Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан гуравдугаар сарын 1-нээс танхимын хичээлийг эхлүүлэх нь маш их эрсдэлтэй гэсэн байр суурийг УОК-ын өргөтгөсөн хуралдаанаар илэрхийлсэн байна.
БШУЯ-наас гуравдугаар сарын 1-нээс танхимын хичээлийг эхлүүлэх байр сууриа илэрхийлсэн тухай УОК-ын хэвлэлийн төлөөлөгч, Засгийн газрын ХМОНХХ-ийн дарга Ц.Ганзориг хэллээ.
Тэрбээр “Өчигдөр болсон УОК-ын өргөтгөсөн тавдугаар хуралдаанаар Шадар сайд танхимаар хичээллүүлэх нь хүүхдэд маш их эрсдэлтэй гэсэн байр сууриа илэрхийлсэн. Коронавирусийн эсрэг дархлаажуулалтын ажил энэ сарын сүүлээр эхэлнэ. Ингээд гурав, дөрөвдүгээр сард дархлаажуулалт үргэлжилнэ. Энэ нь нэг талаар эрсдэлтэй цаг хугацаа болох тул танхимаар хичээллүүлэх нь хүүхдэд эрсдэл үүсгэж байгаа юм” гэлээ.
Вакцинжуулалт эхлэх үед сургуулиудын танхимуудыг ашиглах талаар мэдээлэл байгааг тэрбээр үгүйсгэлээ. Энэ асуудлыг салбар яам дэмжихгүй байгаа бөгөөд вакцинжуулалтыг хийх танхим, хуваарь удахгүй гарна гэсэн юм.
Танхимын хичээлийг сонголттой эхлүүлэх салбарын сайдын саналыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж байна.