Categories
мэдээ улс-төр

Шүүхийг хуучин тогтолцоо руу шилжүүлэхэд бэлэн болжээ

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс /ШЕЗ/ өнөөдөр Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль 2016 оны 6 сарын 1-нээс хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан шүүхийг хэрхэн өөрчлөн байгуулах талаар болон Шүүхийн ерөнхий зөвлөлийн шинэ бүрэлдэхүүн томилогдсонтой холбогдуулан мэдээлэл хийлээ.

Үндсэн хуулийн цэцээс Шүүх байгуулах тухай хуулийн зарим зүйл заалтыг хууль зөрчсөн гэж үзэн, зургадугаар сарын 1-нээс хүчингүй болгох шийдвэр гаргасан байдаг. Тодруулбал, аймаг болон дүүргүүдийн дунд шүүх байгуулан, дагнасан тогтолцоогоор үйл ажиллагаа явуулж байсныг болиулах шийдвэр гарсан. Ингэснээр шүүхүүдийг нэмж байгуулан, өмнөх тогтолцоо руугаа эргэн шилжихээр болсон юм.

Энэ ажлын бэлтгэл үндсэндээ хангагдсан хэмээн өнөөдөр ШЕЗ-ийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан мэдээллээ. Шинэ зохицуулалтаар 15 шүүх нэмж байгуулна. Энэ ажилд нийтдээ 2.5 тэрбум төгрөгийн зардал гарна хэмээн тооцоолоод байгаа. Тэгвэл энэ зардлыг ШЕЗ нэмэлт зардалгүйгээр, одоогийн төсвөөрөө зохицуулахаар болжээ.

Ингээд зургадугаар сарын 1 гэхэд давж заалдах шатны 19 шүүх 26 болж нэмэгдэнэ. Мөн дүүргийн найман шүүх 16 болно. Мөн анхан болон давж заалдах шатны 99 шүүх 115 болж нэмэгдэх юм.

Давж заалдах шатны шүүхийн зохицуулалтыг ингэж хийжээ. Орхон, Дархан-Уул аймгаас бусад аймаг бүрд эрүүгийн болон иргэний хэргийн танхим бүхий давж заалдах шатны шүүх байгуулна. Харин дээрх хоёр аймагт одоо байгаа эрүүгийн болон иргэний хэргийн төрөлжсөн давж заалдах шатны шүүх үйл ажиллагаа үргэлжлүүлэн явуулах юм байна.

Харин нийслэлийн дүүргүүдийн хувьд дараах байдлаар зохицуулжээ. Долоон дүүрэг тус бүрд эрүүгийн болон иргэний хэргийн анхан шатны шүүхтэй болно. Зөвхөн Багахангай, Налайх дүүргийн дунд л эрүү, иргэний тус бүр нэг шүүх байгуулахаар зохицуулсан байна.

Хэдийгээр шүүх нэмж байгуулах ч шүүгчийн орон тоог нэмэхгүй гэдгийг ШЕЗ-өөс удаа дараа мэдээлсэн. Улсын хэмжээнд 693 шүүгчийн орон тоог хэвээр хадгалах юм байна. Харин шүүгчдийг сэлгэж, шилжүүлэх байдлаар ажиллуулахаар зохицуулжээ. Мөн энэ үеэр Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндоржийг шүүгчдийн зөвлөгөөнөөр улиран сонгохоор болсон талаар мэдээлсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *