасаа бууж ирээд дараа жил нь тэтгэвэртээ суусан. Тэр үед засаг төр эргэчихсэн, жагсаал цуглаан болоод л сүрхий юм болж билээ. Зах зээлийн нийгмийн талаар ямар нэг төсөөлөл, ойлголт бидэнд байгаагүй юм. Би чинь хуучин цагт Төлөвлөгөөний комиссийн орлогч дарга байсан болохоор энэ салбарынхантайгаа хааяа баяр ёслолоор уулзаж, санаа бодлоо солилцдог байлаа. Тэгсэн хоёр жилийн өмнө намайг ахмадын хорооноос хасчихсан. “Та Гадаад яаманд ажиллаж байсан. Тэндээ оч” гээд хөөгөөд гаргачихна лээ. “Танайхаас хаяа өгдөг 20, 30 мянгыг авахаа больё. Хамт ажиллаж байсан улсуудтайгаа уулзаж учирч байя л даа” гэтэл “Болохгүй” л гэсэн. Нас ахихаар хүмүүс иймэрхүү л ханддаг юм байна дөө.

-Гадаад яам бол таныг урьж байгаа биз дээ?

-Хамгийн сүүлд Гадаад яаманд ажиллаж байгаад тэндээсээ тэтгэвэрт гарсан болохоор жилдээ хоёр удаа ахмадуудаа хүлээж авдаг.

-Та төрийн ямар одон, медальтай вэ?

-Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас, хүндэт ойн медалиудтай. Тэрнээс өөр цол хэргэм байхгүй.

-Одоо хаана амьдарч байгаа вэ?

-Шарга морьтод амьдарч байна даа. Манай хөгшин Сангийн яаманд ажиллаж байсан юм. Өөд болоод удаж байна даа. Би ганцаараа сүүлийн арваад жил Сэлэнгэ аймагт амьдарлаа. Хүүхдүүд маань “Таны нас ч дээр гарсан. Хотдоо ир” гээд авчирсан. Амралтын өдрүүдээр хүүхдүүд ирээд сайхан бужигнаж байгаад явна. Заримдаа би хот руу орж ирж дэмий явж байгаад харина даа (инээв).

-Таны насны хүн ийм хөнгөн шингэн байна гэдэг бахархмаар…

-Бид одоо 91 настай. Хоол, унд, нойр, хөдөлгөөний дэглэм сайн барина аа. Өдөрт дөрөв, таван км алхана. Бас миний үгийг сонсч, намайг тоодог хэсэг залуу байдаг юм. Бараг судлалын холбооныхон л доо. Тэдэнтэйгээ сайхан ярьж, хөөрөлдөнө. Хааяа сонин хэвлэлийн та бүхэнтэй хөөрөлдөхөөр сэтгэл сэргэх юм. Дотроо илэн далангүй уудлаад л. Хүнийг хүн ёсоор хүлээж авч байгаад сэтгэл санаа өег болж, ойрын хэд хоногтоо сайхан бодолтой явна шүү дээ.

-Та тэтгэвэртээ суугаад юу амжуулав?

-Өөрийгөө яаж авч явах уу, яагаад 90 насыг хүрчихэв гэсэн бодлоо илэрхийлсэн ном бичсэн. Гурван удаа засч хэвлэж гаргасан. Бас нутаг орон, барга ястнуудынхаа тухай түүхэн ном бичлээ. Ер нь нам, төрийн ажил хийж байхдаа хүртэл бичиг, номтой их ноцолдсон. Одоо ч өдөр тутмын амьдралаас хоцрохгүйн тулд сонин хэвлэл уншиж, санаа бодолдоо тунгааж явна даа.

-Одоогийн засаг, төрийн үйл ажиллагаанд та ямар бодолтой байдаг вэ?

-Улс орныхоо төлөө санаа зовж, бодож явах олон зүйл байх юм. Огтны дуу тэнгэрт хүрдэггүй гэгчээр бидний дуу хаа холдох билээ дээ. Сэтгэл түгшээсэн асуудлууд их л байх юм. Ер нь нам гэдэг бол улс орныг задалж, бутаргаж, гүү хураасан азарга шиг болгож байна. Нам бүхэн дэргэдээ ахмадын, эмэгтэйчүүдийн, залуучуудын хороотой байна. Хоёр өвгөн уулзахаараа намаараа талцаж, дэмий ярих юм. Тиймээс намыг гишүүнчлэлгүй, дэмжигчтэй, дэргэдээ ийм байгууллага байгуулахыг хориглосон хууль гаргах хэрэгтэй байна. Цөөхөн улс ингээд хуваагдсаар байтал хэцүүдлээ. Иймээс эв түнжин хэрэгтэй байна. Ер нь төрийн байгууллагын дунд шатны орон тоо асар их болсон. Тэдний цалин өндөр, зан ааш нь ч их юм. Бидний үед орлогч сайд үүдэндээ нарийн бичгийн даргагүй байсан. Жинхэнэ сайд л нарийн бичигтэй байлаа. Харин одоо газрын дарга хоёр, гурван орлогчтой болж. Газар, хэлтсийн дарга бүхэн үүдэндээ нарийн бичгийн даргатай байна. Гүзээ нь томроод биеэ даахаа байсан хүн шиг боллоо, энэ төр. Хуучин цаг шиг дунд шатны албан тушаалтнуудыг хардаг, хянадаг, цэгцэлдэг төрийн байгууллага байдаг юм уу. Дунд шатны хүмүүсийн орон тоог цөөлж, тэр хэмнэсэн мөнгөөр багш эмч нарынхаа цалинг нэмэх боломж асар их байгаа.

Бас нэг асуудал байна аа. Монголчууд цөөхүүлээ байж гадаадад байгаа монголчуудаа дайсан мэт үзэх юм гээч. Саяхан гадаадад байгаа монголчуудын хурал боллоо. Тэнд олон асуудал хөндөгдсөн. Би энэ зовлонг нүдээр харж, чихээр сонсч ихэд харамслаа. Гадны иргэнтэй гэр бүл болсон монгол хүмүүс олон бий. Америк, Солонгос, Герман гээд гадаадад төрсөн хүүхдүүд нас бие хүрчихээд эх орноо санагалзаад ирэхэд нь Монголын төр үл тоодог гэж байна. Цагдаагийн байгууллага, тагнуулын байгууллага харгис хүлээж авдаг гэнэ. Монголынхоо төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхийг авах гэхээр “Чи гадаадад төрж өссөн, тэндэхийн иргэн” гээд халгаахгүй, арай ч шоронд барьж хорихгүй байна. Тэгэхээр гадагшаа явсан улсууд яаж Монголдоо ирэх юм. Ингэж явсан нь энэ хүмүүсийн буруу биш. Төрийн буруу. Төр ард түмнээ тэжээж чадахаа байгаад гадагшаа гарч, цагаачилж, боолын хөдөлмөр хийж амьдраад байна шүү дээ. Тиймээс төр өөрөө гадагшаа яваад ирж байгаа хүмүүстээ элгэмсүү, зөөлөн хандах хэрэгтэй. Тэднийг байхгүй хойгуур нь болсон улс орны шийдвэрүүд, процессыг танилцуулж, дэмжиж өгөхийн оронд шууд бүх бичиг баримтыг нь хурааж аваад, хуурамч материал бүрдүүллээ гээд шийтгээд шүүхэд өгч болохгүй л баймаар. Монголчууд олуулаа болно л гээд байдаг. Хэрэв гадаадад төрсөн монголчуудаа хүлээж авахгүй юм бол яаж олуулаа болох юм бэ.

М.МӨНХЦЭЦЭГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *