Сэлэнгэ аймгийн Мандал суманд энэ сарын 16-ны өдөр мал амьтны гоц халдварт “Шүлхий” өвчин гарсны улмаас тус сумын Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоогоод байгаа билээ.
Одоогоор шүлхийн голомтод Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэл удирдлага зохион байгуулалтаар ханган ажиллаж байна. Өчигдрийн байдлаар Голомтын бүсэд 40 өрхийн 343 үхрийг устгаж, 414 үхэр тусгаарлаж, 845 ямаа, 178 хонь, 16554 үхэр, 2227 гахай, нийт 19804 мал, амьтныг вакцинжуулжээ.
Мөн ЗТХ-ийн сайдын тушаалаар Улаанбаатар-Дархан-Сүхбаатар өртөө хүртэлх 271, 269, 272, 264 дүгээр галт тэрэг, Зүүнхараа-Дархан-Эрдэнэт чиглэлийн 301, 302 дугаар галт тэргийг Зүүнхараа өртөөнд зорчигч буулгаж, суулгахыг хязгаарлаж, Зүүнхараа-Улаанбаатар чиглэлийн 281, 282 дугаар галт тэргийг замын өртөө, зөрлөгт зогсохгүй аялуулж байгаа юм. Түүнчлэн БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын шийдвэрээр ерөнхий боловсролын Билиг, Хэрх, ДБ, 1, 2, 3, 4 дүгээр сургууль, Зүүнхараа политехникийн коллеж, Нархан, Моносхон, Мишээл, Цэцэгхэн, Олимп, Эден, Янзагхан цэцэрлэгийн үйл ажиллагааг тодорхой хугацаанд хаажээ.