Хүүхэд байхдаа хүйтэн дайн гэдэг үгийг радиогоор хамгийн их сонсдог байж билээ. АНУ-ын Ерөнхийлөгч Рональд Рейган гээд их муу хүн юм, удахгүй биднийг пуужингаар бөмбөгдөх юм байна гэсэн мэдээллийг үргэлж сонсдог байлаа. Ямартаа л хичээлдээ явсан хойгуур пуужин харваж, эмээгээсээ хол үхчих вий гэж айсандаа “Туулын усанд хамтдаа очоод үйчихье” гэж эмээдээ хэлж байхав. Тэр үеийн хүүхдүүд мэдээллээр бөмбөгдөлцөж, эчнээгээр нэг нэгнээ айлгадаг хүйтэн дайны зах зухыг сайн мэдэх хүмүүс. Ерээд оноос хойш ийм байдал бидний мэдэх хүрээнд лав алга болсон байлаа. Харин сүүлийн үед хүйтэн дайн хэдийнэ эхэлсэн талаар олон улсын судлаачид онцлох болов. Үнэндээ ч Украин Оросын асуудал дэлхийд хүйтэн дайныг албан ёсоор сэргээсэн гэлцдэг.
Хэдхэн хоногийн өмнө буюу энэ сарын 16-ны өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины “Арми-2015” экспо үзэсгэлэн дээр хэлсэн үг хүйтэн дайн хэрхэн газар авч хурцадсаныг албан ёсоор баталлаа. Бараг л хүйтэн байтугай халуун дайн болж, зэвсэгт мөргөлдөөн эхлэх гээд байгаа юм уу гэхээр л үйл явдал өрнөв. Тэрбээр НАТО-д ухаарал өгөх үүднээс ОХУ зэвсэгт хүчнээ хамгийн сүүлийн үеийн, шинэ технологийн, тив хоорондын 40 гаруй пуужингаар нэмж байгаагаа мэдэгдсэн билээ. В.Путин “Манай пуужинг агаараас хамгаалах ямар ч зэвсэг техник дийлэхгүй” хэмээн бардам ам гарсан нь анхаарал татаж байгаа юм. Мөн “Хэн нэгэн Оросын газар нутгийг маань цохилтынхоо бай болговол тэдэн рүү бид өөрийн зэвсэглэлээрээ хариу онилно” гэж хатуу мэдэгдсэн байна. Хамгийн сүүлийн үеийн зэвсэгт техникээрээ гайхуулсан “Арми-2015” экспо үзэсгэлэнд тавигдсан “олон бүтээл”-ээр арми ангиа хангана гэж мэдэгдлээ. Энэ дунд Ялалтын баярын парадад үзүүлж байсан алдарт “Армада” танк ч байгаа юм.
Нэг ёсондоо В.Путин энэхүү мэдэгдлээрээ барууны холбоотны эсрэг цусгүй дайныг зарлачихлаа. Үүнд нь хөөрч баярласан оросууд сүүлийн өдрүүдэд овоо хэдэн лонх хоосолж байх шиг байна. Үнэндээ оросууд өөрсдийнх нь эсрэг аваад байгаа барууны эдийн засгийн хориг арга хэмжээнд тун дургүй байгаа. Энэ хориг арга хэмжээ энгийн иргэдийн амьдралыг сөхрүүлчихээд байгаа билээ. Гэхдээ орос хүмүүсийн мөн чанар нь эх орон гээд цээжээ дэлдчих юм бол яаж ч өлсч, яаж ч зовж байсан чигээрээ улсууд гэдгээрээ бусдаас ялгаатай. Одоо өөрсдийгөө буланд шахуулж байна гэж бодож байгаа оросууд Ерөнхийлөгчийнхөө хэлсэн үгэнд хөөрч догдолж, Орос гэж ямар агуу орон гэдгийг батлахыг хүсч байна. Оросууд Крымыг авсны дараа алс Дорнодод хүртэл захын орос айл баяраа тэмдэглэж байсан гэдэг. Тэд үзэл суртлаар хүмүүжиж сураагүй улс биш дээ, эх орон, аугаа удирдагчаар бахархах хүмүүжил нь дорхноо сэдэрч байгаа юм. Крымын хэрэг явдлын дараа Путины нэр хүнд гадаадад унасны хэрээр Оростоо асар өсөх болов. Харин уржигдрын урьд өдөр хэлсэн үг нь түүнийг Орост бүр баатар болголоо. В.Путин “НАТО манай хилд ойртсоор байна. Харин бид тэгээгүй ээ. Орос орон Европын орнуудад занал учруулаагүй. Харин тэдний аюулгүй байдлын баталгаа нь төвийг сахих явдал болно хэмээн санууллаа.
Үүнтэй нь зэрэгцүүлээд барууны орнууд хариу мэдэгдлүүд гаргаж байна. АНУ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Жон Керри “Үр дагаврыг нь тооцоогүй мэдэгдлийг хүчирхэг гүрний удирдагчаас сонсох учиргүй” хэмээсэн. Тэд бодит амьдралаас хол мэдэгдэлд итгэхгүй байх нь зөв гэсэн байр суурьтай байгаа юм. АНУ-ын зүгээс дасгал сургуулилт хийлгэх нэрээр нэлээд эртнээс Европ руу Б-22, Б-52, Ф-15, А-10 онгоцуудыг илгээсэн бөгөөд сүүлийн үед сөнөөгч Ф-22-ыг явуулахаар болжээ.
Ерөнхийдөө сүүлийн үед аль, аль талд хэвлэл мэдээллийн хэрэгслээр тэр загварын онгоцыг Сирийн дайн, Украины мөргөлдөөнд ашиглаж байсан ийм хүчин чадалтай гээд л бичигдэх болсон. Хэвлэл бол яах аргагүй хүйтэн дайны том зэвсэг байдаг. Угаасаа он гарсаар Орост цензурт оролгүйгээр ямар нэгэн мэдээлэл цацагдахаа байсан билээ. Бүхий л хэвлэл мэдээлэл Крымлийн мэдэлд байгаа гэж болно. Үнэхээр үнэн бол В.Путиний хийсэн мэдэгдэл ноцтой гэхэд дэндүү ноцтой. Хэрэв үйл явдал энэ чигээр өрнөөд явчихвал дайн гарах нь тодорхой байгаа юм. Гэхдээ бодит байдлыг үнэнээр нь дүгнэвэл дайн юу юугүй гарчихааргүй. Харин В.Путиний мэдэгдлийг эдийн засгийн хүндрэлийг эх оронч үзлийг дэврүүлэн давж гарах гэсэн оролдлого гэвэл илүү үнэний талтай. Өөрөөр хэлбэл тэр дээрх мэдэгдлээ гадаад ертөнцөд бус харин өөрийн орны иргэддээ хүргэхээр хэлсэн үг. Ер нь эдийн засгийн хүндрэлийг патроизмаар давах онол гэж бий. Ийм аргыг дэлхийд Хойд Солонгос, Куба хэрэглэдэг. Харин одоо Орос араас нь орж байна. Оросуудад дэлхийн дайнуудыг нь сануулж, аугаа Ялалтаар нь бахархуулж, В.Путинээр үе, үе ийм ширүүн үг хэлүүлээд байвал ямар ч хэцүүг давж чадах л хүмүүс. Түүнээс амьдрал дээр тийм олон тооны зэвсэг техник байхгүй болов уу. Мэдээж, үзүүлэнгийн хэмжээнд байгаа ч арми, ангийг хангана гэдэг боломжгүй гэж үзэгсэд олон байна. Тэгээд ч зэвсэг техникийн тал дээрх баримт бичгүүдэд зааснаар 2020 он хүртэл нэмэгдэх ямар ч боломжгүй юм билээ. Дээрээс нь Оросын өнөөдрийн эдийн засгийн байдал халуун байтугай хүйтэн дайн хийхэд ч хэцүүхэн байна.
Ямартай ч олон улсад ийм нэгэн байдал үүсчихээд байна. Социализмийн үеийн хүйтэн дайны гол мөргөлдөгч талуудын дунд дахин мөсөн хонгил сэвэлзэж, хоёр талаас хатуу үгээ хэлж байна. Уг нь хүйтэн дайнаас хойш дараагийн зуун гарчихаад байхад юун хүйтэн сэрүүн дайн л баймаар байх юм даа.