Хоногийн хугацаанд зуслангийн чиглэлд айлууд хашааны шар өвсөө шатааж гал алдсан тав, орон сууцны хорооллын хогийн сувагт хог шатсан гурван дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Тухайлбал, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьтын Хоёрдугаар буудлын задгайд шар өвс шатаж байна гэсэн дуудлага 12:39 цагт ирсэн. Энэ дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн бүрэлдэхүүнийг очиход айлын хашааны хоёр га шар өвс шатаж байсныг шуурхай ажиллаж бүрэн унтраасан.
Мөн Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны Хоёрдугаар хэсэгт айл хашааны шар өвсийг шатааж, гал алдсан дуудлага ирснээр дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 11 дүгээр ангийн алба хаагчид очин 1.5 га шар өвс шатаж байсныг унтраажээ.
Нийслэлийн ногоон бүс, зуслангийн чиглэлд хуурайшилт ихтэй, түймрийн эрсдэл өндөр байгааг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байна.
Иймд иргэд та бүхэн ногоон бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлыг ханган, ил задгай гал гаргахгүй байх, гэр хороолол, зуслангийн чиглэлд айл өрхүүд хашааны шар өвсийг шатаахгүй, халуун үнс нурмыг таглаатай төмөр саванд хийж галын аюулгүй байдлаа хангахыг Нийслэлийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна.