Categories
гадаад мэдээ

​Си даргын “микрочип” DNN.mn


Өнгөрсөн амралтын өдрүүдэд Монгол Улс даяар Хятадад цэргийн эргэлт гарсан эсэх тухай нийгмийн сүлжээгээр “шуугив”. Үнэндээ бол манай урд хөршид үүсээд байгаа нийгмийн хөгжлийн чиг хандлагыг зөв ойлгох нь бидний хувьд илүү чухал зүйл билээ.

Олон улсад нэгдүгээрт Байгалийн шинжлэх ухааны, хоёрдугаарт Технологийн салбарын, гуравдугаарт Инженер, математикийн чиглэлийн судалгаа хийж буй эрдэмтдийн тоогоор тухайн улсын хөгжил, цаашдын чиг хандлагыг хэмждэг болоод удаж байна. Энэхүү судалгаануудын үр дүн болгон ганц жишээ авахад:

БНХАУ жил бүр Тайваниас 900 тэрбум ам.долларын микропроцессор гэгдэх микрочип худалдаж авч буй нь Хятадын Оросоос нэг жилд нефть худалдан авдаг үнээс нэг дахин их мөнгө юм. БНХАУ өөрөө дэлхийн микропроцессорын хэрэгцээний дөнгөж зургааан хувийг хангадаг учир микропроцессорын байнгын дутагдалд оршдог. Гэхдээ микропроцессорын хамгийн чухал үзүүлэлт нь түүний чадварын шууд илэрхийлэл болох хэмжээ билээ. Сүүлийн жилүүдэд улсаас нь тусгай анхаарал тавьсны ач тусаар Хятадын мэргэжилтнүүд өөрсдийн микропроцессорын 90 нанометр хэмжээг 12 нанометр болгож чадав. Харин ОХУ өөрийн микропроцессорынхоо 130 нанометр хэмжээг 64 болгов. Үүнийгээ нэг их зүйл хийсэн хэмээн магтаж гарав. Энэ бол яах аргагүй 20 жилд бий болсон В.Путины тогтолцооны бодит үнэн нүүр царай билээ. Учир нь энэхүү 64 нанометр нь АНУ-ын 2006 онд бөөнөөр нь үйлдвэрлэж байсан микропроцессорын хэмжээ юм. Харин өнөөдрийн Тайванийн микропроцессорын хэмжээ 3 нанометр. Тэгвэл Тайваньд энэхүү чипний үйлдвэрийг байгуулж өгсөн АНУ-ын өөрийнх нь,бусад улсаас нууцалж байгаа цэргийн зориулалттай микропроцессорын хэмжээ өнөөдөр ямар болсон нь хэнд ч ойлгомжтой зүйл юм. Өнөөдөр орчин үеийн цэргийн үйлдвэрийг микропроцессоргүйгээр төсөөлөх боломжгүй болсон. Иймээс АНУ саяхан Японд орчин үеийн микропроцессорын үйлдвэр байгуулж эхлээд байна.Мөн ОХУ Украинд довтлон цэрэг зэвсгийн чанараа дэлхий нийтэд дэлгэсэн учир Оросоос авах зэвсгийн гэрээгээ цуцлаад буй Энэтхэг болон Араб, Зүүн өмнөд Азийн улсуудын зах зээлийг эзлэх замд Өмнөд Солонгос улс эргэлт буцалтгүй оров.Оросууд өөрсдийгөө V үеийн байлдааны онгоцтой гэдэг ч үнэндээ бол IV үе рүү дөхсөн онгоцуудтай. Харин Өмнөд Солонгос саяхан жинхэнэ IV үеийн байлдааны онгоцоо дэлхий нийтэд харуулсан бол АНУ VI үеийн байлдааны онгоцныхоо туршилтын нислэгийг эхлүүлэв. Энэ бүхэн бол үнэндээ орчин үеийн микрочип гэх микропроцессорын ач тус юм.

Дээрх мэргэжлүүдийн хувьд АНУ 2000 онд Хятад улсаас 1.9 дахин их бакалаврын зэрэгтэй инженер төгсгөж байсан бол 2020 онд Хятад улс АНУ-аас 2.4 дахин олон бакалаврын зэрэгтэй инженер төгсгөдөг болсон байна. Хятадын дунд сургууль төгсгөгчид АНУ-аас бүтэн гурван жилээр илүү танхимын сургалтад хамрагдаж чадаж байна. Учир нь танхимын сургалт суралцагчдад хамгийн их мэдлэг олгодог болох нь олон улсад нэгэнт тогтоогдсон зүйл билээ. Мөн АНУ-ын 12 дугаар анги төгсөгчдийн 76 хувь нь математикийн хангалттай мэдлэггүй төгсөж байна. Иймд инженерийн бэлтгэлээр АНУ дэлхийд 76 дахь байр эзэлж байна. Өнөөдөр АНУ-ын их дээд сургуулийн инженерийн багш нарын 28 хувь нь цагаачид, 2000 оноос хими, физик, анагаах ухааны салбарт Нобелийн шагнал хүртсэн АНУ-ын эрдэмтдийн 32 хувь нь мөн л цагаачид байна. АНУ-ын нэр хүндтэй компаниудын үүсгэн байгуулагчдын бараг 50 хувь цагаачид, эсвэл тэдний үр хүүхэд байна. Өнөөдөр АНУ-д зохиогдож байгаа олимпиадын эхний байруудыг Хятад, эсвэл ЗХУ-аас дүрвэн ирсэн цагаачдын үр хүүхэд эзэлж байна. Гэтэл энэ улс дэлхийн тэргүүний эдийн засаг хэвээр байсаар байна.Дэлхийн тэргүүний 25 дээд сургуулийн 16 нь АНУ-ынх байсаар л байна. Энэ бүхэн бол АНУ-ын цагаачлалын зөв бодлогын үр дүн юм.

Харин урд хөршийн Си Жиньпин дарга коммунист намаа бэхжүүлэхийн тулд Марксизм, Ленинизмыг бие даасан дээд мэргэжил болгон дэвшүүлэв. Үр дүнд нь энэ улсын байгалийн шинжлэх ухаан, технологи, инженер-математикийн мэргэжлээр дээд сургууль төгсөгсдийн 18.5 хувьд нь ажил олдохгүй болов. Гэтэл өнгөрсөн оны эхний улиралтай харьцуулахад энэ оны 2 дугаар улирлын байдлаар марксизм-ленинизмийн дээд мэргэжилтэй хүний эрэлт урд хөршид 20 хувь нэмэгдсэн аж. Шуудхан хэлэхэд, энэ бол солиорол! Хятад нэг намаар удирдуулан зах зээлийн эдийн засгийн замаар замнан өнөөгийн амжилтанд хүрсэн явдал нь Марксизм болохоос “хагас монгол”-ын бий болгосон Ленинизм бол биш. Чухамхүү Ленинизм л социализмыг системийн хувьд булшилсан билээ. Иймээс Ленинизм Хятадыг эдийн засгийн бууралтад шууд хөтөлнө. Эдийн засгийн энэхүү бууралт иргэдийнх нь амьдралын түвшинг шууд бууруулна. Энэ бол Хятадын хувьд сүйрэл гэсэн үг! Учир нь хятад иргэд хэнээр удирдуулж байгаагаа огт тоодоггүй түүхэн уламжлалтай. Харин амьдрал нь доройтонгуут шууд босдог онцлогтой. Иймээс хятад иргэд шиг олон бослого гаргаж байсан түүхтэй нэг ч улс, үндэстэн байхгүй. Бас өнөөдөр Хятадын эсрэг англо-саксончуудын АНУ, Англи, Австрали, Шинэ Зеландын цэргийн эвсэл зогсож байгаа бөгөөд эдэнтэй Япон, Энэтхэг, Өмнөд Солонгос нэгдэнэ гэдгээ нууж хаахгүй мэдэгдээд байна. Мөн Хятадаас газар нутгаа буцаан авах гэсэн Азийн бүх улсууд эдний талд орно. Бас хятадуудад өгөх ёстой эргэн төлөх боломжгүй болсон өрөө хүчингүй болгох гэж өртэй бүх улсууд Хятадыг Төвд, Шинжаан-Уйгур, Өвөр Монгол, хэлээ ойлголцдоггүй бас хөгжлөөрөө эрс ялгаатай урд, хойд гэсэн тусдаа бие даасан улсууд болгон салгахын тулд Хятадын эсрэг хүчнийг бүх талаар дэмжин туслах болно. Учир нь гэрээний нэг субьект үгүй болох аваас гэрээ өөрөө хүчингүй болно гэсэн үг. Гэтэл Си даргын явуулсан сүүлийн жилүүдийн бодлогын үр дүнд Хятад улс Оростой хамт нэг завинд суун хөгжингүй улсуудад өдөр өдрөөр улам “ад үзэгдэж” байна. Энэ бүхэн дээр алдарт Дэн Сяопины гэрээслэлийг зөрчиж Си дарга бүх насаараа Хятадын дарга болсон явдал, ковидын тусгаарлалтаас болж Шанхай хотод эсэргүүцэн гудамд гарсан иргэдээ хүчээр нам дарсан явдал, валютын хадгаламжаа авах гэсэн иргэдийнхээ эсрэг явуулсан “Банк-Танк цэргийн тусгай ажиллагаа” гээд нэмээд байвал удахгүй болох намын их хурлаар Си даргын суудлын асуудал яригдах уу гэсэн асуулт яах аргагүй урган гарч байна.Учир нь Оросоос ялгаатай нь Хятадыг нэг хүн удирддаггүй. Улс төрийн товчооны 25, яг үнэндээ долоон гишүүний олонхын саналаар эцсийн шийдвэр гардаг. Энэ бүхнээс дүгнэж үзэхэд ирэх их хурлаар Си дарга бус Ленинизм суудалдаа үлдэж гэмээнэ Хятад улс ОХУ-тай адил бүх нийтээрээ тэнэгтэх замд эргэлт буцалтгүй хальтран орно гэсэн үг болж таараад байна.

Хятад улс Ленинизмээсээ салахгүй аваас Орос,Хойд Солонгос шиг хаалттай улс болж улмаар дотроосоо бут үсэрвэл өөрт нь ч бусад улсад ч сайн зүйл болохгүй. Харин хөгжингүй улсуудын адил чөлөөт зах зээлийн замаар замнавал хаа хаанаа өлзийтэй билээ. Үнэндээ өнөөдөр болж буй үйл явдлууд нь маш товчоор, Жо Байден АНУ-ын ерөнхийлөгч болонгуутаа “Орос бидний гол дайсан. Хятад бидний гол өрсөлдөгч. Иймээс бид энэ хоёр улсыг ганцаардуулах бодлого явуулах болно” гэж хэлж байсан нь биелэгдэж байна гэсэн үг юм.

Өнөөдөр Хятад төдийгүй ерөөс аль ч улс технологийн дэвшлээс үүдэн нийгмийн сүлжээгээ хааж чадахгүй болсон гэдэг нь тодорхой болоод байна. Өчигдөр гэхэд л “SpaceX”-ийн Гүйцэтгэх захирал Элон Маск нийгмийн сүлжээгээ хаалгасан иранчуудад “Starlink” сүлжээгээр туслах зөвшөөрлийг Цагаан ордноос авав. Энэ бүхнээс Си дарга суудалдаа үлдэх эсэх нь бус энэ улсыг ямар замаар замнахыг шийдэх Хятадын намын их хурлын шийдвэр юу юунаас чухал гэдэг нь тодорхой байна.

Г.АМАРСАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *