Шинэ оддын гялалзах мөч
1982 оны гуравдугаар сарын 29. АНУ-ын коллежийн лигийн шигшээ тоглолтод Жоржтаун “Хояас” баг Хойд Каролина “Тар Хийлс” багтай тунаж үлдэж байв. Нью-Орлинс хотод зохион байгуулагдсан энэ тоглолтыг ордонд 61,612 хүн үзсэн бөгөөд шууд дамжуулалтыг 17.6 сая хүн үзэж байжээ. Тоглолт дуусахаас 20 секундийн өмнө Жоржтауны баг 1 оноогоор тэргүүлж явсан бөгөөд 15 дахь секундэд Хойд Каролина “Тар Хийлс” багийн 23 дугаартай тоглогч дундын зайн шидэлтийг амжилттай хийж, аварга болж байв. Энэ 23 дугаартай тоглогчийн нэрийг Майкл Жордан гэдэг. Тухайн үед Майкл Жордан бидний мэдэх сагсан бөмбөгийн домогт тоглогч биш Жэймс Уорти, Сэм Перкинс гэх мэт багийнхаа од тоглогчдын араас орох тоглогч байв. Энэ түүхэн шидэлтийн дараа түүний багтаа эзлэх байр суурь үлэмж хэмжээгээр ихсэж, дундаж оноо нь 13-аас 20 болж нэмэгдэн, хэвлэл мэдээллийн анхаарал ч түүн дээр төвлөрөх болжээ. Энэ мэтчилэн АНУ-ын мэргэжлийн сагсан бөмбөгийн ирээдүйг тодорхойлох залуу одод уг тэмцээнээс төрдөг бөгөөд үзэгчдийн хувьд шинэ нүүр царай, шинэ тоглогчидтой танилцах нь сонирхолтой байдаг аж.
Хамтдаа илүү хүчтэй
АНУ-ын Коллежийн сагсан бөмбөгийн тэмцээн тус улсын иргэдийн хувьд зүгээр нэг спорт, зугаа цэнгэл гэхээс илүү нэгдмэл байдлын илрэл, ондоошил нь болж байдаг. Тухайн их сургууль болон бүс нутгийн өв соёл, үнэт зүйл, онцлог зэрэг нь цөм коллежийн багтаа шингэсэн байдаг гэсэн үг. Жишээ нь:
- Нью Мексикийн их сургуулийн Лобос баг тус бүс нутагт оршин суудаг Латин Америк гаралтай хүмүүсийг илтгэх бөгөөд багийн нэр нь ч Испани хэлээр чоно гэсэн утгатай аж.
- Флорида мужийн их сургуулийн баг тухайн нутгийн уугуул иргэд болох семинолчуудтай гэрээ хийж, тэдний нэр болон онцлогийг ашиглан брэндээ хөгжүүлж байв.
- Оклахома муж нь ферм, мал аж ахуйн соёл өндөртэй бөгөөд үүнийгээ даган их сургуулийн багаа “Оклахома мужийн кобойчууд” хэмээн нэрлэжээ.
Дээрх жишээнүүдийн адилаар коллежийн багууд тухайн хот, бүс нутаг, мужийнхаа ондоошлыг олон нийтэд сурталчилж байдаг бөгөөд үүгээрээ дамжуулан хөгжөөн дэмжигчдэдээ хамтын мэдрэмж өгч, эв нэгдлийг нь улам бэхжүүлж байдаг.
3. Заналт дайснууд
Олон жилийн турш тасралтгүй өрсөлдсөөр ирсэн багууд заналт дайснууд шиг л болсон байх бөгөөд тэдний өрсөлдөөн уг тэмцээнийг илүү сонирхолтой болгодог. Тухайлбал, Дьюкийн их сургууль болон Хойд Каролинагийн их сургуулийн хоорондох “Цэнхэр цустнуудын тулаан” зөвхөн коллежийн сагсан бөмбөг бус АНУ-ын спортын түүхэн дэх хамгийн үзүүштэй тулаануудын нэгд тооцогддог. Уг хоёр сургууль анх 1920 онд учраа таарч тоглож байсан ба тэр цагаас хойш нийт 262 удаа бие биеийнхээ эсрэг талбайд гарч байв. Улмаар 100 гаруй жил хуримтлагдсан сэтгэл хөдлөл, үзэн ядалт зэрэг нь тэдний өрсөлдөөнийг кино шиг болгох аж. Үүн дээр үнэнч хөгжөөн дэмжигчид нь нэмэгдсэнээр уг тэмцээнийг спортын тоглолт гэхээсээ илүү муж хоорондын “нөхөрсөг дайн” болгон хувиргадаг.
4. Үнсгэлжингийн үлгэр
“Гуравдугаар сарын галзуурал” буюу хасагдах шатны тоглолтууд АНУ-ын спорт сонирхогчдын шар үсийг босгож, хүйтэн хөлсийг цувуулдаг бас нэгэн шалтгаан бол хэн ч хэнийг ч хожиж болдог систем юм. Энэ тэмцээнд амжилтаараа шигшигдсэн 68 баг оролцож, “Хож эсвэл гэртээ харь” гэх дүрмийн дагуу нэг л тоглолтоор хувь заяагаа шийддэг. Нэг тоглолтын үр дүн хаашаа ч эргэх боломжтой учир амжилтаараа дээгүүр эрэмбэлэгдсэн баг өөрөөсөө доогуур багт хожигдож, тэмцээнээ өндөрлөх үе ч цөөнгүй бий. Жишээ нь, 2018 онд түүхэндээ анх удаа 16-р байрт жагссан баг 1-р байрт жагссан багийг хожсон тохиолдол гарч байв. Энэ мэт төсөөлшгүй үр дүнгүүд өрсөлдөөнийг улам ширүүн болгож, үзэгчдийг суудлаас нь өндөлзүүлэх хүчин зүйл болдог ажээ.
Төгсгөлд нь
Ийм шалтгааны улмаас АНУ-ын коллежийн сагсан бөмбөг Үндэсний сагсан бөмбөгийн лигээсээ дутахааргүй нэр хүндтэй байдаг. Зөвхөн тамирчид, арын албаныхан гэлтгүй хөгжөөн дэмжигчид ч энэ тэмцээний амин сүнс болж, тоглолтын үр дүнд нөлөөлөх боломжтой.
Сүүлийн жилүүдэд манай улс ч багийн спортод чамлахааргүй амжилт үзүүлэх болж, түүнийг нь дагаад хөгжөөн дэмжигчдийн тоо эрс нэмэгдэж байна. Нэн ялангуяа Монголын Оюутны лигийн шигшээ тоглолтууд зохион байгуулагдах гэж буй энэ цаг мөчид бид сагсан бөмбөгийн соёл гэх зүйлийн гүн рүү өнгийж, түүгээр дамжуулан олж авах боломжтой эв нэгдэл, баяр баясал, утга учрыг ойлгох нь нэн чухал билээ.
Go MonGOlia, Go for the WIN!
Тасалбар худалдан авахыг хүсвэл ЭНД ДАРНА УУ!