Categories
мэдээ улс-төр

Шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх захирамж Ерөнхий сайдыг хүлээж байна

Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхим өнгөрсөн онд 841 хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцсэнээс 181 нь ажлаас үндэслэлгүй халагдсан агуулгатай хөдөлмөрийн эрх зүйн маргаан байна. Үүний 65.7 хувь буюу 119 нэхэмжлэлийг шүүхүүд үндэслэлтэй гэж үзэж, ажилтныг хуучин эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөх олговрыг ажил олгогчоос гаргуулан ажилтанд олгохоор шийдвэрлэсэн байна. Эдгээр хэрэгт хийсэн судалгаагаар бол 80 нь буюу ихэнх нь төрийн байгууллагатай холбоотой гэсэн дүн гарчээ. Мөн 397 сая төгрөгийг төсвөөс ажлаасаа хууль бусаар халагдсан хүмүүст олгох тооцоо гарчээ. Үүний нэг жишээ нь ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ж.Хатанбаатар юм.

Ж.Хатанбаатарын нэхэмжлэлтэй шүүх хурал өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 19-нд дүүргийн иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд болжээ. Уг шүүх хурлаас Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг баримтлан нэхэмжлэгч Ж.Хатанбаатарыг ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын ажил албан тушаалд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 18 сая төгрөгийг хариуцагч Монгол Улсын Засгийн газраар гаргуулж, нэхэмжлэгч Ж.Хатанбаатарт олгож, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгасугай гэсэн утга бүхий шийдвэр гарчээ.

Шүүхий энэ шийдвэр гарснаас хойш нэг сар болж байгаа бөгөөд давж заалдах хугацаа дууссанаас хойш дахин бас нэгэн шийдвэр гарчээ. Дүүргийн иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн шүүгч Т.Энхжаргал шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамжийг өнгөрсөн долоо хоногт буюу нэгдүгээр сарын 14-нд гаргасан байна. Тодруулбал, дээр дурдсан шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхийг захирамжилжээ.

Өнгөрсөн 2013 оны долдугаар сард Н.Алтанхуягийг Ерөнхий сайд байхад ЭМЯ-ын Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ж.Хатанбаатарыг ажлаас чөлөөлсөн юм. Төрийн нарийн бичгийн дарга, төрийн жинхэнэ албан хаагч бөгөөд тодорхойгүй шалтгаанаар халагдсан Ж.Хатанбаатар тухайн үед Ерөнхий сайд байсан Н.Алтанхуягийг шүүхэд өгсөн байсан юм. Н.Алтанхуягийн хариуцагчаар татагдсан шүүх хурал өнгөрсөн нэг жил хагас шахам хугацаанд байнга хойшилон явсаар байгаад өнгөрсөн оны сүүлчээр болсон юм.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд даргаар ажиллаж байсан Ш.Солонгыг ажилд нь эргүүлэн авсан билээ. Түүний энэ алхамыг Ерөнхий сайд ажлаа алдаа засах, буруу шийдвэрийг залруулахаас эхэллээ гэж хэвлэлүүд дүгнэж байсан билээ. Харин одоо түүнд хаягласан нэгэн шүүхийн шийдвэр бүр албадан хэрэгжүүл гэдэг захирамжтайгаар түүний ширээн дээр хүлээж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *