Ч.Сайханбилэгийн Засгийн газар хэлсэн амандаа хүрэхгүй байна гэж МАН гомдол мэдүүлж байгаа. Сайд нарын тоог хоёроор нэмэгдүүлж, дөрвөн яамны Төрийн нарийн бичгийн даргыг дур мэдэн томиллоо гэж байна. Ажлаа авангуутаатохиролцооноосоо няцсан өөр бас бус юмнууд ч байгаа л байх.
Хуучин Ерөнхий сайд буюу АН-ын дарга асан Н.Алтанхуягийн унах болсон шалтгаан ердөө л энэ байсан. Тэрбээр хэлсэндээ хүрдэггүй, хууль зөрчин өөрийн дураар томилгоо хийдэг байв. Ойр дотнынхоо хүмүүсийг албан тушаалд аваачсан нь хууль зөрчсөн үйлдэл хэмээн бөөн хэл ам болдог байлаа. Сүүлдээ энэ асуудал Үндсэн хуулийн Цэц дээр очих нь олонтаа тохиолдсон. За тэгээд Цэц хуралдах гэж нэлээд сунжирна. Энэ хойгуур экс Ерөнхий сайд нөгөө хэл ам дагуулаад байгаа халаасныхаа хүнийг ажлаас нь халчихдаг.Дараагаар нь Цэц хуралдаад мэдээж, хууль зөрчсөн байдал ариллаа гэсэн дүгнэлтэд гаргах нь тодорхой. Нэгэнт Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлт гарчихсан болохоор Н.Алтанхуяг албан тушаалын томилгоог хийхдээ хууль зөрчөөгүй болжтаарна. Ингээд мань эр өөрийнхөө хүнийг буцаагаад томилчихдог байв.Мөн ч олон аймгийн Засаг дарга, агентлагийн дарга нарыг ийм зальжин аргаар томилсон доо. Хэн хүнд яасан айхавтар ухаан гаргасан юм бэ гэж бодогдохоор. Хэтэрхий сэргэлэн ч юм уу гэмээр. Жинхэнэдээ өөрөө өөрийгөө л залилаад дууссан хүн шүү дээ. Их сэргэлэн эзнээ алдаг гэж хуучны үг яах аргагүй үнэн юм гээч.
Түүнтэй адил Ч.Сайханбилэг засгийн эрхэнд гарч ирчихээд хулхиддаг гэдэг хэл аманд орж байна. Ингэж болохгүй ээ. Хэлсэндээ хүрч, жудагтай байх ёстой. Монгол Улсад хууль болон шударга ёсыг хамгийн их мөрдөх учиртай төр засаг энэ байдлыг уландаа гишгээд байвал бусад нь яах болж байна вэ. Бүгд хүнээ байж эхэлнэ. Монгол Улс чинь ёс суртахууны хямралд ороод оршин тогтноход хэцүү болно биз дээ.
М.МӨНХЦЭЦЭГ