Олон улсын “Эмнести Интернэшнл” байгууллага дэлхийн 159 орныг хамарсан хүний эрхийн төлөв байдлын тайланг өчигдөр танилцууллаа. Төрөөс турхирсан үзэн ядалт нийгмийн идэвхжилийн шинэ эринг эхлүүлснийг тэд онцлов. Ер нь 2017 оны турш дэлхий даяар ад үзэх, адлах бодлого дэлгэрч, гашуун үрийг нь сая сая хүн амсаж байна хэмээн анхааруулж байсан юм.
Тус байгууллагаас гаргасан хүний эрхийн тайланд “Нийгэмд шударга ёсыг тогтоохын төлөөх шинэ үеийнхний хөдөлгөөн, олон жил тэмцсэн идэвхтнүүдийн хөдөлгөөнтэй нэгдэж, улам бүр хүрээгээ тэлж байгаа нь дарангуйлал, хавчлагыг таслан зогсоох итгэл найдварыг төрүүлж байна. Тив дамнасан дүрвэгсдийн урсгалд чинээлэг орнууд нэрвэгдэж, энэ хямралыг зохистой шийдэхээс удирдагчид нь зайлсхийж, дүрвэгчийг төгс хүн гэж үзэлгүй, асуудал таригч хэмээн хажиглаж байна. Ерөнхийлөгч Трампын хүний эрхээс ухарсан үйлдэл нь бусад Засгийн газруудад даган дуурайх аюултай жишээ болж байна” гэж тэмдэглэжээ. АНУ-аас өгсүүлээд ОХУ, Польш улсад эмэгтэйчүүдийн эрхийг хязгаарлахаар завдсан бол, Франц улсад эсэргүүцлийн арга хэмжээг хориглосон байна. Польшийн Варшав хотноо болсон үндсэрхэг үзэлтнүүдийн жагсаалын үеэр гадныхныг үзэн ядах уриа, уран цэцэн үгс, АНУ-ын Шарлоттесвиллд цагаан арьстныг дэмжигчдийн цуглаан, Чеченээс Египет улс хүртэл ЛГБТИ хүмүүсийг устгах эрс арга хэмжээ гарч байгаа ажээ. Иймд үүний эсрэг хүмүүс дуу хоолойгоо өргөх хэрэгтэй байгааг тайланд дурдсан байна. Мөн энэ тайланд хүний эрхийн хамгаалагчдын эсэргүүцэл, тэмцэл олон ялалт авчирсныг ч тодотгожээ. Тухайлбал, Чили улсад үр хөндөлтийг бүрэн хориглосон байсныг цуцлуулж чадсан, Тайвань улс гэрлэлтийн тэгш эрхийг хангах алхам хэрэгжүүлсэн, Нигери улсад албадан нүүлгэлтийг хориглосон шүүхийн тогтоол зэргийг нэрлэсэн байна.
Дэлхий даяар хүмүүс орон байр, эрүүл мэнд, цэвэр ус, зохистой хоол хүнсээр хангагдаж чадахгүй хүнд нөхцөлд амьдарч буй нь эрх зөрчигдсөн том асуудлын нэг болохыг Эмнести Интернэшнлийнхэн хөнджээ. Үүний улмаас Венесуэлээс Иран хүртэл олон нийтийн дургүйцэл асар өргөн тархаж буй. Засгийн газрууд ядуурал, тэгш бус байдлын үндсэн шалтгааныг зогсоохгүй бол маш том үймээн самуун гарч болзошгүйг хүний эрхийн төлөө шүгэл үлээгчид анхааруулжээ.
Өнгөрсөн жил эрх баригчид тэмцэгчдийг дуугүй болгох, хэвлэл мэдээллийг хумихыг оролдсоноор олон зуун идэвхтэн амиа алдсан тухай дэлхий дахин мэдээлсэн. Турк, Египет, Хятад улсад сэтгүүлчдийг олноор нь хорьсон. “Засгийн газрууд хүний эрхийн хамгаалагчдыг ангуучлан, сонин сэтгүүлийг хааж, шүүж, хорьж болзошгүй ч бид дуугүй байхгүй” гэж Эмнести Интернэшнлийнхэн өгүүлэв. Үгээ хэлсэн хүмүүсийг дуугүй болгохоор оролдохын оронд Засгийн газрууд тэдний санаа зовж байгаа асуудлуудыг сонсож, шийдэх хэрэгтэй гэлээ.
Эрх мэдэлтнүүд, иргэний нийгмийнхэн, хэвлэл мэдээллийнхнийг хянаж, хязгаарлахаа зогсоох ёстой. Хэрэв удирдагч хүмүүс яагаад эсэргүүцэл илэрхийлээд байгааг ойлгож мэдэхгүй бол эцэстээ өөрсдөө унах болно. Хүмүүс эрхээ эдлэхийг хүсэж байгаагаа маш тодорхой ойлгуулсан. Засгийн газрууд тэднийг сонссон гэдгээ одоо харуулах л үлдлээ” хэмээн Эмнести Интернэшнлийн Ерөнхий нарийн бичгийн дарга Салил Шитти энэхүү тайланд дурдсан байна.
Монгол Улсад хүний эрхийн төлөв байдал ямар байгаа вэ?
“Эмнести интернэшнл” байгууллагаас манай улс дахь хүний эрхийн нөхцөл байдлын талаар нийтдээ зургаан асуудалд үнэлэлт дүгнэлт өгчээ. Тухайлбал, цаазаар авах ял, хүний эрхийн хамгаалагч, эрүү шүүлт, зүй бус харьцаа, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөө, эдийн засаг, нийгэм, соёлын эрх, орон байртай байх эрх-албадан нүүлгэлтийн асуудлыг хэрхэн дүгнэснийг Монголын “Эмнести Интернэшнл” байгууллагын Хуульчдын бүлгийн ахлагч Р.Очирбал танилцуулсан юм. Тэрээр “Эдийн засаг, нийгэм соёлын эрхийн олон улсын пакт болон улс төрийн пактаас хамгаалагдсан хэд хэдэн суурь эрхүүд Монгол Улсад зөрчигдсөн байна гэж Эмнести байгууллага тайландаа дурдсан байна. Цаазаар авах ялын тухайд эерэг болон сөрөг талыг нь тэмдэглэж байгаа юм. Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга 2017 оны долдугаар сарын 1-ний өдөр хүчин төгөлдөр болсноор цаазаар авах ялыг үндэсний хэмжээнд бүх гэмт хэрэгт халсныг сайшаажээ. Гэвч хууль хэрэгжээд гурван сар ч хүрээгүй байхад нийгэмд гарсан дуулиант хэргүүдээс үүдэж, эрүүгийн гэмт хэрэгт цаазаар авах ялыг сэргээх ёстой гэсэн санаачилгыг Ерөнхийлөгч гаргаж, Хууль зүй, дотоод хэргийн яаманд санал хүргүүлж, ажлын хэсэг байгуулагдсан явдлыг олон улсын хүний эрхийн байгууллага нэлээд шүүмжилж байгаа юм. Ингэснээр Монгол Улс хүний эрхийн хүрсэн түвшингээсээ ухарсан алхам боллоо гэж тайландаа дурдсан” гэлээ. Хоёрдугаарт, Монгол Улсад эрүү шүүлт, хүнлэг бус явдал оршсоор байгааг тус байгууллага дүгнэлтдээ дурдсан байна. Хамгийн гол нь хууль эрх зүйн орчны зохицуулалт хангагдсан боловч хэрэгжилтийн асуудлыг эргэж харж үзэх ёстойг сануулжээ. Тухайлбал, хараат бус, тусгай мөрдөн шалгах механизм байхгүйн улмаас хоригдогсодтой, хөгжлийн бэрхшээлтэй, гадаадын иргэдтэй зүй бус харьцсан, эрүүдэн шүүсэн хэргийг нуун дарагдуулах, ял шийтгэлгүй үлдээх явдал үргэлжилсээр байгааг онцолсон байна. Прокурорын дэргэдэх хэрэг бүртгэх, мөрдөн байцаах албыг татан буулгасан явдлыг сэргээж, бий болгохгүй бол мөр зэрэгцэн ажиллаж байгаа хүмүүс нэгнийгээ шалгах нь нэр төдий хэрэгжиж буйг хүний эрхийн байгууллагууд тавьж буй гэнэ. Харамсалтай нь бодитой үр дүнд хүрээгүйг тайланд тусгажээ. Мөн тайланд онцлон тэмдэглэсэн гурав дахь зүйл бол хүний эрхийн хамгаалагч нар, тэр дундаа нийгмийн төлөөх төр, бизнесийн байгууллагад бугшсан хүний эрхийн зөрчлийг ил болгосон шүгэл үлээгч нарыг хамгаалах асуудал Монгол Улсад хангалтгүй байна гэжээ. Сургуулийн орчин дахь бэлгийн хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалтыг илчилсэн шүгэл үлээгч хөгжлийн бэрхшээлтэй сурагч, жендэрт суурилсан хүчирхийлэл, хүний эрхийн талаар мэдээлж буй сэтгүүлч, хүний эрхийн хамгаалагчдыг хувийн корпораци, хууль сахиулах албан тушаалтнууд айлган сүрдүүлж, бие махбодид нь халдсан тухай мэдээлсэн. Тэдний хувийн нууцад нь халдах, айлган сүрдүүлэх явдлаас одоогийн хууль тогтоомж хамгаалж чадахгүй байна гэжээ.
Орон байртай байх эрх-албадан нүүлгэлттэй холбоотой асуудал дээр Монголын “Эмнести интернэшнл” байгууллага нэлээд идэвхтэй ажиллаж байгааг Р.Очирбал хуульч онцоллоо. Тэрбээр “Хот суурин газарт хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүд иргэдийг шаардлага хангасан орон байртай байх эрхэд хохирол учруулж байна. Энэ нь хэд хэдэн шалтгаантай холбоотой. Улаанбаатар хотын гэр хорооллын оршин суугчид хот дахин төлөвлөлтийн төлөвлөгөө, зохистой, шударга нөхөх олговор, бодитой зөвлөлдөх талаар шинэ мэдээ мэдээлэлгүй байгаа нь хот дахин төлөвлөлтийн улмаас албадан нүүлгэлтэд өртөх эрсдэл байна. Оршин суугч иргэд 2016 оны зургадугаар сард шинээр сонгогдсон хотын захиргаа өмнөх Засгийн газрын гаргасан хот дахин хөгжүүлэх төлөвлөгөөг санхүүжилт дутсан хэмээн хэрэгжүүлсэнгүйд гомдолтой байлаа. Тухайлбал, дөрөв, таван жилийн турш хугацаанд төсөл хөтөлбөр амжилтгүй хэрэгжсэний улмаас газраа чөлөөлж, орон байраа хураалгачихсан иргэд нүүдлийн шувуу шиг айл, айлаар хоноглон амьдарч байна. Ийм тохиолдолд түр орон байраар хангах хууль эрх зүйн зохицуулалт үндэсний хэмжээнд байхгүй гэдэг шалтгаанаар төрийн зүгээс шаардлагатай арга хэмжээг авахаас татгалзсаар ирсэн. Зарим тохиолдолд түр орон байраар хангаж байгаа гэдэг боловч бид бас л шүүмжлэлтэй ханддаг. Сонгуулийн компанит ажиллагаатай холбоотойгоор ийм ажиллагааг хийгээд байгаа юм биш биз гэсэн хардлага төрж байна. Дээрээс нь Засгийн газрын тогтоолоор иргэдийн өмчилж байгаа газрыг төр нөхөн олговор олгох замаар буцаан авах зохицуулалт Үндсэн хуулийн гол зарчим болсон хуульд заасан порцедурынхаа дагуу хийгдэхгүй байна. Мөн “Эмнести интернэшнл” байгууллагын сүүлийн хэдэн жилийн тайланд дурдаж байгаа асуудал бол газартай холбоотой. Олон жил тухайн газар дээрээ амьдарч буй боловч өмчлөх, эзэмших эрхгүй иргэдийн эрхийн хамгааллын асуудлыг хэрхэх вэ гэдгийг Монгол Улс анхааралдаа аваач гэсэн байна” гэв.
“Эмнести интернэшнл” байгууллагын тайланд өнөө жил малчидтай холбоотой асуудал шинээр нэмж дурдагджээ. Эдийн засаг, нийгэм, соёлын эрхээр хамгаалагдсан суурь эрх малчдын хувьд ихээхэн зөрчигдөж байгаа аж. НҮБ- ын хүний эрх, байгаль орчны асуудлаарх Тусгай Илтгэгч өнгөрсөн оны есдүгээр сард Монголд айлчлахдаа Дорноговь аймгийн малчидтай уулзаж, бэлчээр дээрх хүний эрхийн нөхцөл байдалтай танилцсан билээ. Тэрээр цэвэр усаар хангагдах, орон байртай байх, хөрөнгөтэй байх, эрүүл аюулгүй орчинд амьдрах гэсэн суурь эрхүүд зөрчигдөж байгааг тайланд дурджээ. Иргэдийн хувьд төр, бизнесийнхний зүгээс нүүхийг албадаагүй гэж учирласан байна. Гэхдээ хүн бүү хэл амьтан адгуус амьдрах аргагүй болтол дуу чимээтэй, тоосжилттой орчинд хэр удаан хугацаанд оршин тогтнож чадахаа ч мэдэхгүй байгаагаа нулимс дуслуулан ярьж байсан аж. Харин “Эмнести Интернэшнл” байгууллагынхны зүгээс нүүх саналыг тавихад малчид “Бэлчээрийн маргаантай байдаг энэ үед энэхүү суурьшлаасаа явна гэдэг бол нүүдэлчин гэдэг соёл иргэншлээсээ хагацахад хүрч байна” гэж хэлжээ.
Тайланд дурдагдсан өөр нэг асуудал бол үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх аж. Үүнийг Зөрчлийн тухай хуульд хүний үзэл бодлоо илэрхийлсэн явдалд их хэмжээний мөнгөн торгуулиар хязгаарласныг онцолсон байна. Мөн төр засгийн зүгээс шүгэл үлээгч нарынхаа эрхийг хамгаалахгүй бол ажлын байргүй болох эрсдэл өндөр байгааг олон улсын байгууллагын судалгааны тайланд тусгасан байна. Үүнд сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагынхан, судлаачид хамгийн их өртөх эрсдэлтэй гэжээ.
Монгол Улсад хүний эрхийн хамгаалалт ямар байна вэ?
Манай улсад хүний ямар эрхүүд хамгаалалтгүй байгааг МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, доктор, дэд профессор О.Мөнхсайхан танилцуулав. Тэрээр дөрвөн асуудлын хүрээнд ярьсан юм. Үндсэн хуульд заасан хүний эрхүүд яаж хэрэгжиж байгааг бусад улс орнуудтай харьцуулав. Мөн Монголд хүний эрхийн ноцтой зөрчлүүдийг дурдаж, үүнтэй тэмцэх механизм сул байгааг чухалчлав.
О.Мөнхсайхан судлаач хэлэхдээ “Монгол Улсын Үндсэн хуулийг гадны улс орнуудаас хуулбарласан гэдэг нь худлаа юм. Үндсэн хуулийг хэлэлцэж байсан үеийн портоколиудаас харахад социализмын үед гарч байсан хүний эрхийн ноцтой зөрчлүүдийг давтахгүйн тулд АИХ-ын депутатууд нухацтайгаар авч үзсэн байдаг л даа. Мэдээж НҮБ-ын гишүүн. Олон улсын судалгааны байгууллагуудын дүгнэлтээс харахад 1992 оноос хойш Монгол Улс эрх чөлөөтэй гэж тэмдэглэгдсэн. Ерөнхийдөө Монголд иргэний болон улс төрийн эрх ноён нуруугаараа боломжийн хэмжээнд эдлэгдэж байгаа. Гэхдээ ардчиллын индексээр “Согогтой ардчилал” гэсэн ангилалд орчихсон байгаа. Бусад улсуудтай харьцуулбал бид ийм түвшинд явж байна. Хүний эрхийн олон тулгамдсан асуудал шийдэгдэхээр хүлээгдэж байгааг хүний эрхийн төлөөлөгчид, олон улсын байгууллагууд тэмдэглэдэг. Жишээлбэл, сонгуулийн үйл явц байна. Сонгуулийн дүнг зөвшөөрөөд эрх баригч намд сөрөг хүчин эрх мэдлийг тайван замаар шилжүүлж байгаа нь Монголд соёл болоод тогтсон. Жилээс жилд сонгууль чамбайрч байгаа. Энэ бол чамлахааргүй амжилт. Гэхдээ шийдэгдээгүй асуудал байгааг ч нуухгүй. Жишээлбэл, манай улс мажоритор системийг ихэнхдээ хэрэглэж байсан. 2012 онд холимог тогтолцоог авсан боловч Үндсэн хуулийн цэц хүчингүй болгосон байгаа. Энэ нь шууд санал өгөх байдлыг хүчингүй болгосон нь ухралтын шинж болсон. Мөн 1993 онд Цэц нэг маргаан шийдсэн байдаг. “Иргэний тэгш сонгох эрхийг Монгол Улсын Үндсэн хууль хамгаалаагүй” гэж үзсэн. Энэ талаар иргэд гурван удаа Цэцэд хандсан боловч дахиж маргаан үүсгээгүй. Үүний үр дагавараар 2002 оноос хойших УИХ-ын сонгуулиар Монгол Улсад тэгш сонгох эрх ноцтой зөрчигдөж байгаа. Хүний эрх зөрчигдөж буй бас нэг ноцтой асуудал бол амьд явах эрх ба цаазаар авах ял. Гурван парламент дамжиж байж Монгол Улс цаазаар авах ялыг халсан. Энэ бол маш их судалгаатай хийгдсэн зүйл. Гэтэл Ерөнхийлөгч Х.Баттулга ор үндэслэлгүй зүйлийг яриад байгаа. Статистик мэдээнээс харахад Монгол Улс цаазаар авах ялыг халснаар хүнийг санаатай хөнөөх хэрэг 22 хувиар буурсан. Хүчингийн гэмт хэрэг 13 хувиар буурсан байна. Зарим хүн Үндсэн хуульд цаазаар авах ял заавал байна гэж мушгиад байдаг. Тийм зүйл байхгүй. Харин Эрүүгийн хуульд зааж болно гэдэг. Мөн хүний эрхийн чухал зүйл бол халдашгүй чөлөөтэй байх. Олон улсад мэдээллийн технологийн хөгжлийг ашиглаад тагнах, чагнах ажиллагаа бол хүний хувийн амьдрал руу ноцтой халдаж байгаа юм. Нийтийн ашиг сонирхлын төлөө гэмт этгээдүүдийг илрүүлэх энэ төрлийн ажиллагааг явуулж болно. Гэхдээ манайд эрүүгийн процесс дээр шаардлага хангагдахгүй байгаа. Нууцаар шалгах ажиллагааг зохицуулах журмыг нь процессын хуульд хийгээгүй. Мөрдөн шалгах ажиллагааг удирдан явуулдаг прокурор нь өөрөө зөвшөөрөл өгөөд явдаг зохицуулалт байгаа нь Үндсэн хууль олон улсын гэрээний стандартад нийцэхгүй байна. Өнөөдөр бидний хувийн халдашгүй байдал хуулийн хамгаалалтгүй байгаа гэхэд хилсдэхгүй. Дээрээс нь манайд жагсаал цуглаан хийх эрх чөлөө зөрчигдөж байна. Жагсаал цуглаан хийх журмын тухай хууль Үндсэн хууль зөрчдөг. Засаг дарга улс төрийн албан тушаалтан болохоор хуульд заасан үндэслэлээ гуйвуулж тайлбарладаг. Жишээлбэл, өөрөө Сүхбаатарын талбайд арга хэмжээ явуулна, замын хөдөлгөөнд саад учруулна гэсэн үндэслэлүүд дурдаад эрх баригчдыг шүүмжилсэн жагсаал цуглааныг хийлгэдэггүй. Дээрээс нь тайван жагсаал цуглааныг албадаж тараадаг. Ер нь хүний эрхийн ихэнх зөрчил шүүх дээр болон захиргааны байгууллага дээр гардаг. Үүнийг Цэц хардаггүй. Улс төрийн хараат болохоор праламентын дээд танхим шиг ажилладаг. Энэ байдлыг засахгүй бол Монголд хүний эрхийн заалтыг барьж, маргаан шийддэг шүүх нэг ч байхгүй. Хүний эрхийн боловсрол Монголын шүүгч нар тун тааруу байна. Хуулиа хүний эрхэд нийцүүлээд тайлбарлаад хэрэглэх боломж байхад заавал хязгаарладаг практик их байна. Тухайлбал, цагдан хорих захирамж гарангуут шууд хорьчихдог. Эсвэл гадаад руу зорчих эрх, дансыг нь хаах маягаар өмчлөлийн эрхэнд нь халдаж байдаг. Ноцтой үндэслэл нь тогтоогдоогүй байхад шууд хүний эрхийг зөрчдөг. УИХ дээр хэлэхэд олон зүйл бий. Хүний эрхийн дэд хороо байгуулах хуулийн заалттай. Сөрөг хүчний оролцоо хүчтэй байх ёстой. Өнгөрсөн туршлагаас харахад сөрөг хүчний гишүүнээр энэ хороог даргалуулж байсан. Гэвч сүүлийн жилүүдэд энэ нь алдагдчихсан. УИХ томилгоо хийхдээ хүний эрхийн шалгуур авч үздэггүй. Сая Б.Хурцын томилгоон дээр ажиглагдсан. Д.Энхбатыг гадаадаас хулгайлж авчирсан хүний эрх зөрчигдсөн асуудлаар нь нээлттэй сонсгол хийе гэхэд нь тэр боломжийг олгоогүй. Тэгээд албан тушаал ахиулж томилгоо хийдэг. Хүний эрхийн комиссын тайланд дурдагдсан ноцтой зөрчлүүдийн хүрээнд арга хэмжээ авдаггүй. Байнгын хороогоор хэлэлцсэн болоод явчихдаг” гэв.