Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин БНХАУ-ын Нийгмийг аюулаас хамгаалах яамны Тэргүүн дэд сайд Ван Шиао Хун тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
Монгол Улс нь БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцаа, тэгш эрх, харилцан ашигтай хамтын ажиллагааг урт хугацаанд тогтвортой хэрэгжүүлэх бодлогыг тууштай баримталж ирснийг Шадар сайд тэмдэглэв. Харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт өргөжин хөгжиж, улс төрийн итгэлцэл, харилцан ойлголцол гүнзгийрэн, Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоон хөгжүүлж байгаад сэтгэл хангалуун байдгаа илэрхийлэв. Мөн Монгол Улсын “Хөгжлийн зам” хөтөлбөр, БНХАУ-ын “Бүс ба зам” санаачилгыг уялдуулан хөгжүүлэх нь чухал гэж үздэгээ тодотгов. Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам, БНХАУ-ын НАХЯ хамтран гэмт хэрэг, тэр дундаа хар тамхи, хүний наймаатай тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр идэвхтэй ажиллана гэдэгт найдаж байгаагаа Шадар сайд Ө.Энхтүвшин хэлэв. Хоёр улсын, ялангуяа хууль сахиулах, аюулгүй байдлын байгууллага хоорондын харилцаа, хамтын ажиллагаа эрчимжиж байгааг БНХАУ-ын НАХЯ-ны Тэргүүн дэд сайд Ван Шиао Хун тэмдэглэв. Цаашид яамдын удирдлагуудын харилцан айлчлалын давтамжийг хадгалах, гэмт хэрэгтэй тэмцэх, мэдээлэл солилцох, хил орчмын хууль сахиулах, аюулгүй байдлын байгууллага хоорондын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргахын төлөө ажиллахаа илэрхийлэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.