Өнгөрөгч пүрэв гарагийн орой Шотландын өндөрлөг бүс нутаг болох Форт-Уильям хотод 2.9 баллын хүчтэй газар хөдлөлт болсон тухай Их Британийн Геологийн судалгааны баг мэдэгджээ. Ойролцоогоор 30 километрийн радиусыг хамарсан уг үзэгдэл сүүлийн 120 жил тус бүс нутагт болсон томоохон газар хөдлөлтийн тоонд багтсан гэнэ. Иймэрхүү төрлийн газар хөдлөлт сүүлийн үед Гленко, Обан, Лочабер зэрэг уулархаг бүс нутгуудад тохиолдох болсон бөгөөд одоогоор газар хөдлөлтийн улмаас ямар нэгэн хохирол учирсан гэх мэдээлэл ирээгүй байна. Түүнчлэн 2011 онд Форт-Уильям хотоос 25 километрийн зайд орших Глейниүк тосгонд 3.5 баллын хүчтэй том газар хөдлөлт бүртгэгджээ. Цахим сүлжээний хэрэглэгчид газар хөдлөлтийн үеэр байшин чичирхийлэн доргиж ихээхэн дуу чимээ гарч байсан тухай хамгийн түрүүнд мэдээлсэн аж.