Categories
мэдээ спорт

Шилдэг шатарчид улсын аваргын төлөө өрсөлдөж байна

Архангай аймгийн Цэцэрлэг хотноо шатрын насанд хүрэгчдийн 2018 оны улсын аварга шалгаруулах тэмцээн болж байна.Шилдэг шатарчид ням гараг хүртэл оюун ухаанаа уралдуулна.

Эрэгтэйчүүдийн 58, эмэгтэйчүүдийн 50 дахь удаагийн УАШТ-д шилдэг 24 шатарчин өрсөлдөж байгаа бөгөөд тэмцээний хуваарийн дагуу өнөөдөр 7, 8 дахь өргийн тоглолт болно.

Шатарчид өчигдөр амарсан бөгөөд эртний хаадын өлгий арын сайхан хангай нутгийн үзэсгэлэнт байгалиар аялсан байна. Булган хайрхан, Жамганы булаг, Зая Гэгээний хийд буюу Орон нутаг судлах музей, Ганц модны рашаан, Цагаан даваа, Тайхар чулуу гээд арын хангай нутаг үзэсгэлэнт газруудтай билээ. Шатарчид амралтын өдрөөр байгалийн сайханд амарснаас гадна гольфын тэмцээнд ур чадвараа сорин өрсөлджээ. Энэ тэмцээнд Ү.Үүрийнтуяа түрүүлж, Х.Баярхүү удаалав.

Одоогоор 6 өргийн дараах байдлаар эрэгтэйчүүдийг олон улсын мастер С.Билгүүн 5.0 оноотой тэргүүлж байгаа бол Дэлхийн шатрын холбооны мастер У.Насанжаргал, олон улсын мастер Н.Баттулга, Г.Мөнхгал нар 4.5 оноотой удаалж байна.

Харин эмэгтэйчүүдээс ОУ-ын эмэгтэй Их мастер Б.Мөнгөнтуул 5.0 оноогоор ганцаараа тэргүүлж эхэлсэн бол ДШХМ Э.Хулан, ОУ-ын эмэгтэй Их мастер Т.Батчимэг, ДШХМ Т.Мөнхзул нар 4.0 оноотой нэхэж явна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *