Categories
мэдээ нийгэм

Шинжлэх ухааны хялбаршуулсан цувралыг ЕБС-иудад гардуулав

ЗурагШУА-иас эрхлэн хэвлүүлдэг шинжлэх ухааны хялбаршуулсан цуврал номын нээлт өнөөдөр тус академийн байранд болов.

Шинжлэх ухааныг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор ЕБС-ийн сурагчид, хүүхэд залуус, олон нийтэд зориулан энэхүү цувралыг 2015 оноос нийтийн хүртээл болгож буй юм.
Тус цуврал бүтээл нь шинжлэх ухааны олон салбар, чиглэлийн мэдлэгийг энгийн ойлгомжтой хэлбэрээр хялбаршуулан бичсэнээрээ онцлог бөгөөд хүүхэд багачуудад шинжлэх ухааны мэдлэг олгох, цаашлаад шинжлэх ухаанч иргэн болгон төлөвшүүлэхэд ихээхэн ач холбогдолтой.
Эрдэмтэд энэ онд “Нар, нарны аймаг”, “Жигмэд, Тогмид хоёр жимсэнд”, “Элементүүдийн үүсэл”, “Монгол орны эртний амьтан ургамал”, “Усан орчны амьдрал”, “Монгол орны цэцэгт ургамал”, “Ой модны экологийн ач холбогдол”, “Эртний улсууд”, “Гуравдагч хөршүүд”, “Хеликобактери”, “Хэл ба сэтгэхүй” хялбаршуулсан номыг хүүхэд багчуудад бэлэг болгон барьж байна.
ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл хэлэхдээ, “Аливаа эрдмийн байгууллага нь мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх, нийгмийг соён гэгээрүүлэх үүрэгтэй. ШУА энэ үүргийн хүрээнд сүүлийн жилүүдэд ЕБС-ийн сурагчид, насанд хүрэгчдэд зориулсан шинжлэх хааны хялбаршуулсан ном товхимол хэвлэж байна. Эрдэмтэд ямар сэдвээр бичихээ мэдэж байгаа ч хэрхэн бичвэл ахлах ангийн сурагчдын сонирхлыг татах, ЕБС-ийн сурагч, багш нар шинжлэх ухааны ямар асуудлыг хялбаршуулсан байдлаар хүлээж авах сонирхолтой байгааг мэдэхгүй байна. Тиймээс ШУА цаашид ЕБС-иуд, Нийслэлийн Боловсролын газартай хамтран ажиллана. Дараа жилээс багш, эрдэмтэд хамтран ном бичнэ. Цуврал ном хэвлүүлэх ажлыг тогтвортой үргэлжлэхийн тулд хэрэглэгч тал буюу ЕБС тэнцүү оролцох хэрэгтэй” гэв.
Хялбаршуулсан номыг Баянзүрх дүүргийн 79, 87, 88, Баянгол дүүргийн Сэтгэмж цогцолбор сургууль, 13 дугаар сургууль, Эрхэт эрдэм дунд сургууль, Сүхбаатар дүүргийн 1, 71, 11 дүгээр сургууль, Шинэ үе, Эрдэмтөгс бүрэн дунд сургууль, Сонгинохайрхан дүүргийн 42, 106, 124 дүгээр сургууль, Чингэлтэй дүүргийн 117 дугаар сургууль, Олонлог бүрэн дунд сургууль, Хан-Уул дүүргийн 118, 59 дүгээр сургуулийн удирдлагууд, хичээл сурлагаараа манлайлсан сурагчдын төлөөлөлд гардуулсан юм.
Энэ удаагийн 11 цуврал хэвлэгдсэнээр ШУА-иас эрхлэн гаргаж буй хялбаршуулсан номын 33 дугаар ийнхүү олны хүртээл боллоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *