Засгийн газар онхолдчихлоо. Хэн зөвтэй буруутайг тоочоод ч яахав. Монголд ардчилсан тогтолцоо, чөлөөт зах зээл нэвтэрснээс хойшхи 13 дахь Засгийн газар томилогдон ажиллах нь тодорхой боллоо. Хууль тогтоох инстүүц л бужигначихгүй бол гүйцэтгэх засаглал солигдох нь тийм ч аймаар гамшиг биш. Огцорч буй Засгийн газрыг онхолдуулах олон л шалтаг байсан байх. Гэхдээ хамгийн гол шалтгаан нь өнөөдөр Монгол Улсыг багалзуурдах гээд байгаа эдийн засгийн хямрал юм. Ганц жилийн дотор төгрөгийн ханш гуравны нэгээр уналаа. Улсын валютын нөөц үндсэндээ дуусч байна. Инфляц суга өсөх нөхцөл бүрдчихлээ. Гадаадын хөрөнгө оруулалт гуравны хоёроор хорогдлоо. Гаднаас орж ирэх валютын урсгал бараг л зогсч байна. Экспорт суларснаас болж импорт эрс багаслаа. Улс орныг сүүлийн арван жил мандуулж, экспортын бараг 90 хувийг хангаж байсан уул уурхайн үйлдвэрлэл тэр чигээрээ годройтчихлоо. Үүнийг дагаад хөгжих гэж алж өгч байсан барилгын салбар дагаад онхолдов. Араас нь тэгээд онхолдоогүй ч юм үгүй болох шив дээ. Энгийн нүдээр харахад энэ жилийн дэлгэр сайхан зунд лав л Улаанбаатарт ажиллаж буй кран харагдсангүй. Үнэ нь тэнгэрт хадаж байсан оффисын барилгуудын давхрууд тэр чигээрээ хоосорчээ. Гуанз ресторан ч бас үйлчлүүлэгчгүй болж. Харин хаа очиж энэ зун зуу нэлээд гаруй сумдынхаа 90 жилийн ойг элбэг дэлбэг нижгэр сайхан тэмдэглэсэн дээ. Уг нь 1924 онд Монголын засаг захиргааны 125 хошууд ноёныхоо нэрээр нэрлэгддэг байсныг болиулж уул усны нэрээр сольсон юм л даа. Гэхдээ яахав яахав, сайхан л наргиж наадсан.
Ердөө гурван жилийн өмнө дэлхийн хамгийн нэр хүндтэй эдийн засгийн сэтгүүл болох “Экономист” Монголд зориулж тусгай дугаар гаргаж, Монголыг “Азийн тав дахь бар” гэж нэрлэж байв. Сүүлийн 10 жилд ДНБ-ээ 10 дахин өсгөж чадсан ийм орон түүхэнд байгаагүй гэж магтав. ДНБ нь жилд бараг л 20 хувь өсч байгаа хулганыг бар гэхгүй юм бол өөр хэнийг бар гэх юм бэ? Монгол бол дэлхийн хөгжиж байгаа орнуудад алтан жишээ байлаа. Монголыг дуурай гэж том эдийн засагчид энд тэндгүй хичээл зааж байлаа. Харин одоо “Монгол шиг л болчихов доо” гэсэн үлгэр жишээг ядуу буурай орнуудад хичээл заах эрдэмтэд сургамжилна. Гадаадын хөрөнгө оруулагчид монголчуудтай, тэр дундаа засаг төрийн төлөөлөгчидтэй уулзахаас зугтаана. Ямар сайндаа хуралд очсон сайдыг маань огт зовохгүй “Бөлдгөн толгой” гээд сонин дээрээ бичихэв дээ. Манай бизнесмэнүүдийг “аброген” гэж нэрлээд уулзахаас шууд татгалзаж байна. Олон улсын бирж дээр “Монгол” гэсэн үг орсон хувьцаа болгон шалан дээр унажээ.
Азийн хэрэгцээг үндсэндээ хангадаг Австралийн нүүрсний ордууд усанд автсанаас болж нүүрсний үнэ огцом бараг 10 дахин өссөн. Үүнийг гадны нэгэн эксперт “Ийм аз зуу юм уу мянган жилд л нэг удаа тохиолддог юм. Та нар энэ бололцоог ашиглаж чадсангүй дээ. Дахиж ийм үнэд хэзээ ч хүрэхгүй” гэж байсан. Монголын нүүрсийг тогтвортой худалдан авах гэрээ хийсэн Хятадын компанийн захирал “Бид их азтай. Нүүрсний үнэ ингэж унана гэж бид мэдээгүй болохоор Монголтой 70 доллараар гэрээ хийчихээд дараа нь амаа бариад сууж байтал тэд өөрснөө гэрээг дан ганц талаасаа хүчингүй болгочихсон. Одоо тэд 30 доллараар гуйж өгч байгаа” гэж ярьсныг сонссон хүн байдаг л юм билээ. Австрали усанд автсаны дараа тэндээс дэндүү хамааралтай байсан япон, солонгосчууд сандралдан нэг зах зээлээс хамаарах хамаарлаа багасгахын тулд Монголтой урт хугацааны гэрээ хийе гэж хэдэн жил гүйлдэн өвдөг сөгдөж байлаа. Харин одоо тэд Тавантолгойгоос дутахгүй том нөөцтэй Мозамбиктай гэрээ хийсэн тул Австрали сөнөсөн ч алзахгүй болоод авсан. Мозамбикийн нүүрсний орд далайгаас 200 км, гэвч иргэний дайны үед битүү минижүүлчихсэн тул төмөр зам тавьж чадахгүй сандарч байжээ. Минигүйжүүлчихсэн, төмөр замаа барьчихсан. Тэд бололцоог сайн ашиглаж амжсан. Гадаадын хөрөнгө оруулалтгүйгээр боссон ганц улс нь ЗХУ юм гэнэ лээ. Гэхдээ эргээд нурчихсан шүү дээ. Хоригоос болоод дахин задрах дээрээ тулчихаад явна.
Оюутолгой бол дэлхийд хамгийн том дагнасан орд. 2008 онд хөрөнгө оруулагчтай гэрээ хийж эргэлтэнд оруулсан. “Бөлдгөн толгойтуудын” шаардлагаар уурхай ашиглах гадны компанийн 34 хувийг Засгийн газар эзэмшихээр боллоо. Ирээдүйд буй болох ашгаараа дэнчин тавин зээл тавьж бөөн өрөнд орчиж байгаа юм. Үүнийг нь тооцохгүй бол яахав дажгүй л гэрээ болсон. Хамгийн гол нь эргэлтэнд орлоо. 2010 оноос Монголд эргэлдэж байгаа мөнгөний гуравны нэгийг ерөөсөө ашиглаж эхлээгүй байгаа Оюутолгойн хөрөнгө оруулалтын мөнгө эзэлж байлаа. Гэвч нийт хөрөнгө оруулалтын гуравны нэгийг Монголын Засгийн газар хариуцаж байгаа учир ашиглалт хийж буй компани юмаа аль болох их үнээр үнэлэх бодлого барих болов. Төрийн хууль тогтоох байгууллага, Засгийн газар, төрийн өндөрлөгүүдээсээ авахуулаад ердийн иргэд, жагсаалчин цуглаанчин, рэкэтчин, хуурамч эх оронсогуудаа хүртэл ордыг дайран давшиж хуулиа өөрчилж, тулган шаардаж, шалгалт шүүлгээр дарж, жагсаж цуглан, гадны компанийг бүхлээр нь үнэгүй хурааж авна хэмээн тулган шаардах боллоо. Бүгдээрээ л сэгэн дээр цугласан махчин шувууд. Ингэсээр 30 доллар хүрч байсан хувьцааг нь гурван доллар болтол унагав.
Хариу нь ирлээ. Дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ уналаа. Гадаадын хөрөнгө оруулагчдыг хөөж туусан төдийгүй хэн ч ямар ч салбарт гаднаас хөрөнгө оруулалт хийхийг хориглосон хууль батлаад хаядаг байх шүү. Одоо Оюутолгойн хөрөнгө оруулагчид хариугаа авч эхэлж байна. Асуудал иймдээ тулсан тул ерөөс гарч явах, явдаггүй юм гэхэд 2008 онд хийсэн гэрээнээсээ татгалзан өөрчлөх шаардлага тавих болов. Монголд хэзээ нэг цагт орж ирсэн, ирээд гараад явсан, ирэх санаатай байсан 190 орчим компаниас хөрөнгө оруулалт хийх сонирхлыг нь асуухад 140 нь Оюутолгойг харна гэсэн байна. Оюутолгойд хөрөнгө оруулагчид ч илэрхий давуу талаа ашиглаад одоо тэд хүлээж авахад үнэхээр хэцүү шаардлага тулгаад эхлэв. Наймаа хийж байгаа хэн ч өөрийн давуу талыг ашиглаж таарна даа. Тэр том нөлөөтэй, дэлхийн хамгийн том компани Монголын найдваргүй тухай Засгийн газрынх нь тэнэглэлийн тухай сурталчлагч болж хувирав. Манай дарга нар юу ч тайлбарлаад хэнд ч сонсогдохгүй. Бүх бурууг монголчууд руу чихэж байна. Үүнийг нь нотлох “бөлдгөн толгойтын” хангалттай үг материал, үйлдэл богоон богооноороо бий. Үгүй дээ л дүүргийн татварын байцаагч гүйж очоод 140 сая долларын торгууль тавьчиж байгаа юм. Цаадуул нь басамжлаад хэдэн чингэлэг бичиг баримт авчраад шалга л даа гээд дэлгэчих жишээтэй. Шалгалтынхан компьютерт итгэхгүй, заавал анхан шатны баримт үзнэ гээд байхаар нь тэр шүү дээ. Манайхан болохоор уул шиг овоолсон бичиг дундаас нь “мэргэжилтэн нь нохойгоо эмчлүүлсэн байна”, “дэндүү үнэтэй зочид буудалд хоносон байна”, “гадны тогоочоор хоол хийлгэж” гэх мэтийн юм олжээ. Энэ бүх “зөрчлийн” нийт үнэ нь ганц сая доллар хүрэхгүй. Гэтэл хоёр тэрбум долларын зарга хийгээд яваа юм шүү дээ.
Хамтарч ажиллаад аль аль тал ашиг олъё гэж тохиролцчихоод хүн муу хэлээд ч яахав. “Монголоос ашиг л олох гэж байгаа юм, түүнээс биднийг харж үзэж туслах гээд байгаа юм биш” гэсэн дээдсийн үг ёстой үнэн, харин гомддог нь буруу байхгүй юу даа. Ашиг олохгүй юм бол энэ хорвоогийн мухарт мөнгөө барьж ирдэг мунхаг хаана байхав. Биднийг ер нь харж үзээд яах юм бэ, бид энэ хорвоогоос авлагатай учир заавал харж үзүүлж байх ёстой юм уу? Аль аль талдаа ашиг гаргаад хамтарна гэдэг бол бизнес. Бизнес л энэ хорвоог хөдөлгөж байгаа гол механизм.
Саяхан гадны экспертүүд ирээд эдийн засгийн судалгаа хийсний дүнд өнөөдөр Монголд тохиолдоод байгаа хямрал нь гадны хүчин зүйлээс болоогүй, зөвхөн өөрсдийнх нь ааш авираас болж байна гэсэн нэгэн утгатай хариу гаргажээ. Өнөөдөр Алтанхуягийг, шинэчлэлийн Засгийн газрыг нийтээр хараан бүхий л бурууг чихэж байна. Буруутангаа олчихоор л эдийн засаг сайжрах юм шиг. Үнэндээ энэ хямралын буруутан нь бид бүгдээрээ. Бүр гурван саяулаа. 2004 оны сонгуульд хоёр голлох нам бүх төрлийн мөнгө уралдан амлаж эхэлсэн. Хүүхдийн, хуримын, ахмадын, төрсний гэх мэт ердийн биологийн үйл явцууд өндөр шагналтай болсон. Дараа нь ч утгаа алдсан даа. Монголын хүн болгон эхлээд 70 мянга, дараа нь 120 мянга, дараа нь сар бүр 22 мянгыг авч идээд жорлон руу асгасан. Тэгээд цаана нь АН-ын амласан хүний сая, МАН-ы бүлтэрсэн сая хагас… Мөнгө амласан болгонд өвчтэй эрүүл нь хамаагүй төрөө атгуулсан. Нийтдээ сүүлийн 10 жилд дөрвөн тэрбум доллар бэлнээр нь тараасан шүү дээ. Дээр нь ямар ч хэрэггүй хөрөнгө оруулалтыг ёстой цацаж өгсөн. Зургаан тэрбум долларыг шал хэрэггүй юманд зарцуулсан. Дор хаяж шүү. Цэцэрлэг үнэгүй, сургуулийн хүүхдийг үнэгүй хооллоно, оюутны төлбөрийг төр даана. Ер нь л төрийн бүх үйлчилгээ үнэгүй. Үнэ тогтворжуулах төслүүд бүүр ч аймаар. Монгол улс түүхэндээ ингэж баярхаж үзсэн үү? Улс баяжаад ирэхээр хувийн компаниуд дагаж хөөрөн 10 гаруй тэрбум долларын зээл тавьсан. Төр ч бонд гаргаж түүгээрээ цалин тавиад эхлэх шив дээ. Улс орны эдийн засгийн тулгуур объектуудыг төр атгачихаад бизнесч царайлаад суучихаар авлига замаа алдсан.
Мөнгөтэй болохоороо хуримтлалыг огоорон байдгаа цацаж тансагладаг монгол заншил оргилдоо хүрлээ. Хүмүүс худалдаж аваад байгаа учраас л өргөн хэрэглээний барааны үнэ дэлхийн хамгийн баян улс Америкийнхаас 2-3 дахин их болжээ. Хүнээсээ олон гар утастай, өрхөөсөө олон автомашинтай боллоо. Нөөцийн мах, хямд архийг хэн ч тоохоо болив. Хөөрөг, хурдан морины ханш тэнгэрт туллаа. Биеийн хүчний ажил хийх хүн олдохоо болив. Зарлагдаж байгаа 10 ажлын байрт хоёр хүн олдвол их юм. Нийт хүн амын гуравны нэг, 35-аас дээш насныхны гуравны хоёр нь жингийн хэтрэлттэй, хэт таргалалттай гэсэн оноштой болжээ. Тэгсэн мөртөө л бүхий л мэдээллийн хэрэгслээр монголчууд ядуураад турж үхэж байгаа тухай чих хууртал ярина. Шинэ баян цээж өвчтэй гэж ярьдаг л даа, гэхдээ баяжлаа гээд амиа хорлож болохгүй шүү дээ.
Одоо засгаа огцруулчихлаа. Шинийг томилж таарна. Энэ орон дан галзуучуудаас бүрдээгүй. Улс төрийн бүх намууд нийлж аль шилдгээ нийлүүлэн Засгийн газар байгуулж хямралаас гарах хэрэгтэй байна. Нэгэнт хямрал гаднаас биш зөвхөн биднээс өөрсдөөс маань болж байгаа юм бол хамтраад л засах хэрэгтэй мэт. Яагаад гэвэл энэ алдаа эндэгдлийг шударга ба шударга бишүүдтэйгээ, эх оронч ба урвагчидтайгаа, шар хадныхан ба ердийн эрүүлүүдтэйгээ, засаг төртэйгээ нийт ард түмэн маань нийлж байгаад хийсэн шүү дээ. Өнөөгийн ертөнцөд улс төрийн намгүй төрийн тогтолцоо гэж байхгүй. Нам бол төрийн, тэр дундаа ардчилсан төрийн тулгуур багана. Намгүй болоод нэг үзье гэж эх орноо дахин нэг аймаар туршилт руу түлхээд яахав. Байгаагаа тордох, болохгүй бол шинийг байгуулаад л явахаас. Улс төрийн нам төлөвшихгүйгээр төр төвхнөхгүй. Нам бол орчин үеийн төрийг бүтээх гол инстүүц. Намаар дамжиж төрийн инстүүц бүрддэг. Намыг ард түмэн өөрснөө л бий болгодог. Хошногоо өмхий гэж тайрдаггүй.
2014.11.8